БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг “Юу хийх бол” гэж олон нийт харж, хүлээж сууна.
Танд итгэж буйн илрэл болов уу. Учир нь энэ салбарыг толгойлж асан үе үеийн сайд томилогдсон даруйдаа болж бүтэхгүйг нь “сайхан” ярьж, сайх амлалтаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадаг байв. Том том амлаж, толгой дараалан халж, сэлгэж, өөрийн хүмүүсээр салбараа “гоёод” ч тусыг эс олсон. Харин “Сурах бичгийг хугацаанд нь хэвлэж, хүртээмжийг сайжруулна, цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харна. Сурагчдын ачааллыг бууруулна” гэсэн Ё.Баатарбилэг таны амлалт олон түмнээс “онц” аваад буй. Гэвч сурах бичгийг хугацаанд нь хэвлэх, үгүй нь ерөнхий боловсролын тогтолцоог өөрчлөх, шинэчлэхтэй огт хамаагүй. Ном зохиох, хэвлэх, түгээх ажлыг хариуцаж буй эзэд тодорхой, хөрөнгө мөнгийг нь төрөөс шийдсэн тул хугацаандаа гарахгүй байгаа шалтгааныг олж тогтоох амархан санагдана.
Энэ бүхний цаана цөм хөтөлбөр хөрсөндөө бууж уу, сурах бичгийн агуулга, чанар чансаа ямар байгааг судлах ажил таныг хүлээж байна. 1990 оноос хойш монголчууд сургалтын хөтөлбөрөө боловсруулж чадаагүйн улмаас өнөөдрийг хүртэл гадаадын олон баримт бичгийг хуулбарлалаа. Голдуу сайд, дарга нарын сонгуулийн шоунд оноо авах гэсэн хөтөлбөр, төлөвлөгөөг туршиж ирсэн. Кембриж, Японы, Сингапурын гээд бараг сайн гэснийг нь хууллаа. Эцэст нь цөм хөтөлбөр дээр тунаж, мөрдөх хугацааг нь 10 жил гэж тогтов. Эцэг, эхчүүд үүнийг нь “гойд, гайхалтай” мэтээр итгэж, хүлээж авсан ч 2014 оноос мөрдөж буй гэх эл хөтөлбөрийг шүүмжлэх хэд хэдэн шалтгаан буйг болгооно уу.
“ӨМ ЦӨМ”
Ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулиар орж, багш нартай уулзлаа. Цөм хөтөлбөрийн цэнхэр номоо бүрэн уншаагүй, уншихыг хүсэхгүй багштай ч таарав. Учрыг лавлатал
“Энэ хөтөлбөрийн дагуу багш нараа сургаагүй, онолын мэдлэг олгоогүй. Цэнхэр номыг бариад хичээлээ заах гэхээр сурах бичигт хөтөлбөрийн агуулгыг тусгасан нь үгүй. Хоорондоо зөрчилддөг учраас хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулах боломжгүй”
гэсэн юм.
Нийслэлийн 24 дүгээр сургуулийн бага ангийн багш С.Отгонням “Цөм хөтөлбөрийн зарим агуулга, үзэл санаа нь асуудалгүй. Гэвч хөтөлбөртөө тохирсон сурах бичиггүйгээс багш нар гар мухардаад байна. 10 настай хүүхэд математикийн хичээлээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар нь маш хүнд. Процент, хольцын бодлогуудыг V ангид үздэг болсон. IV ангид, хичээлийн жилийн хоёрдугаар улиралд саяын дотор нэмж, хасаад, үржүүлж, хуваах үйлдэл үздэг. Үүнийгээ бататгаж амжаагүй байхад шууд аравтын бутархай заа гэх. Тухайн шинэ хичээлийг хүүхдэдээ давтуулах, мэдлэг олгох хугацаа гарахгүй байна. Номын хуудас эргүүлэх тутамд шинэ хичээл заах шаардлага тулгарсан. Уг нь I ангид 1-100, II ангид нь саяын дотор нэмж хасах, III-т үржих, хуваахыг нь заах зэргээр шат дараатай мэдлэгийг нь бататгавал цөм хөтөлбөрийн зорилго хангагдах учиртай. Гэвч амьдралд нийцээгүй хөтөлбөртэй. “Багш сургалтаас сурагч төвтэй тогтолцоонд шилжүүлнэ” гэх боловч хүүхдийг бие даан хөгжүүлэх дасгал, бодлого сурах бичигт маш бага орсон” гэж ярилаа.
Мөн тэрбээр “өм цөм” хөтөлбөрийг сурах бичигт тусгаагүйн гайг ийн тайлбарлав. “Өдөр бүр шинэ хичээл заах гэж “самарсаар” эцэстээ хүүхдүүдээ өрөвдөх юм. Хүний хүүхдийг ингэж “алж” болохгүй шүү дээ гэж эрхгүй бодно. Багш учраас бухимдаад байгаа юм биш. Бид ч гэсэн эцэг, эх. Та бүхэн бод доо. 10 настай хүүхдээр хольцын бодлого буюу “Төдөн хувийн найрлагатай ган дээр төдөн хувийн төмөр нэмэхэд ямар орцтой металл үүсэх вэ” гэх жишээтэй. Гэтэл дунд ангид химийн хичээлээр үүнийг заах ёстой, хүүхдүүд ч ойлгодоггүй. Нэг төрлийн бодлогыг олон давтуулж байж чадвартай болдог. Гэтэл худалдааны бодлого гэсэн шинэ сэдвийг дөрвөн цаг заах хуваарьтай атал бодлого нь сурах бичигт байдаггүй. Гэрийн даалгавар битгий өг гэнэ. Одоогийн энэ системээр, 50-60 хүүхэдтэй ажиллаж байхад даалгаваргүй сургалт юу болох вэ” хэмээн халагласан.
“ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР”
Цөм хөтөлбөрийн дагуу зохиогоогүй сурах бичгүүдээс болж “үсээ зулгааж” яваа олон багшийн төлөөлөл Ц.Одгэрэл бидэнд санал бодлоо хуваалцсан юм. 20 гаруй жил бага ангид багшилсан тэрбээр салбарынхаа зовлон, жаргалыг сайн мэдэх нэгэн. “Цөм хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дуудаж, олон удаа сургалтад хамруулсан. Тэгсний дараа багш нар сая нэг ухаан орсон янзтай “Энэ хичээлийг ингэж зааж болох байж” хэмээн шогширдог. Яагаад гэвэл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй зэрэгцээд багш нарыг зааж, чиглүүлээгүй. Багшийн урдаа барьдаг ганц сурах бичиг нь хөтөлбөрөөсөө зөрчихөөр бүүр ч учраа олоогүй. Манай анги 50 хүүхэдтэй. Цөм хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулах гэхээр даалгаврын сангаа ялгаатай байдлаар хийх болно. Олон хүүхэдтэй ажилладаг бага ангийн багш нарт сурагч бүрийн онцлогт тохирсон даалгаврыг хичээл тус бүрээр гаргах цаг зав ч байхгүй.
Тэгэхээр цөм хөтөлбөр амьдрал дээр буухгүй байгаа биз. Шинээр зохиосон гэх сурах бичгүүдээр “явбал” хүүхдүүдэд юу ч үлдэхгүй. Дасгал, даалгавраа бэлдээд, хуучин, шинэ арга техникээ хослуулж буй тулдаа 50 хүүхдээ арайхийн сургаж байна. Сурагчийн тоог 30-д бариад, сургалтын хэрэглэгдэхүүнээр сайн хангавал шинэ хөтөлбөрөөр “явах” боломж бий. Орчин нөхцөл бүрдүүлэхгүй, боломжийг нь олгохгүй байна. Сурах бичгүүд нь гэж “тамын тогооны үлгэр” тул хүүхдүүддээ номоос даалгавар өгдөггүй. Учир нь эцэг, эхчүүд хийлгэж чаддаггүй юм. Монгол хэлний хичээлээр дүрэм огт үзэхээ больсон хэрнээ шалгалтын сэдэв нь найруулга, зөв бичихийн дүрэм байдаг. Жишээлбэл, нийслэлийн хэмжээнд III ангийнхны дунд монгол хэлний олимпиад явууллаа. Даалгаврыг 40 минутад гүйцэтгэх байсан ч 120 үгтэй цээж бичиг дуудах гэсээр энэ хугацааг өнгөрүүлсэн. Цаана нь өчнөөн даалгавар байдаг. Цаг хагас өнгөрлөө, хүүхдүүд амжаагүй. Хоёр цаг 30 минутын дараа дууссан. Боловсролын үнэлгээний төвийнхөн хөтөлбөртөө тохируулж, даалгавраа боловсруулж чаддаггүй. Тогтолцоогоор нь шинэчилсэн гэх ч улсын шалгалтууд нь өнөөх л хуучны арга барилаараа” гэсэн юм.
БСШУСЯ-ныхан сурах бичгүүдээ зохиож, хэвлүүлснийхээ дараа багш нараас санал авсан. Учир нь үг, үсэг, хэл найруулга, учир зүй, агуулга гээд Ц.Одгэрэл багшийн хэлсэнчлэн “тамын тогооны үлгэр” зохиож, хүүхдүүдэд шахсан гэмээ ингэж цайруулсан хэрэг. “Хэвлүүлэхээсээ өмнө санал авч болоогүй юм уу” гэж зарим нь гайхдаг л юм. Гэвч төрийн байгууллагынхны ажил иймэрхүү урвуу хамааралтай явах тусмаа тэдэнд ашигтай. Хэдэн мянган санал байсхийгээд цуглуулдаг ч сурах бичиг, хөтөлбөртөө тусгадаггүйг багш нар хэлнэ лээ. Шалтгаан нь жил бүр ном хэвлэж, дундаас нь хэд гурван төгрөг гувчуулах арга саам хайдаг гэх. Өнгөрсөн жил алдаатай зохиосон 97 нэр, төрлийн сурах бичгийг нөхөн хэвлэхэд улсын төсвөөс өчнөөн тэрбумыг зарцуулсан байдаг.
ЧИН, ЖИН, ЦИН, ЦЗИНЬ
Олон нийтийн “онцгой” хэмээн ойлгодог цөм хөтөлбөр болон сурах бичиг хоорондын уялдааг мэргэжлийн судлаачид хэрхэн тайлбарласныг хүргэе. “Монсудар” хэвлэлийн газрын редактор Б.Батбаатар түүхийн хичээлийн сурах бичгийг цөм хөтөлбөртэй харьцуулан судалжээ. Тэрбээр “Эдүгээ нийгэм, олон нийт түүхийн талаар нэгдсэн ойлголтгүй байна. Учир нь төрөөс хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдэд энэ талаар тусгаагүйд асуудлын гол оршино. Сургалтын шинэчилсэн хөтөлбөрт түүхийн сурах бичгийн нэр томьёо жигд бус, зохиогч бүр өөрийн үзэл бодлоор бичжээ. Тухайлбал, VI ангийн сурах бичигт “Богд Жавзундамба”, “Күнз” гэх бүлгийг X ангийн номд “Жавзундамба хаан”, “Конфуци” хэмээн ялгаатай оруулсан. Мөн VI ангийн сурах бичигт “Буддын шашин Энэтхэгт ихэд дэлгэрсэн” гэсэн бол X ангийнхад “Буддын шашнаас илүү хиндү дэлгэрсэн” гэх мэтчилэн нэр томьёог олон янз хэрэглэсэн жишээ тоймгүй. Сургалтын агуулга нь хоорондоо хэлхээ холбоогүй, анги дэвших тусам сурах бичгүүд “зөрчилдөж” буй нь хүүхдийн мэдлэг олж авах боломжийг хааж байна.
Одоо болтол түүхийн судалгаанд зарим нэршлийг нэг мөр болгоогүй. Жишээ нь, Алтан улсын нэрийг Чин, Жин, Цин, Цзинь гэх зэргээр өөр өөр бичдэг нь эртний Цин улс, хожмын Чин улстай төөрөгдүүлдэг. Сурах бичгийн агуулгад тавигдах шаардлагын 5.1.1-т “Агуулга нь танин мэдэхүйн хөгжлийн үе шат, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсролын түвшин, анги бүлэг, сэдэв хоорондын залгамж холбоог хангасан байна” гэж заасан. Гэвч манайхан хичээл тус бүрээр хөтөлбөр боловсруулснаар хоорондын уялдаа холбоо нь алдагдсан. VI ангийн сурах бичигт газрын зурагт түүхийн олдворуудыг заах дасгал ажлууд байдаг. Гэтэл Монгол Улсын боловсролын одоогийн системээр VII ангиас газар зүйн хичээл үздэг байх жишээтэй. Хамгийн харамсалтай нь сурах бичгийг шинэчилж, сайжруулах нэрийн доор номыг зохиогчид нь хуучин сурах бичгээ зураг, хавтсыг нь сольсон болоод хэдэн сэдвийг нь сэлбээд л “шинэ” хэмээн хэвлэдэг бололтой. Цөм хөтөлбөрийн хүрээнд шинэчилсэн гэх түүхийн номыг зохиогчид нь 2005 оны “Монголын түүх II”-оос нэлээд хэсгийг тэр чигт нь хуулсан байна” гэж ярилаа.
43-ЫГ ХАСААД 73-ЫГ НЭМЭВ
“Бага болон суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн найруулга үнэхээр тааруу. Үг сонголт оновчгүй, үг олон давтсан, нуршуу, зөв бичих дүрмийн алдаатай. Тухайлбал, “Яриагаа төлөвлөж, бэлтгэн, дэмжлэггүйгээр илэрхийлэх”, “Тохиолдсон явдлаа нарийн тодорхой ярих”, “Харсан сонссоноо задлан шинжилж, загварчлан тайлбарлах”, “Нүүр царайгаа тохируулан ярих”, “Үгийн авиаг анхаарч, шүлгийг бичиж харуулах”, “Хэн нэгтэй хамт дахин сайжруулах”, “Үзэл бодлоо өргөжүүлж сурна”, “Үндэсний бичгээр бичсэн бүтээлийг уншиж судалснаар энэ нь бусад хэлний бичгээс ялгаатай болохыг ойлгож, монгол бичгээр өөрийн сонирхсон хэлбэрээр бүтээл бичдэг болсон байна” гэх мэт ойлгомж муутай, утга тааруу заалтуудын жишээг дурдахад хангалттай” гэж судлаач, редактор Ж.Хишигжаргал өгүүлэв.
Хэддүгээр ангийн сурагч ямар мэдлэг, чадвар эзэмших ёстой вэ гэдэг нь тодорхой бус, утга давхардсан, яг адилхан байгааг тэрбээр “Бага боловсролын цөм хөтөлбөрийн бичих санаагаа олох, төлөвлөх чадварын II-V ангийн бүх заалт адил. Сурагчдын эзэмших чадварын ялгааг гаргаж буй байдлыг “Бусдын яриаг анхааралтай сонсох” (I-II анги), “Бусдын яриаг идэвхтэй сонсох” (III), “Бусдын яриаг хүлээцтэй сонсох” (IV), “Зөв сонссон гэдгээ илэрхийлэх” (V) зэргээр оруулжээ. Залгамж холбоо гэж байх ёстой ч агуулга багатай онолын мэдлэгийг I-V ангид хуваан үзэж болох уу. Тухайлбал, “Хүний нэр, өгүүлбэрийг том үсгээр эхлэн бичих”, “Аймаг, хот, сум, дүүргийн нэрийг том үсгээр эхлэн бичих” “Газар ус, улс орны нэрийг том үсгээр эхлэн бичих”, “Ном, сонин, сэтгүүлийн нэрийг том үсгээр эхлэн бичих”, “Товчилсон нэр, дэлхийн зарим улс орны нэрийг зөв бичих” гэж ангилсан нь хачирхалтай. Цөм хөтөлбөрийн хүрээнд монгол хэлний хичээлээр үндэсний хэл, соёл, сэтгэлгээг өвлөн, дээдлэн хүндлэх, хамгаалах, хөгжүүлэх эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэх гэж тусгасан байдаг. Гэтэл I-V ангийн сурах бичигт эл үзэл баримтлалыг шингээсэн утга бүхий ганц ч эх алга. Тэгэхээр энэ шаардлагыг хангаж чадаж буй, эсэх нь эргэлзээтэй. 242 эхээс монгол хэлээ дээдлэх, эрхэмлэх, хөгжүүлэх, хамгаалах утга агуулгатай нь нэг ч байхгүй гээд бод” хэмээв.
Багш, судлаачид олонхын “онцгой” хэмээн найддаг хөтөлбөр, шинээр зохиосон гэх сурах бичгүүдийн талаар ийн шүүмжлэв. Харин албаныхан “Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид багшаас хараат бус, бие даан хөгжих боломж нээгдсэн. Ачаалал нь ч багассан. Багш нар харин “ажилгүй” болсон” гэх мэтээр ярьдаг. Судалгааны баримтууд сөхвөл, зөвхөн I ангийн хичээлийн цагаас 43-ыг хассан дүр эсгээд, 73 цаг нэмжээ. Бодвол, энэ нь сурагчдын ачааллыг багасгаж буй нэг хэлбэр байх. “Эко царс” гэр бүлийн боловсролын төвийнхөн зургаан настнуудыг олон улсын стандартаас 13 дахин их хугацаанд гэрийн даалгавар хийж байгааг судалсныг юу гэх вэ.
“Өм цөм”-ийг хэрэгжүүлэх болсон шалтгаанд “Сурагчдын ачаалал их”, “Намын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу” гэх сүржин лоозон бий. Сургалтын хөтөлбөр гэдэг ямар нэгэн намын сонгуулийн шоу бус, төр, засгаас боловсруулсан бодлогыг шингээсэн, сурагчдад мэдлэг, боловсрол олгох тухай баримт бичиг байлтай. Цөм хөтөлбөрийн хүрээнд шинээр зохиосон гэх “байгаа оноогүй”, чанаргүй сурах бичгүүдийг шатаах чин зоригтон байна уу.