Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг зургаан удаа зохион байгуулсан байна. Тэгвэл VI их хурлаас хойш 23 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, Засгийн газар болон холбогдох яамдад ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд 3 удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулалт хийх асуудлыг хөндөх болно.
Шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх зорилго агуулж байгаа юм.
Багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэнэ.
Монголын багш нарын VII их хуралд хот, хөдөөгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцоно.