Монгол Улсын Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн заалт бий. Үүний хүрээнд Орхон аймгийн Цэргийн штабаас шинээр 18-н нас хүрсэн залууст “Цэргийн үүрэгтний үнэмлэх”, Орхон аймгийн Засаг даргын мэндчилгээг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах ёслолын хүрээнд 80 орчим залууст цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулсан байна. Ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь, ЗХ-ний 186-р ангийн захирагч, хурандаа Б.Жигжидсүрэн болон ахмад дайчид оролцлоо. Дээрх ёслолын ажиллагааг Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулав. Залууст батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг зорилгын хүрээнд дээрх ажлыг явуулжээ. Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагддаг.