- Яамд бичиг шидэлцэж, иргэд цөхрөх цагаар олборлогчид баясдаг –
2018 оны тавдугаар сар. Хайлааст багийн Өгөөмөрийн арын тохой. “Эко Алтан Заамар” ХХК тайланд хамрагдаагүй талбайд хөрс хуулж, уулын ажил эхлүүлж буй байдал
Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн арын тохойд “Эко Алтан Заамар” ХХК хөрс хуулалтын ажил эхлүүлж байгаа талаар нутгийн иргэдээс гомдол мэдүүлэв. Уг тохой нь Хайлааст багийн Туул голын дагуух 56 км газраас уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн, гурван км үргэлжилдэг цорын ганц эрүүл хэсэг байжээ.
Чухам энэ багаахан газарт малчид зусаж, малаа ус, хужир, шүүнд оруулдаг аж. Угтаа уул уурхайн олборлолтод өртөж, эвдэрсэн бүсэд амьдардаг Хайлааст багийн иргэд, малчдын хувьд жинхэнэ диваажин нь байв. Харамсалтай нь, нутгийнхны хувь дутжээ. Хөндөгдөөгүй үлдсэн өчүүхэн газрыг нь ухан онгичих ажил хэдийн өрнөсөн аж.
Ардууд дуугүй суусангүй. Төв аймгийн Заамар сумын III багийн иргэд өнгөрсөн зун эсэргүүцлээ илэрхийлсэн. Иргэний нийгмийн байгууллагууд ч хүч нэмэн дуугаа өргөжээ. Ингэснээр баг, цаашлаад Заамар сумын Засаг дарга энэ асуудалд анхаарлаа хандуулж, захирамж гарган хяналт, шалгалт хийв. Шалгалтаар “Эко Алтан Заамар” ХХК-ийг холбогдох хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн хэмээн үзэж, үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Үнэндээ тус компанид сумын засаг захиргааны шийдвэр “балчирдав”. Олборлогчид сумын ИТХ-ын шийдвэрийг үл тоомсорлоод зогсохгүй, олборлолтоо үргэлжлүүлсэн байна. Монгол төр, Монголын хууль хүчгүйдэж эхэлсний нэг жишээ энэ.
Ер нь алтны олборлолт гэдэг гол ус, газар шороог орвонгоор нь эргүүлдэг үйлдвэрлэл. Олборлолт явуулж буй газруудад гол усаар бус шавраар урсана. Машин техникүүд эргэх тоолонд нь, хөдлөх бүрт нь голын элс шороо, хайрга чулуу юутай хээтэйгээ холилдон булингартаж, уул нуруудын жалга гүвээ нүд халтирам болдог юм. Үүний цаана загас жараахай, цаашлаад усны амьд биетүүд хүчилтөрөгчөөр дутагдан үхэж, мөхөн, сөнөж байдаг. Бүхэл бүтэн экосистемийн доройтол, байгалийн сүйрэл тэнд жинхэнэ утгаараа өрнөдөг юм.
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан, бодит нөхцөл байдлын талаарх дүгнэлтээс цухас харъя. Тухайлбал,
“...2017 онд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөөгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)-ний тайлан боловсруулж, батлуулсан “Ти Ди Экс транс” ХХК нь Заамар сумын Хайлааст багийн иргэдэд төслийг танилцуулж, багийн ИНХ-ын саналыг тусгаж хавсаргаагүй”
гэх мэтээр олон зөрчлийг тоочсон байна.
...“Эко Алтан Заамар” компани төлсөн татвараасаа илүү Монгол орны байгаль орчинд хэчнээн хохирол учруулсныг яг таг тооцвол чамгүй өндөр тоотой дүн гарах биз ээ. Тэрчлэн элэг дотрыг нь ухан байж авсан эрдэнэсийнх нь төлөөсөнд ядаж Туул голыг хайрлан хүндэтгэх нүнжиг, шударга ёс, зөв хандлага тэдэнд дутжээ...
Багаас суманд, сумаас аймагт, аймгаас нийслэл хүртэл үйл явдал ийнхүү өрнөлөө. Заамар сумын ИТХ-ын тогтоолоор тус компанийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа, хяналт шалгалтын дүгнэлтийн хамт БОАЖЯ-нд хүргүүлэв. Үүний дагуу Ажлын хэсэг ч томилогдож, шалгалт дахин орлоо. Хяналт, шалгалтын дүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээ 2018 оны долдугаар сарын 20-нд олон нийтэд албан ёсоор зарлаадахав. Ийн цуцлах болсон шалтгаан нь тус компани Байгаль орчныг хамгаалах, Ашигт малтмалын, “Урт нэртэй” хуулийг тус тус зөрчсөнийг тогтоожээ. Иймд долдугаар сарын 16-ны 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргасан байна.
Үйл явдал цааш өрнөсөөр Ашигт малтмал, газрын тосны газраас БОАЖЯ-нд албан бичиг хүргүүлэв. Үүнд “Эко Алтан Заамар” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг хянан үзэхэд танай 2018/02 тоот дүгнэлтийг үндэслэн MV 007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн баримт материалыг хянан үзнэ үү” гэсэн утга бүхий албан бичгийг өнгөрсөн оны наймдугаар сард хүргүүлсэн талаар тус газарт ажилладаг эх сурвалж өгүүлэв. Монголын төр, Монголын хууль алт олборлогчдын өмнө хүчгүйдэж эхэлсний бас нэг жишээ энэ.
Мөн БОАЖЯ-нд хаягласан бичигт тус компаниас хүргүүлсэн таван хуудас бүхий материалыг хавсаргажээ. Хэдэн мэдээлэл харъя. “Эко Алтан Заамар” ХХК 2016-2018 оны зургадугаар сарын байдлаар гэхэд нэг тонн алт олборлож, улсын болон орон нутгийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 оны тавдугаар сард тус компанийг “ТОР 100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулжээ. Гэтэл нэг гараараа шагнаж өргөмжлөчихөөд, нөгөө гараараа тусгай зөвшөөрлийг нь цуцлан, оруулсан хөрөнгийг үргүйдүүлж байна гэх мэтээр дурджээ.
2018 оны тавдугаар сараас аравдугаар сарын хооронд Туул голын сав дагуу хойд, урд хэсэгт тус компани олборлолт явуулсан байдал
Харин одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хүргүүлсэн албан бичгийг сонирхоё. Тус албан бичигт “Эко Алтан Заамар” ХХК-ийн MV 007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлуулах шийдвэр гаргасан тухай байв.
Тодорхой хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газар нь хуульд заасны дагуу тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах байтал шийдвэрлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн. Нөхцөл байдлыг тогтоолгүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг бүрэн тодорхойлоогүй, сонсох ажиллагаа хийхдээ оролцуулаагүй төдийгүй “зарим бичиг баримт” хэмээн ойлгомжгүй байдлаар хандсан. Зөвхөн “Эко Алтан Заамар” ХХК-ийн тайлбарыг үндэслэл болгож, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг буцаасан байна гэжээ.
Мөн тус компани 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусгасан нөхөн сэргээлтийн ажлын 30 хувийг гүйцэтгэснийг тогтоосон. Түүнчлэн 2016 онд батлагдсан БОНБНҮ-ний тайланд хамрагдаагүй В 26 блок-д 1200 ам метр талбайд 344 889 шоо метр хөрс хуулалтын ажил хийж, уулын ажил эхлүүлснийг агаарын гэрэл зургаар баталсан байна. Үүгээр зогсохгүй хөрс хуулалтын ажлаас үүссэн шүүрлийн усыг Туул гол руу насосоор шавхан зайлуулж, бохирдуулж, байгаль орчинд хохирол учруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Энэ бүхэн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болж байгаа тул бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахыг салбарын яамнаас анхааруулжээ.
Экосистемд хөндөгдөөгүй хөрс тун чухал ач холбогдолтой байдаг. Хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үеийнхээс хоёр дахин багассан байна. Байгальд ганцхан см ялзмаг бүрэлдэхэд олон зуун жил шаардлагатай. Чухам энэ ялзмаг нь экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад асар их их үүрэг гүйцэтгэдэг. Эрдэмтдийн судалгаагаар хагалсан, сэндийлсэн газраас 60 гаруй жилийн дотор хамгийн багаар тооцоход л 600 мянган тонноос илүү ялзмаг хөрснөөс устаж алга болсон байна. 1900-гаад оны үед Бороогийн гол орчимд хятадууд алт олборлож байв. Тэгвэл тэнд одоо л нэг юм ялзмаг дөнгөж үүсэж эхэлснийг судлаачид тогтоосон. Ингээд бодоход олборлолтын явцад хөрс хуулалтаар хэчнээн тонн ялзмаг устаж үгүй болсныг тооцож таамаглахын аргагүй юм.
Угтаа “Эко Алтан Заамар” компани төлсөн татвараасаа илүү Монгол орны байгаль орчинд хэчнээн хохирол учруулсныг яг таг тооцвол чамгүй өндөр тоотой дүн гарах биз ээ. Тэрчлэн элэг дотрыг нь ухан байж авсан эрдэнэсийнх нь төлөөсөнд ядаж Туул голыг хайрлан хүндэтгэх нүнжиг, шударга ёс, зөв хандлага “Эко Алтан Заамар” компанийнханд дутжээ.
Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн ар. “Эко Алтан Заамар” ХХК-ийн алтны олборлолт өрнөөгүй үе
“Алт” хөтөлбөрийг нэхэн саная. Тэр үед дэвшүүлсэн, баримталсан олон бодлого бий. Гэтэл 20 гаруй жил өнгөрсөн ч байгалийн эрдэс түүхий эдийг эцсийн боловсруулалт хийж экспортлох шилдэг технологи нэвтрээгүй л байна. Энэ төрийн бодлогын алдаа биш гэж үү. Өнөөдрийг хүртэл алтны шороон ордын олборлолт 100 жилийн өмнөх технологиос салаагүй явна. Үнэндээ энэ бол гутамшиг. Яг ийм технологийг Төв аймгийн Заамар суманд жинхэнэ утгаар нь бид харж байна.
...“Эко Алтан Заамар” компанийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах БОАЖЯ-ны шийдвэр олон монгол хүнийг баярлуулсан. Заамарын хөндийд өсөж торнисон нутгийнхан төдийгүй байгалиа хамгаалдаг, хайрладаг хэн бүхнийг баярлуулах таатай мэдээ байсан юм. Гэвч энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь одоо тодорхойгүй байна. Тус компани үндэслэлгүй дүгнэлт гаргасан хэмээн БОАЖЯ-ыг буруутган, шүүхэд хандаад буй юм билээ. Харин шүүх хурал хоёр дахь удаагаа долоо хоногоор хойшилчихлоо.
Мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс яамны дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн түдгэлзүүлсэн байна. Байгаль орчин, Туул голын экосистемд “Эко Алтан Заамар” ХХК хохирол учруулж, бохирдуулсан нь тогтоогдчихоод байхад шүүхээс ийм шийдвэр гаргаж байгаа нь Монгол төр, Монголын хууль сөхөрч эхэлсний бас нэг жишээ болж байна.
Үйл явдал ийнхүү өрнөсөөр...
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн