Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ бий бөгөөд тэдгээрт 37 039 оюутан суралцаж байна. Тэднийг дэмжих үүднээс Засгийн газраас сар бүр тэтгэлэг олгох болсон. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-МСҮТ-ийн оюутанд сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Нэгдүгээр сард оюутны амралт таарсан учраас тэтгэлэг олгоогүй. Энэ сараас оюутнууд сар бүр 100 мянган төгрөг авна. Өмнө нь 24 хүртэлх насны оюутанд олгодог байсан. Энэ удаа өдрийн ангийн бүх оюутанд нас харгалзахгүй олгох болсон. Нас хязгаарлахгүйгээр 36 000 орчим оюутанд тэтгэлэг өгнө. Үүнийг олгохын тулд арилжааны банкууд дунд тендер зарлахад ХААН, Төрийн банк шалгарсан.
-Сурлагын дүнг харгалзах уу?
-Улсын хэмжээнд босго оноо дүгнэх нэгдсэн аргачилал байдаггүй. МСҮТ-ийн оюутнуудад босго оноо тавих хүндрэлтэй. Тиймээс хичээлийн ирц 75 хувиас дээш бол тэтгэлэг бүрэн өгөх журам гаргасан.
-Суралцаагүй хүний нэр бүртгээд тэтгэлэг авсан гэх зөрчил өмнө нь гарсан юм билээ. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?
-Оюутны тоог зохиомлоор өсгөсөн, эсэхийг ХНХЯ хянана. Зарим их, дээд сургууль дэргэдээ МСҮТ-тэй. Их, дээд сургуулийн оюутныг МСҮТ-ийн суралцагчийн тоонд давхардуулан бүртгэж болохгүйг хатуу анхааруулсан. БСШУСЯ-тай хамтарч Мэдээллийн нэгдсэн санд МСҮТ-ийн оюутны тоог оруулсан учраас зөрчил гарахгүй.