Хувиараа ашигт малтмал олборлогчид олон тооны орд, илэрцийг сэглэж, авахад, бас хаяхад хэцүү болгож байгааг анхаарах цаг болсныг салбарынхан сануулж байна.
- Бичил уурхайчид 75 хувиас бага агуулгатай жоншийг шууд хаяж байгаа нь асар их уршиг дагуулж байна –
Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугаарт
Дундговь аймгийн Луус сумын Шаргал нэртэй газраас бичил уурхайчид ганцхан сарын дотор 2400 тонн жонш олборлосон гэсэн тайлан гарчээ. Тэд асар богино хугацаанд техникийн хүчээр ийм хэмжээний жонш олборлож, дунджаар 600 сая төгрөгийн борлуулалт хийж амжсан. Хэрвээ нөхөрлөлийн гишүүд өөр хоорондоо газраа булаалдан, тэмцэлдэн маргалдаагүй бол дээрх тоо өдгөө бараг хоёр дахин үржсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд баяртай сууна. “Чамлахаар чанга атга гэдэг дээ. Гайгүй хэдэн төгрөг хийсэн” хэмээн хувиараа жонш олборлогчид бахархаж байна. Монголын нэг ч гэсэн иргэн, нэг ч гэсэн гэр бүлийн орлого нэмэгдсэн олзтой сар байжээ. Буруутгах арга алга.
Харин одоо эсрэг талын хөшгийг нээе. Хэвлий дэх баялгаа төнхүүлж, эрэмдэг зэрэмдэг болсон, элэг, бөөр, гэдэс, ходоодоо тайрч таслуулсан БАЙГАЛЬ ЭХ уйлан хайлж байна. Чулуулаг, хөрс шороог нь хэдэн зуун удаа тонн тонноор нь ухаж зөөсөөр хоосолж орхисон БАЙГАЛЬ ЭХ-ийн хэвлийг хэрхэн, хэзээ дүүргэж тэгшитгэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. “Байгаль дэлхий, ус ургамал, газар шороо бүгд бидэнтэй адил амьтай юм шүү дээ. Нутгийн минь нэг уулыг, гүдгэр байсан газрыг ийм болтол нь хонхойлгож, нүх болгоод хаячихлаа” гээд Дундговь аймгийн Луус сумын малчин Б.Жамъянгарав харуусав.
АМИНЫ ҮНЭТЭЙ ЧУЛУУ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллүүдийг сөхөөд нэг хараарай. Үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын тоо сар, жил тутамд тогтмол бүртгэгдсээр байна. Ийм ослоор эндсэн хүмүүсийн дунд нүүрс, жонш, алт гээд хувиараа ашигт малтмал олборлогчид багтдаг юм. Дорноговь аймагт гэхэд шороонд дарагдаж, ухсан нүхэнд осолдож эндсэн хүний тоо хэдэн жилийн өмнө нэжгээдээр тоологдож байв. Тэгвэл одоо Луус сумын Шаргалын жонш олборлосон гүнзгий нүхэнд нэг малчны хоёр ч адуу унаж үхжээ.
“Манай өвөлжөө Шаргалын бичил уурхайгаас ердөө хоёр км-ийн зайтай. Бэлчээр байсан болохоор ухсан нүхэнд нь мал орчих гээд их хэцүү. Хүний амь эрсдэхээр аюултай газар болсон байгааг харав уу. Хангайд бол газрын чийгийг мод зохицуулдаг гэдэг. Манай нутагт жонш нь чийгээ барьдаг гэж олонтоо сонссон, тиймдээ ч их хүйтэн чулуу шүү дээ. Лав манай худгийн ундарга илт багассан, бараг 40-50 см доошилчихлоо. Гэхдээ жоншны судлыг задалснаас болов уу, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг мэдэхгүй юм” гэж малчин өгүүлэв.
