Тэмээ яагаад 12 жилд багтаагүйн үлгэрийг хүмүүс андахгүй. Хулгана, тэмээ хоёр нар мандахыг хэн түрүүлж харсан нь 12 жилийн нэгт багтах тохироо хийдэг. Том бие, эр чадалдаа бардан тэмээ дорно зүг ширтэн хэвтдэг. Гэсэн ч ургах нарны туяа баруун уулын оройд түрүүлж тусахад тэмээний бөхөн дээр суусан хулгана түүнийг харснаар 12 жилд багтсан гэдэг домог бий. Яагаад гэнэт үлгэр, домог яриад явчихав гэж бүү гайхаарай. Манай улсын ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоо энэ үлгэртэй төстэй санагдаад. Тэмээ шиг бүдүүн баараг хэдэн нөхрөөс болж цөм хөтөлбөрийн шинэчлэлд нэг хичээлийн сурах бичиг багтаагүй хаягдсан, үг, үсэг, хэл найруулгын алдаатай ном өчнөөнийг зохиож, түүнийгээ засаж хэвлүүлэхдээ тэрбум тэрбумыг зарлагадсан. БСШУСЯ сургалтын хөтөлбөрийг өөрчлөх гэж ийн хөгөө чирж, системийн томоохон алдаа, завхрал гаргасныг “Өнөөдөр” сонин өмнөх цувралаараа хөндсөн. Энэ удаад төсвийн мөнгийг үрэн таран хийсэн, алдаатай сурах бичиг зохиогчдоос хариуцлага нэхэж байна.
Нэгдүгээр ангийн иргэний боловсролын хичээлийн ном “12 жилд” багтаагүйн шалтгаан нь ердөө алдаатай хэвлүүлснээс болсон. Цөм хөтөлбөрийн хүрээнд 2014 онд эхийг нь шинээр зохиож, тараасан ч үг, үсэг, хэл найруулга, агуулга нь авах юмгүй байсныг 2016 онд илчилснээр шүүхээр хэргийг шийдвэрлүүлсэн байдаг. Тодорхой хэлбэл, уг сурах бичгийг цаашид ашиглах боломжгүй, шинээр зохио гэсэн дүгнэлт гаргасан юм. Уг нь иргэний боловсролын номыг сургалтад ашиглахаас өмнө буюу 2013 онд сургуулиудад туршаад, дараа оныхоо долдугаар сард нэгдүгээр ангийн сурагчдын тоогоор хэвлүүлжээ. 2014-2015, 2015-2016, 2016-2017 оны хичээлийн жилд 180 мянга орчмыг хувилсан гэсэн үг. Энэ бүхний дараа яамныхан “бантан хутгаснаа” мэдээд өнөөхийгөө шинэчлэх мөнгөгүй гэж гүрийсэн бололтой. Сургалтын хуучин хөтөлбөрийн дагуу ашиглаж байсан номоо 2018 онд 70 000 ширхэг хувилаад, улс даяар тараасан юм. Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар бага боловсролын сургалтын хөтөлбөрт багтсан иргэний боловсрол хичээлийн номыг зохиогчдын буруугаас болж шинэчилж чадаагүй хоцорсон нь энэ. Үүнээс гадна алдаатай зохиогдсон ном өчнөөн бий тул БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнд өнгөрсөн даваа гарагт очиж, зарим зүйлийг тодруулав. Эднийх салбарын сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар сурах бичгийн эх зохиох, хянах, хэвлэх, түгээх ажлыг хариуцдаг. Улмаар ном зохиогчдыг нээлттэй сонгон шалгаруулж, эзэндээ хүртэлх бүх л үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж иржээ.
