Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол бичгийн “Хос уянга” дугуйлангийн багш Н.Золжаргал, 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзав. Сурагчид монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, хэрэглээг нь нэмэгдүүлэх, тэр дундаа цахим орчинд ашиглах боломж бүрдүүлэх гэх мэт асуудлыг захидлаараа хөндсөн юм байна.
Шадар сайд тэдний санаачилгыг дэмжин, дугуйлангийн үйл ажиллагааг нь сайшаагаад, “Монгол хэлний хууль бүрэн хэрэгжиж, 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний гэсэн хос бичгээр хөтлөн явуулахад ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” гэв. Улмаар монгол бичгийг кодлох ажлыг эрчимжүүлэхийг Стандартчилал, хэмжил зүйн газрын удирдлагад даалгалаа.