Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр 2018 оны хамт төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн онд хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин экологи, Хүн амын эрүүл мэнд, Ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, нийгэм зэрэг чиглэлээр 20 орчим ажлыг хэрэгжүүлж 2,4 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Талууд дээрх төлөвлөгөөг 92,5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны Бизнес төлөвлөгөөнд дээрх хамтын ажиллагаанд зориулж 2 тэрбум гаруй төгрөг баталсан. Уг хөрөнгөөр Эрдэнэт сувиллын цогцолборын төлбөртэй үзүүлдэг тусламж үйлчилгээг Орхон аймгийн иргэдэд 10-15 хувийн хөнгөлөлттэй үзүүлэх, Эрдэнэт үйлдвэр ХХК-д хэрэгцээтэй стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр Технологийн сургууль, "Эрдэнэт ШУТП" ОНӨААТҮГ –тай хамтарч ажиллах, Байгалийн гэнэтийн үзэгдэл, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд болон онцгой шаардлагатай үед хамтран ажиллах, Эрдэнэт үйлдвэрээс тусгай зориулалтын авто машин, механизмаар дэмжлэг үзүүлэх, Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хамтран хийх зэрэг 10 гаруй ажил багтсан байна. Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүдээс хамтын ажиллагааны төлөвлөгөөг Эрдэнэт хотын хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон үйлдвэрийн хаалт, хөгжлийн менежментийн бодлогод нийцүүлэх талаар санал гарсан. Мөн тодорхой жижиг ажлуудыг хасаж цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдээс 3700-г нь эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хотын агаарын бохирдлыг бууруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт зэрэг цөөн тооны том ажлуудыг хийх хэрэгтэй гэх саналыг хэллээ. Иймд дээрх саналуудыг тусгаснаар төлөвлөгөөг албан ёсоор батлах юм. Аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд 2 талаас томилогдсон бүрэлдэхүүн жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай.
Урьд жилүүдэд дээрх хамтын ажиллагаанд жилд 700-800 сая төгрөг зарцуулдаг байсан бол сүүлийн хоёр жилд дээрх хөрөнгийн хэмжээ 2 тэрбум төгрөг болж нэмэгдээд байна.