2014 оноос хойш сургалтын цөм хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 1-12 дугаар ангийн сурах бичиг зохиох багт давхардсан тоогоор 680 гаруй хүн гар бие оролцсон аж. Зохиогчийн багт тухайн шинжлэх ухаан, заах арга зүйгээр мэргэшсэн, сурах бичгийг практикт туршдаг гишүүд байх шаардлага тавьдаг санж. Энэ дагуу зохиогчдын багийн гишүүдийн 29 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар, 33 хувь нь их, дээд сургуулийнх, үлдсэнийг нь холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүрдүүлж. Гэвч сурах бичигт салаа утгатай, агуулга, арга зүйн шийдэл нь ойлгомжгүй, хариу нь гарахгүй дасгал, даалгавар, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаатай хэвлүүлснийг Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторынхон судалж, мэджээ. Тиймээс одоо хэрэглэж буй сурах бичигт тавих шаардлага, шалгуурыг боловсронгуй болгох, тусгай хэрэгцээт буюу казах, тува хэлээрх номын стандарт бий болгохоор ажиллаж буй гэнэ.
Тус хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрхлэгч Д.Пунцагсүрэн “Сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, даалгавар, дизайн зохиомж, багтаамж нь сургалтын шинэ хөтөлбөр, сурагчийн хэрэгцээ сонирхол, ачаалал, сурах арга барил эзэмших, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд нийцэх ёстой. Үүнийг цогцоор нь судалж, шинжлэх шаардлагатай. 2013 онд Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн зураглалыг баталсан. Энэ ажлын хүрээнд 1-12 дугаар ангийн хичээлийн номуудыг шинэчлээд дуусаж байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого баталж, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энгийнээр тайлбарлавал, шинэчлэлийн хүрээнд бага ангийнхан эх хэлээ сурах арга барил эзэмшсэн байх, дунд ангид хувь иргэн болж төлөвшинө. Харин ахлах ангийнханд хичээлээ сонгон судлах боломж олгосноор хүүхдүүдийг мэргэших тал руу нь түлхүү хөгжүүлнэ гэсэн үг. Ингэхийн тулд сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сурах бичгийг цогцоор нь шинэчилсэн. Өнгөрсөн онд бид “Тогтвортой хөгжил, ерөнхий боловсрол” улсын II зөвлөгөөн зохион байгуулж, анхаарах ёстой хэд хэдэн зөвлөмж гаргасан юм. Энэ хүрээнд шинээр зохиосон 180 орчим нэр, төрлийн сурах бичгийг онлайнд байршуулан, агуулга, арга зүй, үнэлгээ дасгал ажлын боловсруулалт, үг, үсэг, хэл найруулга амьдралд нийцэж буй, эсэхэд ерөнхий боловсролын багш нараас санал авсан. Хот, хөдөөгийн 300 гаруй сургуулийн нийт 4000 багш давхардсан тоогоор 12 000 гаруй санал ирүүлсэн. Тэдний саналыг яаманд хүргүүлж, сурах бичгүүдэд зохих ёсны залруулга хийж байна. Өөрөөр хэлбэл, хэл, найруулга, үг үсгийн алдаатай болон Монгол хэлний журамласан толь гарсантай холбоотойгоор нэлээд олон сурах бичгийг засаж, хэвлүүллээ. Уг толиос хамааралгүй, найруулга, үг, үсгийн 1200 орчим алдаа байгааг илрүүлсэн. Энэ бүхнийг үндэслээд өнгөрсөн онд 97 нэр, төрлийн сурах бичгийг заслаа. Яам зөвшөөрвөл энэ жил үлдсэнийг нь засаж, сайжруулна” гэв.
