Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018”-ын үр дүнг өчигдөр танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 180 орчим үзүүлэлтийг нэгтгэн тооцдог аж.
Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлсэн бол араас нь Дархан-Уул, Өмнөговь жагсжээ. Тэгвэл Булган, Дундговь, Говь-Алтай, Архангай аймаг сүүл мушгисан байна. Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь аймаг өрсөлдөх чадвараа ихээхэн сайжруулсан нь харагдсан аж. Тодруулбал, өрсөлдөх чадварын оноогоо 12-16-гаар өсгөсөн гэнэ.
Тэгвэл Архангай аймгийн өрсөлдөх чадвар зургаа, Булганых дөрөв, Хөвсгөлийнх таван оноогоор буурсан байна. Тус төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Энэ тайланг аймгийн удирдлага, бизнес эрхлэгчид, иргэд ашиглах боломжтой. Ямар үзүүлэлт муу байна вэ гэдгээ олж харвал засаж, залруулахын төлөө ажиллана. Байр эзлэх нь чухал биш. Муу үзүүлэлтээ сайжруулахаар ажиллах нь зөв гэж бодож байна” гэж ярилаа.