Харийн орныг зорин явсан өөрийн гэр бүл, хайртай аав ээжээсээ дөнгөж арваадхан насандаа ганцаараа хоцорч, бие даан амьдрахдаа хэцүү бэрх бүхнийг даван туулсаар мөрөөдөлдөө хүрч байгаа нэгэн авьяаслаг уран нугараач охины тухай “Гүйж яваа эмэгтэй” нэртэй сонирхолтой нэгэн ном мэндэлжээ. МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ богино өгүүллэгийн “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Диваажингийн хоригдлууд”, “Би бид хоёр” зэрэг түүвэр, “Би чамд хайртай-2”, “Муу залуу”, “Хорин жилийн дараа”, “Хишигт”, “Болор туужууд” зэрэг туужийн номнуудаа хэвлүүлж олны хүртээл болгосон билээ.
Өөртөө бүтэн зургаан жилийн уран бүтээлийн завсарлага өгсөн тэрээр энэ удаад “Гүйж яваа эмэгтэй” нэртэй анхны бэсрэг романаа ийнхүү уншигчдын гарт хүргэхэд бэлэн болоод байна. Зохиолын гол баатар нь бодит хүн, түүний амьдралын түүх жинхэнэ гэдгээрээ энэ ном анхны уншигчдын сонирхлыг маш их татжээ. Тиймээс энэхүү зохиолын анхны мөр тавигдахаас, сүүлчийн цэг хатгах хүртэл хамт байсан анхны уншигч болох 47 редактор сэтгэл хөдлөл маш өндөртэй байснаа өөр өөрсдийн хуудсанд тэмдэглэн бичжээ. “Эгэл жирийн, энгийн амьдрал дотор л агуу том түүх нуугдаж байдаг. Хэнд ч анзаарагдамгүй хэн нэгний ард хэмжээлшгүй гуниг оршин байдаг. Эгэл жирийн хүмүүсийн дунд л жинхэнэ баатрууд бий. Тийм амьдрал л сонирхлыг минь илүү татдаг ” гэж номын зохиогч ярьсан юм.
“Гүйж яваа эмэгтэй” хэмээх энэхүү ном нь орчин цагийн нийгмийн гажуудлаас үүссэн харийн орныг зорих гадагшаа урсгалаас болж хайртай гэр бүлээсээ холдон хоцорч, амьдын хагацал үзэж яваа хүүхдүүдийн гуниг, дарамт, сэтгэлийн зовлон, гэгээлэг хүсэл мөрөөдлийн ертөнц рүү томчууд биднийг өнгийн харахад хүргэнэ. Хүний газар ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлэхээр холын аяныг зорих монголчуудын цуваа одоо ч тасраагүй байна. Гэтэл энэ бүхний ард хүүхдүүд л хамгийн ихээр ганцаардаж, өнчирдгийг бид тэр бүр ойлгодоггүй. Ийм амьдрал бараг айл бүхэнд бий болсон гэхэд хилсдэхгүй биз. Хүүхдийн сэтгэл рүү өнгийж харж, хүүхдийн хэлээр бичих чадвараа “Хишигт” туужаараа харуулсан зохиолч Х.Болор-Эрдэнэ энэ өнцгийг ч мөн гярхай олж харжээ. Уран зохиолд дуртай олон уншигчийн дунд хүлээлт үүсгээд байсан “Гүйж яваа эмэгтэй” хэмээх цоо шинэ нэгэн ном ийнхүү уншигчдын гар дээр очиж байна. Номын зохиогч хоосноос зохиох биш бодит түүхийг бүтээл болгох дуртай нэгэн ажээ.