Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал хаваржиж байна. Аймгийн нийт нутгаар хаваржилт хэвийн, төвийн болон хойд талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй, бэлчээрийн 70 хувь нь өвстэй байна.
Мал төллөлт: Оны эхний 1.150.0 мян хээлтэгчээс 2 сарын 26-ны байдлаар 9623 хээлтэгч төллөж, ботго 122, унага 1, тугал 14, хурга 8048, ишиг 1438 гарч, гарсан төл 100 хувь бойжиж, төллөлт 0,8 хувьтай байна.
Отор нүүдэл: Өөр аймгийн /Дорноговь, Дундговь, Өвөрхангай/ нутагт 20 өрхийн 9.5 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 54 өрхийн 27.9 мянган толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байна.
Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 100 тонн /75 тонн хорголжин, 25 тонн хивгэн/ тэжээлийн нөөцтэй, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл багасаж байна. Аймгийн нөөцийн 1 боодол өвс нь 10,000 төгрөг, 1 шуудай хорголжин тэжээл 27 мянган төгрөг, 1 шуудай хивгэн тэжээл 13 мянган төгрөгөөр худалдан борлуулж байна.
Бэлчээр усжуулалт: Худгийн тоо ашиглалтын тайлангаар бэлчээрт 4735 худаг ашиглалтанд байгаагаас нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан 96 худаг байна. Аймгийн нийт бэлчээрийн 48.5 хувь усжуулагджээ.