БСШУС-ын шинэ сайд Ё.Баатарбилэг танд дайх хэдэн үг байна. Дээрээс, томоос ажлаа эхлүүлэх хэрэггүй. Боловсролын салбарын дампуу тогтолцоог бага ч болов өндийлгөе гэж бодож буй бол багаас нь эхлэхийг хүсье. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа сайд болмогцоо “Сурах бичиг хэн дуртайгийнх нь бизнес болсон. Би үүнтэй тэмцэнэ” хэмээж байсан. Гэвч тэр өөрчилж чадаагүй. Үнэндээ юу ч хийгээгүй. Сурах бичиг хэвлэх тендерийг намынхандаа давуу эрхтэй хувааж олгосноос өөрөөр “хувь нэмрээ” оруулаагүйг түмэн олон хэлж буй. Үүнийх нь үр дүнд жилийн жилд хүүхдүүд сурах бичиггүй хохирч ирсэн. Яагаад гэж үү. Ганц, хоёрхон компанид давуу эрх өгснөөс нь болж сурах бичиг хэвлэх хугацаа оройтож, хичээлийн жилийн гуравдугаар улирал эхэлж байхад зарим сурагч номгүй сууж байна.
Гуравхан сарын дараа сурагчид шалгалтаа өгнө. 20 орчим нэр, төрлийн сурах бичиг өдий болтол эздэдээ хүрээгүй байгааг анхааралдаа авна уу. “Ёс зүйтэй, хариуцлагатай байхыг та бүхнээс хүсье. Болж, бүтэхгүй бүхнийг чиглүүлж ажиллана. Салбараа хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллана” гэснээ бүү мартаарай. Сурах бичгийн бизнесийг тендерийн будилаанаас нь эхлээд таслан зогсоохыг хүсье. Шударга өрсөлдөөнийг дэмжин ажилла. Сурах бичгийг олон компани тэгш эрхтэй хэвлэхээр зах зээлд хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөх асуудал цэгцрэх бус уу.
Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд 180 нэрийн сурах бичиг хэрэглэх жагсаалтыг салбарын яам гаргасан. Үүний дотор казах хэлээр орчуулсан 23, тусгай хэрэгцээт 16 нэр, төрлийн ном бий. Сурагчдын тоо нэмэгдэх, урагдаж, хорогдсонтой нь нийлүүлээд 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хэвлэж, нийлүүлж байна. Тэгвэл энэ хичээлийн жилд цөм хөтөлбөрийн хүрээнд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, нийлүүлэх ёстойгоос өдгөө нэг нь ч алга. Тодруулбал, казах хэлээрх нэг, дунд ангийн долоо, ахлахын 13, тусгай хэрэгцээт боловсролын буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хоёр сурах бичиг сурагчдын гар дээр очоогүй байна. Энэ нь өнөөх л тендертэй холбоотой.
Сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, борлуулах үйл явцыг тус тусад нь тендерээр шалгаруулдаг болгосноор хугацаа алдаж байна. Бага ангийнхны бүх номыг 100 хувь, дунд, ахлахын сурах бичгийн 40 хувийг төр хариуцдаг. Хэвлэлийн компаниуд улсаас мөнгө авч, үнэгүй нийлүүлдэг сурах бичгүүдээ гялс тараадаг хэрнээ зах зээлд борлуулах номоо хувилахдаа хойрго ханддаг үзэгдэл газар авчээ. Сонгон шалгаруулалтын бас нэг шалгуур нь компаниуд дунд, ахлах ангийн үлдэгдэл сурах бичгийг хэвлэж, зах зээлд нийлүүлэх үүрэгтэй. Гэвч 2017-2018 оны хичээлийн жил талдаа орчихоод байхад номуудаа худалдаж эхлээгүй байсан юм даг. Тухайн үед олон компанид хэвлэх эрх олгосон мэт харагдавч ачир дээрээ 57 нэр, төрлийн сурах бичгээс “Содпресс”, “Эдмаркет”, “Адмон принт”, “Битпресс”, “Сэлэнгэ пресс”, “Тэнгэрлэг үсэг” ХХК тус бүр 2-4 нэр, төрлийг нь л хувилж, тараасан байна. Харин үлдсэнийг нь хэвлэх эрхийг “Мөнхийн үсэг”, “Соёмбо принтинг”-д хуваан олгожээ.
2018-2019 оны хичээлийн жилд 97 нэр, төрлийн сурах бичгийг нөхөн хэвлэх, шинээр 21-ийг зохиож, нийлүүлэх тендерийн 90 орчим хувийг мөн л энэ хоёр компанид хувааж олгосон байна. Сурах бичгийн сонгон шалгаруулалтад жил бүр оролцдог ч ганц, нэгхэн ном хэвлэж, голдуу ялагддаг гэх “Адмон принт” ХХК-ийн захирал Р.Энхбатаас зарим зүйлийг тодруулахад “Сурах бичгийн тендерт хэн ялах, ялагдах нь анхнаасаа тодорхой байдаг. Гэтэл компаниуд сонгон шалгаруулалтад оролцохын тулд өч төчнөөн бичиг цаас бэлтгэнэ. Тодорхой шаардлага, шалгуур байдаг ч тэр нь хөндлөнгийн хэн нэгнийг оролцуулахгүй гэсэн үлгэр төдий зүйл. Өмнө нь тендерт шалгарсан компаниуд дүрэм, журамд зааснаар номоо хэвлэсэн, эсэхийг шалгадаггүй. БСШУСЯ-ныхны нь дэмждэг компаниуд буруу зөрүү асуудал гаргасан ч тоохгүй. Номын зохиогчид нь хүртэл яамныхны танил тал, хамаатан садан л байдаг” гэж өгүүлэв.
Мөн тэрбээр “Сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх зэргийг нийлүүлээд нэг доор тендер зарладаг байсныг болиулсан. Бүгдийг нь жижиглэнэ, салгана. Хэвлэх тендерийг бас багцална гэнэ. Ингэж олон янзаар, олон удаа тендер зарлах нь тэдэнд ашигтай. Ийм журмаар тендерийг хэзээ ч шударга явуулахгүй. Сурах бичгийг хугацаанд нь хэвлэж, түгээдэг асуудал үндсэндээ байхгүй болсон. Хэнд эрх олгох вэ гэдгээ эн тэргүүнд чухалчихлдаг улс. Ийм “журамтай” сонгон шалгаруулалтад оролцох хэцүү. Надад тендер өг гэж би хэлдэггүй. Зүгээр л энэ тогтолцоо, дүрэм, журмаа сайжруулаач гэж шүүхэд хандахаар хэн ч авч хэлэлцдэггүй. Хоёрхон сарын дотор сурах бичиг зохиохоор өмнөхийгөө үг, үсэггүй хуулж, энд, тэндээс нь багахад өөрчилсөн болоод хэвлэхээс өөр яах ч билээ. Эцэст нь энэ бүхэн сурах бичгийн агуулга, чанарт нөлөөлж байна. Захиргааны хэргийн шүүх, БСШУСЯ хоёр яг л нэг байгууллага шиг болсон. Бид өөр хэнд хандахаа мэдэхгүй, мухардалд орчихоод байна. Яамныхны хийж буй бүхий л муу муухайг шүүх байгууллага нь дааж, хаацайлдаг газар болж хувирсныг олон удаа харлаа. Тендер бол улсын мөнгийг “идэж, уух” л шалтаг болсон. Манайх олон нэр, төрлийн сурах бичиг хэвлэж байсан. Сүүлдээ тавилттай жүжиг болж хувирлаа. 2018-2019 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн 90 гаруй хувийг хэвлэх эрхийг хоёрхон компанид хуваагаад өгчихсөн. ЖДҮХС, “Чингис” бондоос өч төчнөөн мөнгө зээлсэн компаниуд л бүх тендерийг хамж байна. “Соёмбо принтинг” ХХК-ийн захирлаар ажиллаж асан, одоогийн захирлынх нь дүү МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шүү дээ. “Мөнхийн үсэг” компанийн захирал нь Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг. Нэг компани нь л гэхэд тэрбум орчим төгрөгийн сурах бичиг хэвлэж байна. Яамныхан хуулийн дагуу тендер явуулсан л гэж ярьдаг. Гэвч сонгуульд ялсан намын дээгүүр албан тушаалтнуудын ар, өврийн компани сурах бичгийн тендерт хүртэл шунах болж. Дээрх хоёр компанид давуу эрх эдлүүлж ирсэн нь үнэн. Шударга өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэх албан бичиг өгөөд ч тоохгүй. Хамгийн гол нь сурах бичгийг хугацаанд нь хэвлэж амждаггүй” гэсэн юм.
Бид тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс дээрх хоёр компанийнхантай холбогдсон юм. “Мөнхийн үсэг” ХХК гэрээ бүхий 20 гаруй салбараараа дамжуулан хэвлэсэн сурах бичгээ борлуулдаг юм байна. Сурах бичиг хариуцсан мэргэжилтэн нь хөдөө явж буй тул “Аз хур” номын их дэлгүүрийн ерөнхий менежер Б.Дэлгэрцэцэгээс дараах зүйлийг тодруулав. Учир нь эднийх тус компанийн номыг борлуулах эрхтэй. Б.Дэлгэрцэцэг “Худалдаанд гараагүй сурах бичгүүдийн талаар “Мөнхийн үсэг”-ийнхэн мэднэ. Манайхаар дамжуулан 32 нэр, төрлийн сурах бичиг борлуулж байна. Энэ онд хэвлэх дөрвөн төрлийн ном бий. Худалдаалж эхлээгүй байна. Өнгөрсөн сараас хэвлэж эхэлсэн гэсэн. Тендерийг нь 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр явуулсан юм билээ. Манайх XI ангийн мэдээллийн технологи, XII ангийн дизайн технологи, орос хэл, математик гэсэн номыг цөм хөтөлбөрийн хүрээнд шинээр зохиож, энэ онд хэвлэж тараах юм. 20 гаруй гэрээт салбараар дамжуулан сурах бичгүүдийг түгээдэг. Нийслэлийн харьяа сургуулиуд захиалаад, хүргүүлээд авчихдаг” гэж ярилаа.
“Соёмбо принтинг” ХХК-ийн нягтлан бодогч Б.Амарзаяа “2018-2019 оны хичээлийн жилд манайх 30 орчим нэр, төрлийн сурах бичиг нөхөн хэвлэж, түгээсэн. Цөм хөтөлбөрийн хүрээнд VI ангийн монгол хэл, монгол бичиг, уран зохиол, VII ангийн монгол бичиг, уран зохиол, XII ангийн англи хэл, мэдээллийн технологийг шинэчилснээр нь хэвлэж байна. Эх хувь нь бэлэн болохгүй, болсныг нь батлахгүй байсаар хувилах ажил оройтсон. Манайх сурах бичгүүдээ дамжуулан зардаг наймаачдад өгдөггүй. 2500, 3000, 4000 төгрөгийн үнэтэй номыг 20, 30 мянга болгож, дамлах нь бий. Цагаан сарын өмнө гэрээт газрууддаа сурах бичиг нийлүүлээгүй. Удахгүй сургуулиудаар тараана. Орон нутаг руу түгээх ажлыг хариуцдаг хүмүүс тусдаа бий. Манайх сурах бичгийг хугацаанд нь хэвлэхгүй, хомсдол үүсгэх зэргээр асуудал гаргаж байгаагүй. Зах зээлд дамлагдаж, үнэ нь ч өсдөггүй. Борлуулах дээд үнийг яам тогтоодог. Ном нэг бүрийнх нь хэвлэх үнэ хүүхдийн тоо, хэвлэлийн хуудаснаас хамаараад өөр өөр. Яамнаас өгсөн тоонд үндэслэж, судалгаа хийж, хэсэг хувийг борлуулсныхаа дараа үлдсэнийг нь хэвлэдэг. Тэрнээс биш нэг дор бүгдийг нь хувилах боломжгүй” хэмээв. Албаны хүмүүсийн дээрх тайлбарт ямар нэгэн дүгнэлт хийхийг хүссэнгүй. Цагаан сар гээд дээр, дооргүй золгож дууссан байлгүй. Харин одоо сурагчдыг сурах бичигтэй нь хурдхан золгуул, та минь ээ.
“Өнөөдөр” сонин БСШУСЯ-ны цөм хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй “цэг, таслал” бүрийг ажиглаж, асуудлыг цаашид хөндсөөр байх болно.