Зургадугаар ангийн байгалийн ухаан хичээлийн сурах бичигт мазаалайн тухай бичсэн эхийг аав, хүү хоёр уншаад ийн ярилцаж байна. “Аав аа, мазаалай чинь саглагар үстэй, жижиг биетэй, хүрэн бор өнгөтэй биз дээ. Энд байгаа баавгай таргалчихсан юм уу” гэж асуув. “Өө, тийм байна” гэхээс өөр хэлэх үг аавд олдсонгүй. Учир нь тухайн эхийн зураг нь мазаалайгаас арав дахин том, аварга баавгайнх байсан юм. Монголд битгий хэл, дэлхийд ховордоод буй эл амьтныг мазаалай болгож хувиргах “шидэт дохиур” ганцхан манай боловсролын салбарт байдаг нь гайхалтай шүү. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн захын хуудаснаас иймэрхүү алдаа бэлээхэн олдоно. Нэг өгүүлбэр, эхэд уургийг-уургыг, найрын, найрийн, цэцгээс-цэцэгнээс, авчэрсан-авчирсан-авч ирсэн, эхэлбэл-эхэлвэл, сэргэн-сэргэнэ, жижихэн-жижигхэн гэх мэтээр олон янз, алдаатай бичих нь юу ч биш. Сурах бичиг зохиогчид нь зөв бичих дүрмээ сайн мэддэггүй, хоорондоо маргалдаж, эв зүйгээ олохгүй болохоороо нэг үгийг номын бүлэг тус бүрт өөрсдийнхөөрөө шивээд, хэвлүүлчихдэг “хор шартай” улс байдаг аж.
СТАНДАРТАА “НАМ ЦОХИСОН” НЬ
I-XII ангийн сурах бичгүүдийн үг, үсэг, найруулга, зураг, гарчгийн алдааг энд бичвэл бэх, цаас хүрэлцэхээргүй тул ингээд орхиё. Сургалтын хөтөлбөрийн хамгийн чухал зүйл бол мэдээж агуулга. Үүнийг сурах бичигт хэрхэн, яаж тусгаснаас хамаарч хүүхдийн мэдлэг, ур чадварын түвшин тогтох учиртай. Сурах бичгийн агуулга нь бага, дунд боловсролын цөм хөтөлбөртэйгөө уялдаж, авцалдахгүй байгааг бид өмнөх нийтлэлүүддээ цухас дурдсан. Шинэ хөтөлбөр яагаад төдийлөн хэрэгждэггүй, сурагчийн мэдлэг, чадвар болон сургалтын чанар жил ирэх тусам дордсоор байгаагийн нэг шалтгааныг энэ удаад тодруулахыг зорилоо.
Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандарт MNS 5418:2008 хэмээх бэлгэ тэмдэг төдий хэдэн хуудас цаас бий. БСШУСЯ-ныхан алдаатай боловсруулсан эл стандартаа 11 жил мөрдөхдөө огтхон ч “хотойгоогүй” юм даг. Тиймдээ ч номын зохиогч нар, хэвлэх үйлдвэрүүдийн эзэд, тэдэнд хяналт тавих эрх бүхий хүмүүс нь үүнийг бараг тоодоггүй гэхэд хилсдэхгүй. Уг нь дээрх стандартын тавдугаар хэсэг буюу сурах бичгийн агуулгад тавих шаардлагын 5.1.1-т “Агуулга нь танин мэдэхүйн хөгжлийн үе шат, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, боловсролын түвшин, анги, бүлэг, сэдэв хоорондын залгамж холбоог хангасан байна” хэмээн товч, тодорхой заасан байдаг аж. Гэвч цөм хөтөлбөр, үүний хүрээнд шинэчилсэн гэх сурах бичгүүдийн агуулга нь уг стандартыг хангахгүй байгааг багш нар хэлж байна.
Нийслэлийн 56 дугаар сургуулийн бага ангийн багш З.Баянжаргал “Ерөнхий боловсролын суурь мэдлэг бага, дунд ангид тавигддаг учраас сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгыг маш сайн боловсруулах ёстой. Сүүлийн жилүүдэд хөтөлбөр шинэчлэгдэх бүрт агуулга нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирохгүй, маш хүнд болсон. I-III ангийн хүүхдийн сэтгэх чадвар сул, аливаа юмыг хийх, хүлээж авах дадал суугаагүй байдаг. Олон улсад нэг анги 10-20 хүүхэдтэй, тэднийг сургууль дээрээ өнжиж, хичээлээ судлах, өөрийгөө хөгжүүлэх бүх л бололцоог тухайн улс нь хангадаг. Харин Монголын нөхцөлд нэг анги 50-60 сурагчтай, гурван ээлжээр хичээллэдэг учраас хөтөлбөртөө дарагдан, сэдвээс сэдвийн хооронд уралдах зуурт хүүхдүүд маш олноороо хохирч, хоцорч байна. Тухайлбал, бага ангид учир шалтгааныг тайлбарлах тухай хичээлийг ердөө зургаахан цаг үздэг. Энэ хугацаанд тухайн эхийн учир шалтгааны дарааллыг тогтоох, зохиолын баатруудын үйл явдлыг хөөх, дүрүүдийн орчны нөхцөлийг өөрчилж унших, орчныг тодруулах зэрэг хүндэдсэн даалгавруудтай. Үүнийгээ VI-VII ангид дахиад л үздэг. Энэ нь анги хоорондын залгамж холбоо муу байгааг гэрчилнэ. Орчин үед том, жижиггүй эх хэлээрээ зөв бичиж чадахаа болсон нь боловсролын тогтолцоо уруудсаны тод жишээ” гэж ярилаа.
8-9 НАСТАЙ ХҮҮХДҮҮДЭЭР ЗОХИОЛ ЗАДЛАН ШИНЖЛҮҮЛДЭГ
Зургаан настай хүүхдэд монгол хэлний хичээлээр уншсан үлгэрээ энгийнээр үнэлж бичих тухай заадаг гэх. Нэгдүгээр ангид үлгэр бүрэн уншиж, ойлгох хүүхэд хэр олон бол. Тэгвэл II ангид талархал, мэндчилгээ бичүүлж, шүлэг, ертөнцийн гурав, бяцхан эх, үлгэр, өгүүлэл зохиолгодог талаар З.Баянжаргал багш толгой сэгсрэн хэлж байв. Харин III ангийн хүүхдүүдээр олон зуун хуудастай ном уншуулж, тэмдэглэл бичүүлдэг аж. Гэхдээ уншсан зохиолоо тогтоож, утгыг нь ойлгож уншсан уу, эсвэл гүйлгээд өнгөрч байна уу гэдэгт асуудал урган гарна. Том зохиолын гол утга, учир шалтгаан, баатруудын дүрийн зөрчил зэргийг ухаж ядан байхад хүүхдэд ойлгогдохооргүй олон үг, хэллэгтэй. Ийм шалтгаануудаас болж 50 хүүхдээс 4-5 нь л дээрх дасгалуудыг хийж чаддаг байна. Багш нарын хэлж буйгаар эхлээд үгийн утгыг ойлгож, далд утгыг мэдсэнээр хүүхэд холбоо үг үүсгэн түүнээсээ өгүүлбэр зохиож, дараа нь шүлэг, эх зохиох чадвар суудаг аж. Гэтэл найман настай сурагчид уншсан эхээ нэг өгүүлбэрт багтаан хураангуйлах, өмнө нь огт уншиж байгаагүй, хүнд агуулгатай өгүүллүүдийг дарааллаар нь зөв байрлуулах зэрэг хүүхэд байтугай том хүн эргэлзэж тээнэгэлзэх дасгал, даалгавруудаар “булдаг” гэнэ.
