Хамарын хийд орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хугацаа хэдхэн сарын дараа дуусна. Тэр үед түүх, соёлын дурсгалтай, монголчуудын сүслэн дээдэлдэг газрыг шуналтнуудын савраас хамгаалах эрх зүйн орчин үгүй болж, онгон дагшин энэ газар хүчит техникийн төмөр шанаганаас хаашаа ч зугтах аргагүй чичрэн “хэвтэх” аюул улам бодитойгоор нүүрлэх билээ. Тиймээс Хамарын хийд орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, энэ хавийн газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ удаа хөндөж байна.
Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажилчдын байраа төвхнүүлэхээр завдсан бөх зүрхтэй компанийн талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй, тэр ч бүү хэл орон нутгийн удирдлага нь ч нэг мөр ойлголтгүй, өөр хоорондоо тусгай зөвшөөрөл дамжуулсан олон компани дунд төөрч, будилж суугаа тухай, тус компани Монгол Улсын хууль цааз, төрийн албыг хэрхэн дорд үзэж буй талаар, Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газрын тэн хагасыг эзэлж буй Хар талын тусгай зөвшөөрөл ямар замаар харийнхны гарт орсон мөрөөр бэлтгэсэн цуврал сурвалжилгаа өмнөх дугаарууддаа хүргэсэн билээ.
ХАМАРЫН ХИЙДИЙГ ЯАГААД ХАРАМЛАХ ЁСТОЙ ГЭЭЧ
Хамарын хийд орчмын газрыг яагаад хамгаалах, харамлах ёстойг монголчууд хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Гэвч голдоо гэгээгүй дарга нарт зориулаад дахин нэг сануулахаас аргагүй нь. Энэ газрыг ухуулах саналыг дэмжиж, зөвшөөрөл өгөөд, тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компани нь Монгол Улсын хууль цааз, төр, засгийг нохой хуцсаны дайтай ч тоохгүй, үйлдэл бүхнээрээ хууль зөрчөөд байхад толгойг нь илж, цуцалсан лицензийг нь дахин дахин сэргээгээд байгаа хүмүүсийг голдоо гэгээгүй гэхээс өөр юу гэх билээ.
Догшин ноён хутагт Данзанравжаа 200 жилийн тэртээ хорь ч хүрээгүй насандаа Хамарын хийдийг байгуулж, насан эцэслэтлээ зохиол бүтээлээ туурвин суусан гэдэг. Тухайн үеэс өнгөрсөн зууны 30-аад он хүртэл энэ хийд Монголын соён гэгээрлийн томоохон төв болж байсан гэж судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм. Ноён хутагт Монголын анхны театрыг Намтар дуулах дацан нэртэйгээр Хамарын хийдэд байгуулж, “Саран хөхөөний намтар”-аа зохиож, найруулан, тоглуулсан гэгээн түүх энд бичигдсэн. 200-гаад хүн оролцон тоглодог “Саран хөхөөний намтар”, түүнийг үзүүлдэг Намтар дуулах дацан бол нэрт найруулагч Э.Оюуны тодорхойлсноор “Монголын өвөрмөц сонин үзэгдэл” байв.
Нэрт эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын багш Г.И.Михайлов “XIX зуун Орос оронд аугаа их яруу найрагч А.С.Пушкиныг төрүүлсэн бол Монгол оронд мөн түүний адил их найрагч Д.Равжааг төрүүлж өгчээ” хэмээн тэртээ 1950-иад онд өргөмжилсөн Дулдуйтын Данзанравжаа чухам энд л “Урьхан хонгор”, “Салж ядах сэтгэл”, “Сэргэлэн зант Цагаанаа”, “Духтай хурдан хүрэн”, “Ертөнц авхайн жам”, “Ичиг ичиг”-ээ туурвиж, энэ л аараг толгодын дунд “Үлэмжийн чанар”-аа шуранхайлуулж явсан гээд бод доо.
Говь нутгийн сэвшээ зөөлөн салхи үе дамжуулан шивнэсээр ирсэн, нутгийн зон олон өнөө хэр хуучилсаар суудаг Догшин хутагтын тухай түүх, домог энд олон бий. Тэд бүгд нутгийн уул, устай холбогдон биежиж, мартагдалгүй өнөөг хүрсэн байдаг. Догшин хутагтаас эхлээд олон ихэс дээдэс бясалган сууж, бүтээл туурвилаа төрүүлж асан агуйнууд, Данзанравжаагийн ангаагаа тайлан ундаалж явсан, өдгөө ч говийн хүн, мал, араатан, жигүүртний аминд ордог Хөх эргийн булаг, Сүмийн булаг өрөө цоолуулж, хэвлийгээ ухуулах өдрөө хүлээн дагжиж байгааг мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй царайлж суугаа шийдвэр гаргагч дарга нар ичиг, ичиг.
Энэ нутаг түүх, соёлын олон өв дурсгалтайгаас гадна археологи, палеонтологийн үнэлж амжаагүй олдворуудыг хэвлийдээ тээж байгаа. Хэдэн сая жилийн өмнө аварга биетнүүд Монголын говьд тааваараа бэлчиж явсны гэрч үлэг гүрвэлийн яс, чулуужсан мод, ургамал тэргүүтэй палеонтологийн олдвор эндээс элбэг олддог. Хамарын хийдийн хажууханд байх өнгө алагласан аараг толгодын нэгнийх нь өвөрт мөнхөрч үлдсэн үлэг гүрвэлийн чулуужсан ясыг нутгийнхан “тусгай” зочдодоо үзүүлдэг юм билээ. Энэ хавиас иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн яс, өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын үлдэгдэл элбэг олддог талаар мэргэжлийнхэн ном бүтээлдээ олонтоо дурдсан байдаг.
Их говийн цээл уудмыг бүрэн судалж амжаагүй, тэр тусмаа хар элэгтнүүдийн олборлолт хийх гээд байгаа газарт археологи, палеонтологийн судалгаа хийгээгүй учраас хэвлийд нь юу байгааг хэн ч мэдэхгүй суугаа нь анхаарлын гадуур өнгөрөх асуудал яавч биш. Уг нь хайгуулын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж тухайн газартаа заавал археологи, палеонтологийн судалгаа хийлгэх хуультай ч хуульд захирагддаггүй компани үүнийг хийлгээгүй юм билээ. Тиймээс “Даблью эс жи эл” компанийн мэдэлд буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хөрсөн дор нүүрснээс өөр юу байгаа, тэнд олборлолт хийвэл юу сүйдэж үгүй болох гэж буйг хэн ч мэдэхгүй байгаа юм. Тэр ч бүү хэл хэдий хэмжээний, ямар нүүрс байгааг ч мэдэхгүй хэрнээ ашиглалтын зөвшөөрөл өгчихөөд, ухуулах өдрөө хүлээж суугаа гээд л бодчих.
Хамарын хийд орчмыг харамлах шалтгаан үүгээр дуусахгүй. Энэ газар түүх, соёлын энэ мэт олон өвийг тээдгээс гадна тайлагдашгүй нууцаар дүүрэн. Ээрэм говийн энэхэн хэсгийг хүний оюуны хүчийг тэтгэдэг энергитэй, дэлхийн энергийн төв хэмээн итгэж, сүсэлдэг хүн дэлхийн өнцөг булан бүрт бий. Хамарын хийдийн ловон лам С.Борхүү “Японы угсаа залгамжлах хунтайж Акишино, гүнж Кико, алдарт жүжигчин Ричард Гир, Стивен Сигал нар Хамарын хийдийг чухалчлан зорьж ирж, сүсэглэн залбирсан. Стивен Сигал өөрийнхөө нэрээр тусгай суварга босгосон. Дэлхийн буддын шашны лидер, их, бага хөлгөний эрдэмтэй лам нар бүгд ирсэн. Далай лам ирж амжаагүй ч тусгайлан хадаг дайж явуулсан. Николай Константинович Рерих, Эрнст Рифгатович Мулдашев нарын цуутай эрдэмтэд “Жан шамбал буюу хойд зүгийн шамбал Монголын говьд байна” гэх мэтээр ном бүтээлдээ бичиж үлдээсэн нь бий. Тиймээс бид Хамарын хийдээ дэлхийд данстай гэж хэлдэг юм. Судлагдаагүй, тайлагдаагүй нууцуудынх нь талаар эрдэмтэд судалсаар, ярьсаар байна. Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдэх чухал газар гэдэгт нь би эргэлздэггүй. Ийм газар Монголд олон байхгүй.
Хүмүүс энэ газраа шүтэж, хайрладаг болохоор энд ан хийдэггүй, бас идэш хоол, ус ундтай учраас ховор ан амьтад өсөж үржих таатай газар болсон. Зээр, гөрөөсийн нүүдэл байнга дайрна. Аргаль, угалз бууж ирнэ. Говьд ийм газар улам л ховордож байна. Аялал жуулчлал жил ирэх тусам хөгжиж, жилд 100 гаруй мянган дотоод, гадаадын жуулчин хүлээж авдаг болсон. Түүх, соёл, шашин, урлаг, байгалийн үзэсгэлэн, аялал жуулчлал, тайлагдаагүй нууц гээд аль ч талаас нь бодсон хайрлаж, хамгаалахгүй байхын аргагүй байгаа биз. Ийм газраа хэдхэн жил ухаад дуусах нүүрснээс болоод сүйтгэчихнэ гэдэг яавч болохгүй хэрэг. Хамарын хийдийн лам хуврага, сүсэгтэн олон бид энэ нандин газраа нүүрснээс болоод алдчих вий гэж үнэхээр айж, сэтгэл шаналж, балмагдан сандарч байна. Монголчуудын минь амны хишиг арай ч иймдээ тулаагүй байлгүй. Улстөрчид, ихэс дээдэс нэгийг бодож, хоёрыг тунгаан, анхаарлаа хандуулах байгаа” гэснийг уламжилъя.