Малчдын “Ундны сайн ус” хэмээн нэрлэдэг ганц худгийнх нь усыг Шаргалын бичил уурхайчид бузарлаж орхижээ. Худаг ундааны лааз, сав, шил гээд элдэв хогоор дүүрсэн төдийгүй түлш хийсэн саваараа ус татаж, бохирдуулаад хаясан байна. Нэг литр усан дахь нефть бүтээгдэхүүн 0.05 мг/л-ээс хэтэрвэл экологийн тэнцвэрт байдал алдагддаг болохыг эрдэмтэд тогтоосон. Тэрчлэн мөсийг нь хагалах гэж чулуу дээрээс шидэлсээр бүр бөглөчихөж. Усаа ядаж хайрлах ухамсаргүй бичил уурхайчдыг зөвтгөх шалтгаан олдоно гэж үү.
-Дундговь аймагт 2009-2010 онд зуд болж, малын тоо 40 хувь хорогдсон. Үүнээс хойш өссөөр түүхэндээ анх удаа 3.8 сая мал тоолууллаа. Үнэндээ манайд өдрийн 30 мянган төгрөгийн цалинтай ажил хийх хүн олдохгүй байна. Ганц жонш биш, байгалийн өнгөт чулуу түүдэг. Ажилтай хүмүүс нь хүртэл нөхөрлөлд ороод бичил уурхайд ажиллаж байна. Иргэд байгалийн баялгаа ашиглаж, хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байна гэж байнга хүсэлт тавьдаг. Хэрвээ дэмжихгүй бол иргэд эсрэгээрээ гомдоллодог. Ер нь жонш олборлож ахуйгаа сайжруулж байгаа иргэдийг буруутгах аргагүй хэмээн Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун ярилаа.
Монгол орныг хэрэн тэнүүчлэх эрдэнэсийн ангуучдын хүрээгүй, ухаагүй газар гэж өдгөө үлдэхгүй шахам боллоо. Улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолбор газарт, бүр дархан цаазтай газар нутгийг хүртэл хувиараа ашигт малтмал олборлогчид зүрхлэн тоносон түүх бий. Харин одоо машин техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тэднийг хэрхэн хүчирхэгжсэнийг Луус сумын Шаргалын бичил уурхайчид харуулаатахав. Хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдэлд бүлэг болон ажилладаг “нинжа”-нуудын олборлох үйл ажиллагааг бичил хэмээн тодотгох аргагүй болоод байна.
Н.ЭРДЭНЭ-ОЧИР (Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга):
-Бичил уурхайн асуудлаар олон хүнтэй уулзсан. Олонх нь ажиллуулах сонирхолтой байдаг. Мэдээж малчдын хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь үнэн. Хамгийн гол нь, зөв голдирлоор нь явуулж чадахгүй замбараагүй байдал үүсэж эхэлсэн нь асуудал юм. Шаргалын бичил уурхайчдын газраа хэтрүүлэн олборлолт хийсэн зэрэг асуудлыг маш сайн шалгах чиглэл аймгийнхаа хууль хяналтын байгууллагад өгсөн. Ингэснээр дараагийн шийдвэрээ зөв гаргахад тус болох учиртай. Ер нь бичил уурхайн талаар цаашид баримтлах бодлогоо маш тодорхой болгох зайлшгүй шаардлага бий гэв.
ТҮЙРЭН
Говийн хөрсөнд агуулагддаг жонш бол хангайн модтой адил усыг татдаг, хуримтлуулдаг, зохицуулдаг гол үндэс нь байдаг хэмээн мэргэжлийн хүмүүс ярьдаг. Ганцхан жишээ. Бор-Өндөрийн жоншны үйлдвэр жилд 1.2 сая шоометр ус шавхан зайлуулдаг. Бараг арваад жилийн өмнө хийсэн судалгаагаар тус уурхай орчмын 1.5 км радиустай газарт гүний усны түвшин 20 гаруй метрээр доошилсон судалгаа гарсан нь үүний нэг баталгаа болно.
Жоншны уурхайтай холбоотой экосистемийн доройтол, бохирдол, тоосонцрын сөрөг нөлөө яг одоо манай хойд хөршид бас нэг асуудал болон яригдаж байна. Хиагтын аж үйлдвэрийн цогцолбор нь Монгол Улсын хилийн дагуу сунан оршдог бөгөөд Хиагт, Наушки, Хоронхой гэсэн гурван суурин газраас бүрддэг ажээ. Томоохон бохирдуулагчийн жагсаалтыг Хоронхой тосгоны ойролцоох хайлуур жоншны орд тэргүүлдэг. Эндээс жилд 46 га-гаас 165 мянган тн жонш олборлож, 60 га-д хаягдлаа хаядаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор Хиагт хот нь ОХУ-ын Буриад улсын хамгийн их бохирдолтой хотоор “тодорчээ”. Тэрчлэн тогтмол бохирдуулдаг гол эх үүсвэрийн нэг нь үйлдвэрлэлээс гарч буй тоосонцор хэмээн тогтоосон байна.
-Шаргалын жоншны уурхайн сэглээд хаячихсан газарт манайх зусдаг байсан. Энэ жил тэнд зусах ямар ч аргагүй болчихлоо. Жоншныхон ирснээс хойш зах замбараагаа алдсан, суурин газар шиг хаа сайгүй хог. 00-ийн цаас, гялгар уут хийсэж байдаг болсон. Угаас манай нутаг салхи ихтэй. Гэтэл одоо салхи дэгдэхэд л шороогоор байнга “балбуулж” амьдарч байна. Монголчууд малаа маллаад өдий хүрсэн. Өөрөөр ч амьдрах арга зөндөө гэж Дундговь аймгийн Луус сумын малчин О.Бэгзсүрэн ярилаа.
Монголд жонштой холбоотойгоор экосистемд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоож судалсан баримт алга. Гэхдээ уул уурхайн замбараагүй олборлолт, сүйтгэл Дундговь аймагт ямар нэг байдлаар нөлөөлж эхэлснийг үгүйсгэх аргагүй. Учир нь улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн аймаг бол Дундговь. Нийт нутгийн 90 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр доройтолд орсноос 40 хувь нь цөлжилтөд өртсөн. Мөн жилд буух хур тунадасны хэмжээ багассан төдийгүй салхитай, шороон шуургатай өдөр ихэссэнийг судалгаагаар тогтоожээ.
Н.ГАНТУЛГА (Дундговь аймгийн БОАЖГ-ын дарга):
-2018 онд улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллого хийхэд манай аймгийн 15 сумаас 14 нь хамрагдсан бөгөөд 108 цэгт 562 га байгааг тогтоолоо. Луус сумын Шаргалын бичил уурхайд аймгаас хяналт, шалгалтын ажлын хэсэг томилогдож, газар дээр нь ажилласан. Хяналт шалгалтын дүн гарахаар цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Ямар ч гэсэн бид хуулийн дагуу зохих арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллана гэв.
Б.Жамъянгаравын яриаг дахин сонсъё. “Сумын ИНХ-ын үеэр аргаа барахдаа “Жоншны түйрэн танай өрөөнд нэг л өдөр орж ирнэ шүү” гэж анхааруулсан. Жонш олборлож эхэлснээс хойш машины тоос, дуу чимээ гээд хүн, малгүй тайван амьдрах аргагүй болсон. Оройхон, нар баруунтаа тонгойход цасны хялмаа хаялж байгаа юм шиг л жоншны тоос гялтганан хийсдэг боллоо. Ийм тоостой агаараар хүн, малгүй амьсгалж байна. Энэ асуудлыг хэлсээр байтал шийдвэр гаргагчид, удирдлагууд тоохгүй байгааг нь гайхах юм. Хэрвээ тоосон, эмээсэн бол бичил уурхайг хэдийн хаачих байсан биз” хэмээн ярилаа.
