Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэж байна. Хэрэв үүнийг баталбал, Говь-Алтай, Ховд, Завхан, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий аймгийн 29 сумын нутаг дэвсгэр дэх 3.4 сая га талбайг тусгай хамгаалалтад авах юм.
Ингэснээр байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувийг хамгаалах ач холбогдолтой аж. Дээрх газруудад нутгийн цөөн малчин суурьшиж, уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж буй тул иргэдэд ямар нэг хүндрэл учруулахгүй гэж төсөл санаачлагчид үзжээ. Дээрх есөн аймгийн талбайг тусгай хамгаалалтад авснаар тус бүс нутгийн хэмжээ 2.1 хувиар нэмэгдэж 19.8 хувьд хүрэх аж.
Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 2007 оноос хойш ямар нэг өөрчлөлт оруулаагүй юм байна. Хамгийн сүүлд 2002 онд 16, 2006 онд гурван газрыг нэмж улсын тусгай хамгаалалтад авчээ.