Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх баруун бүсийн хэвтээ тэнхлэгийн авто зам барих төслийн хүрээнд засвар, арчлалтад шаардлагатай машин, механизм нийлүүлэх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээжээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ онд нийлүүлэх машин механизмыг замын засвар, арчлалт хариуцсан төрийн өмчит 15 компанид өнгөрсөн бямба гарагт хүлээлгэн өглөө.
Зам, тээврийн хөгжлийн яам 2019-2020 онд багтаан Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор ажиллаж байгаа аж.
Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 49 179.4 км-т хүрчээ. Үүний 14 918.3 км нь олон улс, улсын чанартай авто замын ангилалд багтдаг гэнэ. Авто замын өдөр тутмын бэлэн байдлыг жилийн дөрвөн улиралд төрийн өмчит 20, хувийн хэвшлийн найман байгууллага хариуцан ажилладаг юм байна.