БИЧИЛ “СОРЧЛОГЧИД”
Манай улс хайлуур жоншныхоо нөөцийн хэмжээ болон бүтээгдэхүүний олборлолт, нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг арван орны нэг нь. Гэтэл Монгол Улс жонш олборлох, боловсруулах талаар төвлөрсөн бодлогогүй, техник, технологи нь харилцан адилгүй, эмх цэгцгүй, ямар ч хяналтгүй урсгалаараа явсаар өдий хүрэв. Тэрчлэн хувиараа ашигт малтмал олборлогчид олон тооны орд, илэрцийг сэглэж, авахад хэцүү, хаяхад бас хэцүү болгож байгааг анхаарах цаг болсныг салбарынхан сануулж байна. Энэ хэрээр нөхөн сэргээлгүй хаясан талбайн хэмжээ жилээс жилд тэлсээр. “Жонш олборлогч жижиг компаниуд болон бичил уурхайчид сорчлон олборлолт хийдэг нь хэрээс хэтэрсэн. Үндсэндээ 75 хувиас бага агуулгатай жоншийг шууд хаяж байгаа нь экологи талаасаа ч, эдийн засаг талаасаа ч асар их хохиролтой” гэж мэргэжилтнүүд дүгнэв.
П.ОЧИРБАТ (Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн):
“Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл нийт 217 бүртгэлтэй байна. Эдгээрийн талбайн хэмжээ нь 803 га бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлийн 28 нь жонш, 21 нь нүүрс, 13 нь гөлтгөнө, 12 нь барилгын гэх мэт орд газрууд бий гэж мэдээлэв.
Хувиараа олборлогчдын ухаж хаясан газар шороо, шавраар дүүрсэн гол усны бохирдлыг, экосистемд учруулсан хохирлыг хөрөнгөөр тооцвол олон арван сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Харамсалтай нь, экологи, эдийн засгийн хохирлын мөнгөн дүн хэдээр тооцогдохыг барим тавим хэлчих баримт алга. Хэн ч хараад харамсмаар энэ дүр зураг хангалттай биш гэж үү. Ингэж хайр найргүй сүйтгэх замыг нээж, бүрдүүлсэн буруутан нь үнэндээ манай төр, засаг өөрөө.
“Нутгийнхаа удирдлага, дарга нараас гуйх ганцхан хүсэлт байна. Шаргалын бичил уурхайг бүрмөсөн хаагаад, нөхөн сэргээгээд өгөөч. Ийм шийдвэр гаргахад нь та бүхэн туслаач. Хар багаасаа гишгэж, уйлж дуулж өссөн нутаг минь энэ. Гэтэл өнөө маргаашийн ашгийн төлөө сэглээд хаячихлаа. Надтай адил байгалийнхаа төлөө хоолой зангируулаад суух, дэмжээд уухайлах ард түмэн...” ийн хэлээд Б.Жамъянгарав үгээ дуусгаж чадсангүй, нулимсаа барьж бас дийлсэнгүй. Яг түүнтэй адил Шаргал төдийгүй Дундговь нутгийнхаа БАЙГАЛЬ ЭХ-ийн хэвлийг харамлан өмөлзөх, хайрлан шүтдэг түмэн энэ нутагт олон таарсан.
...Бичил уурхайгаар овоглосон нөхөрлөлүүд Дундговь аймгийн Луус сумын нутагт орших Шаргал нэртэй газрыг, малчдын бэлчээрийн талбайг хэрхэн сүйтгэсэн сурвалжилгаа энэ удаа үүгээр дуусгая. Гэхдээ тэнд дахин жонш олборлох эсэх, сүйтгэсэн талбайн нөхөн сэргээлтийг хэн хариуцаж, хэрхэн гүйцэтгэхийг бид үргэлжлүүлэн сурвалжилна.
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн