Ховд аймгийн нутаг, Булган голд халиа үүссэнээс эрэг дагуух айлууд усанд автах эрсдэл үүсжээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Булган сумын Засаг даргын шийдвэрээр голын ойр орчимд өвөлжиж байгаа малчдыг нүүлгэх болсон байна. “Сумын төвөөс 23 км-т орших Далан гэдэг газарт өвөлжиж байсан 1600 малтай таван өрхийг нүүлгэсэн.
Эрсдэлтэй бүсэд нийт 25 иргэн байсныг аюулгүй газарт хүргэсэн. Зарим айлын гэр рүү бага зэргийн ус орсныг эс тооцвол ноцтой хохирол учраагүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан. Эрсдэлтэй бүсэд өөр айл байхгүй” гэж Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийнхэн өчигдөр мэдээлэв.