“Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн Токиогийн 2011 оны конвенц”-д Монгол Улс нэгдэн орох тухай Засгийн газрын тогтоолыг уржигдар баталлаа. Япон, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, БНСУ зэрэг улс нэгдэн орсноор энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, мөрдөж эхэлсэн уг конвенцод манайх нэгдсэний ач холбогдол нь гэвэл үндэсний дээд боловсролын чадамж, магадлан итгэмжлэл, чанарын баталгааны тогтолцоог бэхжүүлэх, оюутнууд, эрдэмтэд, ажилтнуудын эрдмийн зэрэг хамгаалах, шилжин суралцах хөдөлгөөнийг хөнгөвчилж буй хэрэг юм. Товчхондоо бол Япон, Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, БНСУ болон Ази, Номхон далайн бусад оронд Монголын дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Өдгөө дэлхий дахинд 40 залуу хүн тутмын нэг нь гадаадад үргэлжлүүлэн сурч байгаа бол 2024 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх тооцоо гарсан тул бүс нутгийн хэмжээнд Монголын дээд боловсролын салбарын эзлэх байр суурийг өсгөхөд тус конвенц чухал үүрэгтэй юм байна.
ЮНЕСКО-гоос 1970, 1980-аад онд дээд боловсролын сургалт болон эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай зургаан конвенц баталсны нэг нь “Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын байгууллагуудын сургалт, боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Бангкокийн конвенц” юм. 1983 онд баталсан уг конвенцод Монгол Улс 1991 онд нэгдэн орсноос хойш Ази, Номхон далайн бүс нутагт дээд боловсрол олгодог байгууллагууд олноор бий болсон, мэдээлэл, харилцаа холбооны технологи үсрэнгүй хөгжлийг дагаад нээлттэй болон зайны сургалт олширсон, гадаадад суралцах шилжилт хөдөлгөөн ихэссэн зэрэг нь энэ баримт бичгийг зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарчээ. Тиймээс Токиогийн конвенцод нэгдэн орсон нь Монголын дээд боловсролын салбарт сүүлийн 30-аад жил гараагүй түүхэн шийдвэр болсон талаар тус салбарынхан өгүүлдэг.
“ЧАНАРТАЙ, ЧАДВАРТАЙ ЭЛСЭГЧДЭЭС ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ЭХЭЛНЭ”
Дээд боловсролын шинэчлэлийг гурван түвшинд авч үзэж буйгаа салбарын яамныхан онцолсон. Энэ нь их, дээд сургуульд элсэн орж буй элсэгчдэд тавих шаардлага, шалгуурыг өндөрсгөхөөс эхлээд сургалтын чанар, хөтөлбөрийн агуулгад анхаарах, эцэст нь төгсөгчдийн ажлын байрны мөшгих судалгаагаар үр дүнгээ тодорхойлдог байх гинжин холбоосын зарчим гэсэн үг аж.
“Бид хамгийн эхлээд дээд боловсролын байгууллагын босгоор орж байгаа элсэгчдийг чанартай, чадвартай байлгахад анхаарч байна. Энэ хүрээнд нэгдүгээрт, өнөөгийн нийгэмд өөрчлөлт авчирч чадах, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чадвартай сайн мэргэжилтэн бэлтгэх цаг үеийн шаардлагад үндэслээд бид төрийн өмчийн их, дээд сургуулиудад элсэгчдийн босго оноог нэмсэн. Энэ нь нийгэмд эерэг, сөрөг янз бүрийн хандлага дагуулсан ч ийм шалгуураар шигшигдэж ирсэн оюутнууд улс орны цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц боловсон хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хоёрдугаарт, технологийн дэвшлийг ашиглан элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгохыг зорьж, өнгөрсөн хавар Ховд, Орхон аймагт үүнийг амжилттай туршлаа. Хөдөөгийн хүүхдүүд аймгийн төв орж элсэлтийн шалгалт өгдөг, дараа нь шалгалтын бүх материалыг орон нутгуудаас Улаанбаатарт авчирч засаад, дүнг нь нэгтгэж зарлах гэсээр байтал 14 хоног зарцуулдаг. Тэгвэл ирэх жилээс шилэн технологийн дэвшлийн ачаар элсэгчид шалгалт өгсөн өдөртөө л дүнгээ шууд мэдэх боломжтой болсон. Энэ бол зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтын үйл явцыг ил тод, нээлттэй болгоод зогсохгүй, иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийн тулд монголчууд жилд хоёр тэрбум орчим төгрөг зарцуулдаг нь манай яамнаас хийсэн судалгаагаар тогтоогдсон. Гуравдугаарт, элсэлтийн шалгалтын журамдаа өөрчлөлт оруулж, зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг харгалзах бус, элсэгчийн өөрийнх нь хүсэл эрмэлзэл, төлөв хандлага болоод тухайн мэргэжлээр суралцахын ач холбогдлыг хэр ойлгож, урьдчилан бэлдсэн бэ гэдгийг харах үүднээс сургуулиуд эсээ бичлэгийн нэмэлт шалгалт авдаг боллоо” хэмээн БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан ярилаа.
