Хүйтэн чулуун түйрэн

-Байгаль сүйтгэгчдийн арми бичил уурхай нэрийн доор хүчирхэгжиж байна-

Дундговь аймгийн Луус сумын Шаргал нэртэй газар. Бичил уурхайгаар овоглосон дөрвөн нөхөрлөлийнхөн ганцхан сарын дотор ийн ухжээ

Барагцаалбал, хамгийн гүн хэсэгтээ 30-50 гаруй, дээд хэсгээрээ 10-20 метр өргөн хавцлын ёроолд чулуу харжигнан унах, шороо пургин нурах чимээ нэг л таагүй мэдрэмж төрүүлнэ. Хамгийн гүн хэсэгт нь очоод амьсгаагаа дарж хэсэг зогслоо. Хүний чимээ авлаа гэсэн шиг жижиг чулуу, шороо хана даган “бөмбөрөх” ажээ. Ёроолд нь очихоосоо өмнө хавцлын дээрээс өнгийж харахад эрэг нь цөмрөөд уначих вий гэх бодол эрхгүй төрөв.

Баянхонгор аймгийн Галуутынх шиг байгалийн нэгэн тогтоц мэтээр өгүүлээд буй энэхүү “хавцал” бол бичил уурхайчдын хөндсөн, ухсан нүх юм. Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутагт оршдог Шаргал нэртэй уг газрыг бичил уурхай эрхлэгч дөрвөн нөхөрлөлийн гишүүд буюу хувиараа жонш олборлогчид ганцхан сарын дотор ийм болгож орхижээ. “Хангайд бол дов толгод гэж хэлэх биз. Манай говьд бол бидний зогсож байгаа энэ газарт уул байсан юм” хэмээн нутгийн малчин шүүрс алдан өгүүлэв.


2019 оны хоёрдугаар сар. Олборлолт ид эхэлж байх үед тус газар өдөрт 7-8 экскаватор ажиллаж байсан баримт байна. Энэ утгаараа тэд хэдийн “бичил” сүйтгэгчид болж хувирчээ

“БИЧИЛ” СҮЙТГЭГЧИД

Үнэндээ хавцлын ёроолд хүрэхэд тийм ч төвөгтэй биш байлаа. Учир нь дөрвөн нөхөрлөл Шаргалын жоншийг экскаватораар олборлосон бөгөөд томоохон уурхайн карьераас ялгагдахааргүй зам, хонгил гарсан байв. Тэрчлэн ганцхан сарын дотор нэлээд хэмжээний талбай ухсаныг харахад БИЧИЛ УУРХАЙ-н олборлолт хэмээн нэрлэмгүй. Гэвч бичил уурхайчид бүрэн техникжжээ. Олборлолт ид эхэлж байх үед тус газар өдөрт 7-8 экскаватор ажиллаж байсан баримт байна. Энэ утгаараа тэд хэдийн “бичил” сүйтгэгчид болж хувирчээ.

Ингэхэд бичил уурхайчин хэмээх хувиараа ашигт малтмал олборлогчид ийн техникжиж, хүчирхэгжсэн учир юунд байна вэ. 2017 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг харъя. Уг журамд зааснаар, нэг нөхөрлөл есөөс дээш гишүүнтэй байх бөгөөд ашигт малтмал олборлохдоо 3500 шоо см хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёроос илүүгүй механизм ашиглах эрхтэй болжээ. Энэ хэмжээ өмнө нь 500 шоо см байсан юм. Мөн олборлох нэгж талбайн хэмжээг таван га-гаас ихгүй байна хэмээн тусгасан. Гэтэл Луус сумын тус газарт одоогийн байдлаар гэхэд бичил уурхайчдын “гарт” бараг 10 га талбай өртөөд байгаа бөгөөд нөхөн сэргээлтийг хэзээ, хэрхэн хийх нь тодорхойгүй байна.

Баримт сөхье. Шаргал хэмээх газарт анх 22 нөхөрлөл 2015 онд Луус сумын засаг захиргаанд хүсэлт гаргаснаар жонш олборлох уурхайн ажлыг эхлүүлжээ. Тухайн үед жоншны зах зээлийн үнэ унаж, ашиггүй байсан тул бичил уурхайчид үйл ажиллагаагаа удалгүй зогсоосон байна. Гэвч Луус сумын удирдлага хуулсан хөрс, онгичсон газраа нөхөрлөлийнхнөөр нөхөн сэргээлгэх талаар ямар нэг ажил хийсэнгүй, хариуцлага ч хүлээлгэсэнгүй. Харилцан тохирч хийсэн хоёр талын гэрээгээ хүртэл эргэж сөхсөнгүй. Товчхондоо, хэсэг газрыг хувиараа жонш олборлогч хэдэн хүн ухаж байгаад хаяад явсныг төрөөс томилогдсон түшмэд нь “нүдээ аниад” өнгөрүүлжээ.

ХОЁР САЯЫН БАРЬЦАА БА 600 САЯЫН ОРЛОГО

2019 он. Шаргалын жоншны орд газар үнэд орж эхлэв. Бичил уурхайчид Дундговь аймгийн Луус сумын Засаг даргад хүсэлт тавьснаар үйл явдал 2018 оны намраас хойш маш хурдтай өрнөх нь тэр. Суварга багийн Шаргалын орд газарт бичил уурхайчид ашигт малтмал олборлож болох, эсэхийг баталгаажуулж, дараа нь гэрээ байгуулснаар жоншийг нь худалдан авах гурван аж ахуйн нэгж ч сонгогджээ. 

...Дөрвөн нөхөрлөл нэг сарын хугацаанд нийт 2400 тонн жонш олборложээ. Тухайн үед нэг тонн жоншийг газар дээрээс нь дунджаар 250 мянган төгрөгөөр худалдан авсан гэхээр 600 сая төгрөг болж байна...

Тэгвэл нэг нөхөрлөлтэй хийсэн гэрээг сонирхоё. Луус сумын Засаг дарга олборлолт эхлэхээс өмнө дөрвөн нөхөрлөлтэй тус бүр ойролцоогоор 0,25 га газарт нэг жилийн хугацаатай жонш олборлуулах гэрээ хийсэн байна. Мөн нөхөн сэргээлтэд шаардагдах зардлын барьцаа 50 хувь буюу нэг нөхөрлөлөөс 500 000 төгрөг сумын Байгаль хамгаалах нөхөн сэргээх санд төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, нэг га газрыг нөхөн сэргээх зардлаа бичил уурхайчид ердөө дөрвөн сая төгрөгөөр үнэлүүлчихэж.

“Нөхөн сэргээлтэд шаардагдах мөнгийг бид тогтоодоггүй. Нэг нөхөрлөлийн байгаль хамгаалах менежмент төлөвлөгөөнд тусгаснаар нийт нэг сая төгрөг байсан. Үүний дагуу орон нутаг барьцаа болгож тал хувийг нь сумын Байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн. Гэхдээ одоогоор бичил уурхайн дөрвөн нөхөрлөл хоорондоо газрын маргаан үүсгэснээс болж үйл ажиллагааг нь түр зогсоосон. Маргааныг хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэж Луус сумын Засаг дарга Л.Цогзолмаа ярилаа.

Харин одоо нэг тооцоо хийх үү. Засаг даргын мэдээлснээр дээрх дөрвөн нөхөрлөл нэг сарын хугацаанд нийт 2400 тонн жонш олборложээ. Мөн жонш худалдан авсан гурван аж ахуйн нэгж гарал үүслийн төлбөрт нийт 19,4 сая төгрөг тушаасан аж. Тэгвэл тухайн үед нэг тонн жоншийг газар дээрээс нь дунджаар 250 мянган төгрөгөөр худалдан авсан гэхээр 2400 тонн жонш 600 сая төгрөг болж байна. Энэ бага мөнгө гэж үү. Гэтэл сумын Байгаль хамгаалах санд дээрх дөрвөн нөхөрлөл ердөө хоёрхон сая төгрөг барьцаа болгон байршуулчихаад байна.

ТҮМПЭН ЖОНШНЫ ТӨЛӨӨС

Шаргалын бичил уурхайчдын байрладаг гэрүүдийн ихэнх нь цоожтой байв. Гэхдээ жонш олборлогчид уурхай хаагдсан ч зүгээр суугаагүй бололтой. Хувинтай, шуудайтай, бас овоолж орхисон жонш энд тэнд харагдана. Ил гарсан, сул хаягдсан жоншийг түүж цэвэрлэж, нөөцөлж, бас зарж борлуулсаар байгаа сураг дуулдав.

Нар нэлээд хэвийсэн, бас гадаа хүйтэн, салхитай байсныг ч хэлэх үү, гаднаа машин “сойсон” нэг айл руу яваад орчихлоо. Гэрийн голд нэлээд өргөн наар засжээ. Баруун хаяандаа дээд талыг нь огтолсон 25 литрийн шар өнгөтэй хуванцар сав хэд хэд харагдав. Ялгаж цэвэрлэсэн жоншоор мөнөөх савыг дүүргэжээ. Тоос шороондоо дарагдсан, ундуй сундуй гэрт бас л адилхан шороо болсон 30 орчим насны нэг залуу байв. Түүнийг Батмөнх гэдэг бөгөөд хувиараа жонш олборлогч хэмээн танилцууллаа.

-Энд ирээд хэр удав, аль нөхөрлөлийн гишүүн бэ?

-Уг нь нөхөрлөл, бүлэг гэж байдаг гэсэн. Би лав албан ёсоор бүртгүүлсэн зүйл байхгүй. Нэг танилынхаа бүлэгт оръё гээд л ажиллачихсан. Хоёрдугаар сарын сүүлчээр газрын маргаан гарлаа гээд хаачихлаа. Ахлагчтай нь ярихаар удахгүй нээгдэнэ, хүлээж бай л гэх юм.

-Танайхны ухсан нүх, талбайд орж үзлээ. Дээрээс нурж унахаар аюултай харагдаж байна. Бичил уурхайг хариуцаж байгаа эзэд гишүүдийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэр анхаардаг вэ, багаж хэрэгсэл өгдөг үү?

-Сумаас, аймгаас гээд л ажилтай, ажилгүй, малчин янз бүрийн хүмүүс энд ирж ажилладаг. Зарим нь амралтын өдрүүдээр, зарим нь тогтмол ирнэ. Бүгд л хоолныхоо мөнгийг олох л гэж шүү дээ. Тогтмол ажилладаг хүмүүстээ хүрз, бээлий, хувин өгдөг.

-Яг ямар зарчмаар ажилладаг вэ. Нэг хүн өдөрт төдөн кг жонш олборлоно гэх зэргээр тогтсон хуваарь байдаг уу?

-Нэг машин дээр 1-2 хүн ажиллана. Жоншоо шороо, чулуунаас нь салгаж арилгана гэсэн үг. Нэг машин арилгахад 100 мянган төгрөг байдаг юм. Чадвал өдөрт хоёр машиныг арилгаад ажлын хөлсөө хуваагаад авчихдаг. Нэг шар хувин жонш 30 кг татдаг. Эндээс нэг хувинг 7500 төгрөгөөр худалдан авч байгаа. Хоёр хувин түүчихвэл хэд болох уу. (инээв)

-Аймаг, суманд ажил олдохгүй байна уу. Энд дахиж жонш ухуулахгүй гэвэл юу хийх вэ, цаашид хэрхэн амьдрах бодолтой байна. Ингээд ухаад сэндийчээд хаячихсан газар нутгаа харахад хайран биш үү?

-Мэдээж хэцүү байлгүй яах вэ. Дээр нь энд ирж байгаа бараг толгойтой бүхэн машинтай. Хаа сайгүй зам гаргаад байхаар хөрс нь суларчихдаг юм байна. Жаахан салхи босонгуут шороо тавьчихна. Одоо уурхай бүр ажиллахгүй гэвэл нэг юм бодно. Уг нь би мужааны мэргэжилтэй. Мал маллаж хэсэг үзлээ, тэгээд одоо ингээд сууж байна даа гэсэн юм.

...Ажилгүйчүүдээр төсөөлж байсан нинжагийн бүлэг малчидтай хүч нийлэн ийн бүл нэмсээр байна. Уурхайн хаягдалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бужигнаж байсан тэд өнөөдөр уулыг нурааж, усыг эргүүлэх хэмжээний томоохон арми болон өргөжжээ. Малчин монгол морио сольж, геологи, уул уурхайн ажлыг мэргэжлийн түвшинд хийх болсны тод жишээ Дундговь аймгийн Шаргалын жоншны ордод байна.

Нэг л өдөр энэ нутгийн жонш дуусахад хувиараа ашигт малтмал олборлогчид нүүн алга болно. Тэднийг дагаад бичил уурхай нэртэй байгаль сүйтгэгчдийн “ажил” зогсох нь тодорхой. Чухам тэр үед ухаж орхисон гүнзгий нүх, эргэсэн хөрсийг нөхөн сэргээх ажлыг хариуцах эзэн олдохгүй. Үнэндээ хувиараа ашигт малтмал олборлогчдоос, бичил нэртэй уурхайнуудаас ядаж л техникийн нөхөн сэргээлт хийчих хэмжээний хөрөнгө гарна гэж үү. “Уг нь хууль, дүрэм журмаар бүгдийг зохицуулсан. Байгальд хохирол учруулсан тухайн бичил уурхай, нөхөрлөл нөхөн сэргээлтийг хариуцах ёстой. Хэрвээ нөхөн сэргээлгүй хаявал хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харамсалтай нь, энэ журам бичил уурхай дээр бараг л хэрэгжихгүй байна” хэмээн албаны хүн өгүүлэв.

Үргэлжлэл бий...


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)