“Алунгоо эх" төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг 2018 онд зохион байгуулсан. "Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилго бүхий тус тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорч 2019 оны гуравдугаар сарын 6-17-ний өдөр БНХАУ-д зохион байгуулах “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Дэлгэрцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамнаас “БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЭЛЧ”-ээр батламжилж, батламжийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өглөө.
Тэрээр, “Ээж хүн хамгийн хүчтэй, үр хүүхдийнхээ төлөө хамгийн их санаа зовнидог, хамгаалахын тулд хамгийн ихээр тэмцэж чаддаг. Тийм хүчирхэг бас сайхан эмэгтэйн төлөөлөл олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх гэж байгаад баяртай байна. Хүүхэд хамгааллын элч болон дуу хоолойгоо хүргэнэ гэдэг маш чухал. Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэх, нөлөөлөхөд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.
Мисс А.дэлгэрцэцэг, “Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний нэг гол онцлог нь хүмүүнлэгийн үйлийг чухалчилдаг. Тэр утгаараа тэмцээнд явахаасаа өмнө болон ирсэнийхээ дараа одонтой ээжүүдийг уриалахаас эхлээд нөлөөллийн олон арга хэмжээ хийх болно. Хүүхэд хамгааллын элч болно гэдэг том хариуцлага” гэлээ.