ШҮҮХЭД ХАНД, Т.ЭНХТҮВШИН ДАРГА АА
Ашигт малтмал ашиглах ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт, газар, ус ашиглах гэрээ гэх мэт холбогдох бүх бичиг баримтгүй, археологи, палеонтологийн судалгаа хийгээгүй гээд зөрчиж болох бүх л хууль дүрмийг зөрчин, Хамарын хийд орчимд олборлолт хийхээр санаархаж буй компани олны хэл амыг намжаахаар түр “ичээнд” ороод байна. Тэд зөөж аваачсан ажилчдын байр, шатахуун түгээгүүрийн ёмкостио нүүлгэж, нүднээс далд аваачсан ч ашигт малтмал олборлох 40 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр байгаа. Түүнийг цуцлаагүй, цуцлах боломж ч бараг үгүй талаар албаны хүн хэлсэн.
Сум, аймгийн удирдлага, иргэд газар нутгаа ухуулахгүй гэж бодож байгаа л бол тэдний түр зуурын нүүдэлд сэтгэл амран тайвшрах бус, улам идэвх санаачилгатай ажиллах ёстой болоод байна. Учир нь Хамарын хийд орчмыг орон нутгийн хамгаалалтад авсан хугацаа хэдхэн сарын дараа, бүр тодруулбал, энэ оны долдугаар сард дуусахыг өмнө нь дурдсан. Хамарын хийд орчмын газрыг ухахад саад болж буй эрх зүйн ганц хамгаалалтын хугацаа нь дуусах дөхөж буйг тэд тооцоод, дараагийн нүүдлээ бэлдэж байгаа биз. Тэгэхээр Хамарын хийд орчмыг ухуулахгүй гэсэн хүмүүс ч дараагийн алхмаа бодох, бэлтгэх, хийх хэрэгтэй болох нь дамжиггүй.
Ашиглалтын талбайн ойролцоох үлэг гүрвэлийн олдвор
Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахаас нааш энэ нутгаас аюул бүрмөсөн холдохгүй. Тэгэхээр эхний ээлжинд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах талаар орон нутаг идэвх, санаачилгатай ажиллах хэрэгтэй юм билээ. Тухайлбал, нэгэнт энэ тусгай зөвшөөрлийг цуцлах хууль, эрх зүйн боломжгүй гээд хэлчихсэн АМГТГ руу бичиг илгээж суухын оронд аймгийн Засаг дарга шүүхэд хандаж болно. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, холбогдох байгууллагуудад зохих журмын дагуу бүртгүүлсэн газарт нь давхардуулан тусгай зөвшөөрөл сэргээх шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрийг шүүхэд өгч яагаад болохгүй гэж. Эсвэл Хамарын хийд аялал жуулчлалын бүс, соёлын өв байгаа нь тогтоогдсон түүх, соёлын дурсгалт газар атал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байхдаа палеонтолгои, археологи, бусад соёлын өв байгаа, эсэхийг тогтоох судалгаа хийгээгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэсэн үндэслэлээр ч шүүхэд хандах боломжтой. Ингээд шүүхийн шийдвэр бариад очвол АМГТГ-ынхан түүнийг биелүүлж, тусгай зөвшөөрлийг цуцлахаас өөр аргагүй болох юм.
ХАМАРЫН ХИЙДИЙГ УЛСЫН ХАМГААЛАЛТАД АВХУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАЖ, НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЭЧ, Б.ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮН ЭЭ
Хамарын хийд орчмоос шуналтнуудын саврыг бүрмөсөн холдуулахын тулд улсын тусгай хамгаалалтад авахад ч болохгүй зүйл үгүй билээ. Учир нь Хамарын хийдийн туурь, тэр орчмын палеонтологийн олдворт газрууд бүгд түүх, соёлын үл хөдлөх дурсгал хэмээн үнэлэгдэж, соёлын өвд бүртгэгдсэн байдаг юм. Үүнийг хамгаалах нь улсын үүрэг билээ. “Өдөр ирэх тусам цөлжиж, ан амьтан идээшин амьдрах аргагүй болж буй говь нутагт ховорт тооцогдох булаг, шандтай баянбүрд, аялал жуулчлалын бүс, түүх, соёлын дурсгал цогцолсон Хамарын хийд орчмын газар нутгийг ухахаар улайрч буй хятад компанийн ар талыг хариуцдаг монгол хүн бий. Тэр нь Дорноговьд “хаан суусан” Б.Дэлгэрсайхан байж магадгүй. Энэ нутагт ийм том толгой гаргах хүн түүнээс өөр байхгүй” гэж дорноговьчууд хардаж байгааг эрхэм гишүүн дуулсан л байлгүй. Энэ нутгийн зон олныг төрд төлөөлөх ганц мандатыг авсан хүний хувьд Догшин хутагтын дагшин нутгийг хамгаалахад анхаарлаа хандуулж, энэ нутгийг сувдаг шунахайчуудын гар хүрэхээргүй болгож, дархлах үйлсийг түүчээлэн, нэрээ цэвэрлээч Б.Дэлгэрсайхан гишүүн ээ. Энэ бол дорноговьчуудын захиас, хүсэл юм шүү.