Монгол орны зүүн бүсэд шинээр барих төмөр замыг байгальд, тэр дундаа зэрлэг амьтдад ээлтэй, аюулгүй байгуулах ямар боломж бийг үнэлж, шинжлэх ухааны үндэслэлтэй зураг төсөл боловсруулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд холбогдох байгууллагуудтай хамтран 2016 оноос судалгаа хийж буй.
Цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тандах нь энэ судалгааны нэг хэсэг. Тиймээс байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд тодорхой тооны зээрт сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. Гэвч ингэж тандаж байсан цагаан зээрүүдийн нэг нь хулгайн ангийн золиос болов.
Тодруулбал, Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Яхь нуурын байгалийн нөөц газарт Цагаан сарын өмнөхөн ийм хэрэг гарсан гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан өчигдөр мэдээлэв. Тэдний ярьснаар бол хулгайн анчид нэг дор 14 цагаан зээр агнаж, сэг зэмийг нь цасан дээр овоолон орхисны дотор хүзүүвчтэй зээр ганц байсан аж. “Анчдын буудсан зээрийн ихэнх нь нас бие гүйцсэн ооно байсан. Олон зуун зээрээс цөөн хэд нь л хүзүүвчтэй.
Гэтэл тэдгээрийн нэг нь буунд өртсөн нь хууль бус агнуур эрс нэмэгдсэний илрэл” гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүзүүвчтэй цагаан зээр хулгайн ангийн золиос болсон анхны тохиолдол нь энэ биш аж. 2017 оны арваннэгдүгээр сараас хойш сансрын дохиолол дамжуулагчтай таван зээр хууль бус агнуурт өртжээ.