...Үг, үсэг, утга найруулга, логикийн алдаатай, хүнд жинтэй, агуулга нь хүндэдсэн, ямар ч сонирхолгүй зураг, тексттэй, дизайн гэж авах юмгүй сурах бичгүүдээр өнөөгийн хүүхдүүдийг ширээний ард “хүлж”, боловсрол олгоно гэвэл том эндүүрэл. Наад зах нь зургаан настай хүүхдийн нэг удаагийн анхаарал төвлөрөх хугацаа 10 минут байдгийг бодолцон, агуулга, хөтөлбөрөө боловсруулахаас энэ салбарын шинэчлэл эхлэх учиртай...
8-9 настай хүүхэд зохиол уншаад түүнийгээ задлан шинжилнэ гэдэг ахадсан ачаа биш гэж үү. I-III ангид монгол хэлний маш олон ай үздэг юм байна. Зөв бичих, эх зохиох санаагаа олох, төлөвлөх, бичсэнээ хянаж сайжруулах, янз бүрийн зорилготой эх зохиох, түүнээсээ өгүүлбэр сонгон бичих, үгийн сангаа баяжуулах гээд. Энэ мэтчилэн өдөр бүр шинэ хичээл үзэх бүрт нэг ангид 5-10 хүүхдээс бусад нь ойлгохгүй хоцордог, энэ хэрээр хүүхдүүдийн сурлагын түвшин буурсаар байгааг багш нар дуу нэгтэй хэлж байлаа. Энэ нь Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандартын 5.1.2-т заасан “Боловсролын стандартын цогц чадамжийн ай бүрийн агуулгыг суралцагчийн танин мэдэхүйн түвшинд бүрэн эзэмших боломжтой, тэдний мэдлэг, бүтээх үйл ажиллагаа нь үр өгөөжтэй байхаар сурах бичгийн агуулгыг сонгоно” гэсэн хэсгийг зөрчсөн үйлдэл аж.
Тооны хичээлээр хүүхдүүд хүрд цээжлэх аргаа олохгүй, хөглөх болжээ. Хуучных шиг хүрдийг нэгэн хоёрын хоёр, гурван долоо 21, дөрвөн тавын 20 гэж уншихаа больсон байна. Нэгэн гурав, таван гурав, нэгэн хоёр, дөрвөн хоёр гэх мэтээр дуудан, гурвын тоо таван удаа орсноор 15 болно хэмээн задалж заах болж. Энэ нь өмнөхөөсөө улам төвөгтэй, хүүхдүүд ч толгой нь эргэн, учрыг нь олдоггүй гэнэ. Түүнээс гадна III ангид зөрүү тооцох, хөдөлгөөн, худалдааны гэсэн өгүүлбэртэй бодлого үзэх шахуу хөтөлбөртэй. Хөдөлгөөнийх нь дотроо огтлолцох, гүйцэж түрүүлэх, зэрэгцэх гэж задардаг бол худалдааных нь нэг бүрийн үнэ, тоо ширхгийг, бүгдийг олох гээд олон янзаар бодуулдаг аж. Багш нар алийг нь голчилж заах учраа олохгүй, сурагчид ч сайн ойлгож, дадаагүй байхад хичээлийн цаг нь дуусаж, хаагддаг байна. VI ангид үздэг байсан зарим хичээлийг I-V ангийн хөтөлбөр рүү шахаж, хүндрүүлсний уршгаар хүүхдүүд ийн дааж давшгүй ачаалал, нас, сэтгэхүйдээ тохироогүй дасгал, даалгавар гүйцэтгэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Энэ нь нөгөөх л “галзуу” ганц стандартын 5.1.9 дэх “Агуулгын багтаамж, бүтэц нь сургалтын төлөвлөгөөнд нийцэж, хичээлийг төлөвлөх, зохион байгуулах нөхцөлийг хангана” гэх шаардлагыг мөрдөөгүй хэрэг. Тиймээс сурах бичгийн агуулгыг багасгаж, сайжруулахгүйгээр бага ангийн багш болон сурагчийн ачааллыг бууруулах тухай ярих эрт байна.
ЧАНАРГҮЙ СУРАХ БИЧИГ БАГШ ТӨВТЭЙ СУРГАЛТ ШААРДАНА
БСШУСЯ, Боловсролын хүрээлэн бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад өнгөрсөн хоёрдугаар сард тандалт хийж, багш, сурагчийн ачааллыг бууруулах талаар ярьж эхэлсэн. Дээрх судалгаанаас харахад сургалтын төлөвлөгөөнд ижил цагаар судалж буй хичээлийг бага ангийнхан 2.5-3.3, дунд ангид 2.1-2.8, ахлах ангийн сурагчид 1.5-2.7 цаг үзэж буй нь хөтөлбөрийн агуулга харьцангуй байгааг харуулна. Мөн дунд ангид газар зүй, зураг, мэдээллийн технологи, химийн хичээлийн агуулга их, цагтаа багтахгүй байгаа аж. Бүх хичээл эх сурвалж шинжлэх, график, диаграмм дээр ажиллах, туршилт, анхан шатны эскиз хийх, бүтээл, зураг төсөл гаргах, түүнийгээ засаж сайжруулах, шинжлэх ухаанч, зөв арга барил эзэмшихийг сурагчаас шаардаж буй ч сургалтын хэрэглэгдэхүүн хомс байгаа нь цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж буйг дээрх судалгаанд дурджээ.
Сурагчид VII ангиасаа түүх үзэж эхэлдэг. Ингэхдээ дэлхий дахиныхыг түрүүлж судалдаг юм байна. Дөнгөж түүхийн мэдлэг эзэмшиж буй тэдэнд энэ нь дэндүү хүнд, ойлгомжгүй байдгаас гадна том сэдвүүдийг товчлон хуулуулах байдлаар хичээл заадаг аж. 2014 онд түүхийн номыг шинэчлэхдээ VI-VII ангид үзнэ гэж төлөвлөсөн ч удалгүй сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж, 12 жилийн тогтолцоонд шилжсэн байна. Тиймээс хоёр жил үзэх ёстой хөтөлбөрийг VII ангид шахжээ. Түүгээр ч зогсохгүй агуулга, сэдэв бүрийн даалгавар ойлгомжгүй, ямар ч сонирхолгүй, сурагчид бие даан ажиллах, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжгүйгээр бүтээжээ. 2006 оны хэвлэлтээс өөрчилсөн зүйл нь долоон бүлэг сэдэвтэй байсныг дөрөвт багтаан хураангуйлсан, хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон танин мэдэхүйн дасгал, зохиомж, агуулгагүй, үргэлжилсэн текст аж. Албаныхан цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагч төвтэй тогтолцоонд шилжсэн гэх ч сурах бичгүүдийн энэ мэт агуулга, сургалтын хэрэглэгдэхүүний хомсдол зэрэг нь багш төвтэй сургалт шаардсаар байгаа нь харамсалтай.
Мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед хоёр, гуравхан настай багачууд хүртэл ухаалаг утас чөлөөтэй ашиглаж, хүссэн сувгаараа хүүхэлдэйн кино үздэг болсон. Өөрөөр хэлбэл, цагаан толгойн номын зураг хүүхдүүдийн анхаарлыг татаж, төвлөрүүлдэг байсан хуучны цаг ард хоцорсон. Үг, үсэг, утга найруулга, логикийн алдаатай, хүнд жинтэй, агуулга нь хүндэдсэн, ямар ч сонирхолгүй зураг, тексттэй, дизайн гэж авах юмгүй сурах бичгүүдээр өнөөгийн хүүхдүүдийг ширээний ард “хүлж”, боловсрол олгоно гэвэл том эндүүрэл. Наад зах нь зургаан настай хүүхдийн нэг удаагийн анхаарал төвлөрөх хугацаа 10 минут байдгийг бодолцон, агуулга, хөтөлбөрөө боловсруулахаас энэ салбарын шинэчлэл эхлэх учиртай.