Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах асуудлаар 2017 оноос эхлэн холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн.
Дүүрэгтээ ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлсэн. Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварласнаар цаашид дагуул хотуудыг хөгжүүлэх, стратеги эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Зам, тээврийн хөгжлийн сайдад хүсэлт гаргасан байна.
Энэ хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 77 дугаар тушаалын дагуу "Хонгор-Налайх чиглэлийн салбар төмөр замыг сэргээн засварлах, ашиглах техникийн нөхцөл, боломжийг судлах" ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа.
Хонхор-Налайх хоорондын зам нь анх 1938 онд ашиглалтад оржээ. Их уурхай хаагдан, ачаа тээврийн хэмжээ багассан, уурхайн хууль бус олборлолтоос үүдэн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж магадгүй учраас уг замыг 2008 онд хаасан байна.
Хонхор-Налайх чиглэлийн төмөр замын үйл ажиллагааг сэргээн засварлах, ашиглах техникийн нөхцөл, боломжийг судлах ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, 10.4 км орчим замыг сэргээх шаардлагатай гэж үзсэн байна. Тус бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Газрын албаны дарга М.Давааням нар багтаж ажиллалаа.
Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гарган, Зам, тээвэр хөгжлийн сайдад гуравдугаар сарын 29-ний өдөр танилцуулах юм байна.