Боловсролын хүрээлэнгийнхний ярьснаар 1-12 дугаар ангийн бүх сурах бичигт засвар хийх бололтой. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд ганц нэг номыг засаж сайжруулах тохиолдол байлгүй л яах вэ. Харин манайх сурах бичгүүдээ зохиож, хэвлүүлснийхээ дараа л алдаа байгаа, эсэхэд санал авдаг гаж тогтолцоотой юм байх. Зарим нь тоймгүй алдаатай байгааг тогоонд нь буй багш нар хэлээд өгчээ. Нэгэнт хэвлээд тараачихсан, үлдсэн номуудаа энэ жил залруулах уу, эсвэл алдаатай чигт нь энэ хичээлийн жилийг дуусгах уу гэдэг нь тодорхойгүй. Яам нь ч тэр, хүрээлэнгийн эрдэмтэн, дарга нар нь ч тэр сурах бичиг зохиогчдыг алдаа гаргавал толгойг нь илдэг, тун чиг энэрэнгүй сэтгэлтэй аж. Хариуцлагын ямар нэгэн тогтолцоо байдаггүй бололтой. “12 жилд” багтаагүй иргэний боловсролын хичээлийн сурах бичиг зохиогчдыг цаашид сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байхаар “хатуу” шийтгэсэн гэх. Зохиогчийн багийн гишүүн С.Батсүх, Г.Цэвэлмаа, О.Пүрэв, У.Туяа нар ажлын хөлсөндөө 12 000 000 төгрөг авсан гэнэ лээ. Тоо бодъё л доо. Тухайн үед 180 000 ширхэг бүрийг нь хамгийн хямдаар 1200 төгрөгөөр хэвлүүлсэн гэвэл зөвхөн хувилах зардалд 216 сая, ном зохиоход авсан хөлсийг нь нэмбэл 228 сая төгрөгийг бидний халааснаас хумсалжээ. Хэдэн зуун тэрбумын төсөвтэй яамныхны хувьд энэ бага мөнгө байх. Харин жирийн иргэд гурван ч орон сууц авчих хэмжээний энэ мөнгийг насаараа хөдөлмөрлөөд ч олоход бэрх. Гэтэл улс тэдэнд тендерт дахин оролцуулахгүй байх л “ял” оноосон болоод өнгөрөх нь.
“Өнгөрсөн жил алдаатай номуудыг засаж, сайжруулахад зохиогч нартай хамтарсан. Тэдэнд мөнгө төлөөгүй. Сурах бичгийг засаж, сайжруулах саналаа БСШУСЯ-нд өгдөг. Тэд хянаад, хэвлэх үйлдвэр рүү явуулна. Харин хэвлэх үйлдвэрийнхэн сурах бичгийн эхийг зохиогч нартай хамтран бэлтгээд, буцаагаад манайх руу өгдөг. Болсон гэж үзвэл хэвлэлтэд шилжүүлнэ. Сурах бичиг зохиох явцад бид гишүүдтэйгээ уулзаж саналаа хэлээд, давхар хянадаг. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар “Сурах бичиг зохиохдоо биднээс санал аваач. Номын эх хувийг онлайнд байршуулбал практикт туршаад, саналаа хэлж байя” гэж хүссэн. Энэ дагуу өнгөрсөн онд 12 дугаар ангийн сурах бичгийг зохиож дуусаад эх хувийг нь цахимд байршуулснаар 20 гаруй санал, зөвлөгөө ирснийг тусгаж, хэвлүүлсэн нь үр дүнтэй ажил болсон. Цаашид агуулгын томоохон өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон гэсэн үг” гэж Д.Пунцагсүрэн эрхлэгч хэлсэн юм.
Албаныхны өгүүлсэнчлэн сурах бичгийг амьхандаа л дээс томж найзыгаа авардгийн үлгэрээр олон шат, дамжлагаар туршиж, хянан, хэвлүүлдэг ч үр дүнг нь сурагч, багш нар үүрч байгаа нь харамсалтай. Үүнээс гадна тусгай хэрэгцээт буюу казах, тува хэлээр орчуулдаг сурах бичигт тавих шаардлага, шалгуур байхгүйгээс хэн дуртай нь “самардаг” гэх. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зауре “Хос хэлний сургалтын стандарт гэж байхгүй. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд ашиглаж буй 1-5 дугаар ангийн казах хэлээрх 18 нэр, төрлийн сурах бичиг үг, үсэг, агуулгын алдаатай орчуулсныг тогтоосон. Асуудлыг аймгийн удирдлага болон салбарын яаманд нэг бүрчлэн танилцуулж, хос хэлний сургалттай аймгуудад бодлогын түвшинд анхаарахгүй бол сургалтын чанарт ахиц гарахгүй байгааг уламжилсан” хэмээн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
БСШУС-ын сайд он гарахын өмнөхөн сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөх хугацааг 10 жил болгосон. Энэ хугацаанд дараагийн 10 жилд баримтлах хөтөлбөр, сурах бичгээ хэрхэн шинэчлэх талаар бодож дөнгөнө гэж үзэж буй. “Бид сургалтын шинэ хөтөлбөр, сурах бичигтэйгээ танилцаад удаагүй. Зарим нь учрыг ч ухахгүй яваа. 2014 онд сургалтын цөм хөтөлбөрийг эхлүүлсэн, мөрдөх хугацаа нь 10 жил гэвэл 2024 онд дахиад өөрчлөгдөж таарах нь. Ийм заваарсан тогтолцоог өөрчлөх оновчтой гарц нь төрөөс сурах бичгийн талаар баримтлах бодлого боловсруулах явдал” гэж Боловсролын хүрээлэнгийн судлаачид үзэж байна. Сурах бичгийг хэдэн жилийн хугацаанд хэрэглэх, шинэчлэх, сайжруулах, актлах тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага тулгарчээ. Боловсролын салбар улс төрөөс хамааралтай мэт болсон өнөө үед хэдэн ч төрийн үед тогтвортой байх бодлого чухал аж. Багш, эцэг, эхчүүд
“Нэгдүгээр ангийнхны сурах бичгийг жил бүр шинээр хэвлэж байхаар хуучныгаа ядаж 2-3 жил ашиглуулж болдоггүй юм уу”
гэсэн саналаа тус хүрээлэнгийнхэнд тавьсны дагуу тэд БСШУСЯ-ны холбогдох хүмүүст уламжилсан гэнэ билээ. Татвар төлөгчдийн мөнгийг гарздаж буй энэ ажлыг зогсоох хүсэлтэйгээ бидэнд мөн хэлсэн.
Манай улс 1949 онд монгол бичгээр хэвлүүлсэн ганц сурах бичгээ шинэ үсэгт хөрвүүлж, ЗХУ-д хувилуулан, ашиглаж байв. Тэр цагийг бодвол өдгөө 1-5 дугаар ангийнхан 33 нэр, төрлийн сурах бичиг, 6-9 дүгээр ангид 12-17 хичээлийн 55, 10-12 дугаар ангийнхны 35 номыг шинээр зохион, хэрэглэж байна. Улс энэ бүхнийг хариуцаж, зөвхөн бага ангийнхны нийт 34 нэр, төрлийн 1 906 477 ширхэг сурах бичгийн зардлыг даадаг. Харин дунд, ахлах ангийнхны номын зардлын 40 хувийг төрөөс гаргаж буй. Ном зохиосны хөлс, хэвлэх зардлыг эдгээрт нэмбэл талийж өгөх нь дамжиггүй. Гэтэл төр төлөөлж, гүйцэтгэх албанд томилогдсон албан тушаалтнуудын хайнга, хариуцлагагүй, сэтгэлгүй ажилласны уршгаар төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь салхинд хийсгэсээр л. Хэн нь ч хариуцлага нэхдэггүй, нэхсэн ч хүлээдэггүй ийм завхарсан тогтолцоо амь бөхтэй оршсоор байгаад судлаач, багш, эцэг, эхчүүд бухимдаж байна. Хамгийн гол нь энэ бүхний хохирогч нь хүүхдүүд болж байгаад тэд эмзэглэж буйгаа илэрхийлсэн.