Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нар Орхон аймагт ажиллаж, Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Улсын онцгой комисс , ХХААХҮ-ийн яамнаас Жаргалант суманд гүний худаг барих 20 сая төгрөгийн хөрөнгө болон мал, амьтны гоц халдварт өвчний үед малаа алдсан малчдад нөхөн олговор олгоход 100 сая төгрөг, туулах чадвар сайтай авто машин өгөхөөр боллоо.
Өнгөрсөн онд Орхон аймагт шүлхий, энэ онд гахайн мялзан өвчин гарч орон нутгийн удирдлагууд өөрсдийн нөөц бололцоогоор яаралтай шийдвэрлэж чадсаныг Улсын Онцгой комиссын гишүүд онцолж уг өвчнийг дэгдээлгүй сайн ажилласан хэмээн дүгнэлээ.
Хуралдааны үеэр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар хэлэхдээ “Танай аймаг аливаа нөхцөл байдлыг шуурхай үнэлж хурдан ажиллаж байгаад талархалтай байна. Өнгөрсөн онд Жаргалант суманд гарсан шүлхий өвчний үед нөхөн олговор олгоход 23.3 сая төгрөг, тусгайлсан чиг үүрэг бүхий албан хаагчдын албан томилолт, урамшуулалд 15 сая төгрөг, гурван гэрийг шийдвэрлэсэн. Хаваржилтын бэлтгэл байдал болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дотооддоо маш сайн зохион байгуулж байгаад талархалтай байна” гэсэн юм.
Аймгийн Засаг дарга Д.Батлут Улсын Онцгой комисст хандан, “2016 оноос хойш Орхон аймагт гурван удаагийн үер болж аж ахуйн нэгж, иргэдэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан, гахайн мялзан, шүлхий өвчний үед малаа устгуулсан иргэдэд нөхөн олговор олгох, жилд 3-5 удаа малчдаа эргэдэг тул туулах чадвар сайтай машин нэн шаардлагатай байна” гэсэн юм. Үүнээс авто машин болон худаг, нөхөн олговрын асуудлыг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, “Аливаа гоц халдварт өвчин гарах үед Тагнуул, Цагдаагийн байгууллага болон Засаг дарга, орон нутгийн удирдлагууддаа яаралтай хэлэх, шинжилгээнд илгээж байгаа дээжээ найдвартай, баталгаатайгаар илгээх хэрэгтэй” гэлээ. Мөн “Мал, амьтаны эрүүл мэндийн тухай хууль”, “Мал, амьтаны генетик нөөцийн тухай хууль”-ийн дагуу аймаг бүрт “Мал эмнэлгийн газар” байгуулагдсан. Орхон аймагт автомашиныг нь шийдвэрлэж өгсөн гэсэн юм.
Дашрамд дурдахад, Орхон аймагт мал аж ахуйн хаваржилтын цагийн байдал хэвийн буюу бэлтгэл сайн хангагдсан талаар ОБЕГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийт төллөх малын 0.7 хувь буюу 361 толгой мал төллөж төл бойжилт 100 хувь байна. Орхон аймаг энэ онд аймгийн нөөцдөө 20 тонн өвс, 23.1 тонн тэжээл, сумдын нөөцдөө 200 тонн өвс, 215 тонн тэжээл бэлтгэж нэг боодол өвсийг 4000 төгрөг, нэг кг тэжээлийг 320 төгрөгөөр малчдад олгохоор шийдвэрлэснээ танилцууллаа.