“Их сургуульд л орж байвал ямар ч мэргэжлээр сурсан яах вэ” гэдэг хандлагатай “төөрсөн” элсэгчдийг сургуулиас сургууль дамжин өөрийгөө хайж цаг алдахаас сэргийлэхэд нь дээрх эсээ бичлэгийн шалгалт чухал нь дамжиггүй. Нөгөөтээгүүр, элсэлтийн ерөнхий шал галт өгөх гэж, дүнгээ сонсох гэж эцэг, эхчүүд, хүүхдүүд нааш цаашаа олон дахин явахдаа зөвхөн эд хөрөнгөөрөө ч бус, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол манайд бишгүй. Дунд сургуулиа дөнгөж төгсөөд, элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр аймгийн төвийг зорьж явсан гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн жил Дорноговьд гарсныг уншигчид мартаагүй болов уу. Мөн өнөөх шалгалтын материалыг нь засах гэж цагдаа, тагнуулынхны хяналтад шалгалтын комисс 10-аад хоног “ухантаад” хүлээлт үүсгэдэг, хэл ам таталдаг байдлыг шилэн технологийн ачаар халах боломжтой болжээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛД НИЙЦҮҮЛЭН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ БЭЛТГЭНЭ
XXI зууны боловсролын чиг хандлага нь сэтгэлгээний боловсрол буюу хувь хүний суурь хүмүүжил, хандлага, төлөвшилд илүү хамаатах болсныг эрдэмтэн, судлаачид хэлдэг. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэрлийн хурдаар дөтөлж буй өнөө цагт их, дээд сургуулиас олж авсан мэдлэг боловсрол дорхноо “хоцрогдож” мэдэхээр болсон тул манайхан ч оюутан залуустаа хувь хүний зөв хандлага төлөвшил, ур чадвар суулгахад бодлогын түвшинд анхаарч эхэлжээ. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сард БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар “Үр дүнд суурилсан дээд боловсролын бодлого”-ыг батлуулж, энэ хичээлийн жилээс сургуулиудад мөрдүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулиудын төгсөгчид ажил, амьдралд гараад ямар саад бэрхшээлтэй тулгарч буй, хэдэн хувь нь амжилттай ажиллаж явааг төгсөгчдийн мөшгөх, ажил олгогчдын сэтгэл ханамжийн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа гэсэн гурван үзүүлэлтээр тогтоодог болж байгаа аж. Ингэснээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эринд монгол залуус ямархуу ур чадвартай мэргэжилтэн болж гарах вэ гэдгийг эдгээр судалгаагаар тандаж мэдэрсний үндсэн дээр их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрийн агуулгаа боловсруулдаг тогтолцоо руу шилжих нь. Энгийнээр хэлбэл, “Манайх ийм боломж нөөцтэй учраас ийм л мэргэжлээр элсэлт авна” гэж их, дээд сургуулиуд гэдийх бус, “Судалгаа тэгж гарсан бол бид сургалтын хөтөлбөрөө ингэж өөрчилье” хэмээн цаг үеийн шаардлагын өмнө бөхийнө гэсэн үг юм уу даа.
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛОВ
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хийсэн нэг чухал ажил нь “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг есдүгээр сард Монголд анх удаа баталсан явдал. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ хослуулан, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц төсөлт болон захиалгат ажлуудыг хэрэгжүүлэх том институцыг судалгааны их сургууль гэж тодорхойлдог. Гэтэл манайд үйл ажиллагаа явуулж буй олонх их, дээд сургуулийн үндсэн орлого нь сургалтын төлбөр төдийгүй бүх үйл ажиллагаа нь үүнээс шууд хамааралтай байдаг. Тиймээс дэлхийн жишигт нийцүүлэн үүнийг өөрчилж, их, дээд сургуулиуд эрдэмтэн, судлаач багш нарынхаа нөөц боломжид түшиглээд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нийгэмд гаргах замаар орлогын өөр эх үүсвэртэй болох нь дээрх хөтөлбөрийн гол зорилго. Шинжлэх ухаан, өндөр технологийн ололтод тулгуурлан мэдлэгийг бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд судалгааны их сургуулиудыг бодлогоор дэмждэг жишиг манайд дэлгэрэх эхлэл ийн тавигдсан хэрэг.
ЭЦЭГ, ЭХИЙН НУРУУН ДЭЭРХ АЧААНААС ХӨНГӨЛСӨН “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”
Оюутны “инж”-нд байдгаа барьж, хуруу, хумсаа хугалах нь холгүй зүтгэж буй эцэг, эх Монголын нийгэмд өчнөөн бий. Эцэг, эхчүүдийн нуруун дээрх эл ачаанаас хөнгөвчлөх, оюутны хөгжил, нийгмийн баталгааг шийдэх үүднээс Засгийн газар 2016 онд “Оюутны хөгжлийн зээл”-ийн журам баталсныг өнгөрсөн жил шинэчилсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн уг журмын ачаар сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулалгүй, Боловсролын зээлийн сангаас оюутнуудад хүүгүй, барьцаагүй, урт хугацаатай олгох болсон. Банкаар дамжуулахаар бусад зээлтэй адил хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахаас эхлээд чирэгдэл ихтэй байсан тул үүнийг орвонгоор нь өөрчилсний үр шимийг олон монгол айл өдгөө хүртэж буй.
Суралцаж төгссөнөөсөө хойш 4-6 жилийн дараа төлж дуусгах журамтай “Оюутны хөгжлийн зээл”-ийн гол шалгуур нь суралцагчийн голч дүн. Тодруулбал, 2.8-аас дээш голч дүнтэй бакалавр, 3.2-оос дээш голч дүнтэй магистр, доктор, элсэлтийн ерөнхий шалгалтад 600- гаас дээш оноо авсан элсэгчид зээл авах бүрэн боломжтой. Яамныхны тооцоогоор улсаас жилд 35-37 мянган оюутанд зээл олгох боломжтой гэнэ. Гэхдээ зээлийн хөрөнгийг илүү үр дүнтэй зарцуулах үүднээс сургууль болон хөтөлбөрөөр нь квот хувааж байгаа юм. Нэгдүгээрт, тухайн сургуульд суралцагчдын тоо Монголын нийт оюутны хэдэн хувийг эзэлж байгааг харгалзах бол хоёрдугаарт, тухайн оюутны судалж буй хөтөлбөр нь манай улсын цаашдын хөгжилд хэр ач холбогдолтой вэ, тэргүүлэх чиглэлийнх мөн үү гэдгийг нягталж үзэх юм билээ. Гуравдугаарт, төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хөдөөгийн сургуулиудад арай илүү давуу эрх олгоно гэсэн бодлогын дагуу квотоо хуваарилж байгаа нь нүдээ олсон шийдвэр гэж “Ховд”, “Дорнод” их сургуулиас эхлээд талархан хүлээж авсан газар олон бий.
Харин хувийн зарим нэг их, дээд сургууль суралцагчдадаа “Оюутны хөгжлийн зээл” олгох тал дээр хойрго хандаж байгаа шалтгаанаа “Яамнаас тогтоосон босго онооны шалгуур дэндүү өндөр учраас манай оюутнууд зээл авч чадахгүй байна” гэдэг тайлбар хэлсэн сурагтай. Элсэлтийн ерөнхий шалгалтад 600-гаас дээш оноо авах нь, 2.8-аас дээш голч дүнтэй бакалавр гэдэг бол тийм ч өндөр шалгуур уг нь биш байлтай. Энэхүү зээлийн гол зорилго нь их, дээд сургуульд сурдаг хэн бүхний төлбөрийг шийдэж өгөх бус, харин дунджаас дээгүүр сурлагатай, хичээл зүтгэлтэй чадварлаг оюутнуудыг дэмжихэд чиглэж буйг боловсролын байгууллага нь ойлгоосой билээ.