Сургуулийн босго алхаж буй зургаан настнууд заавал шинэ сурах бичигтэй байна гэсэн “хатуу” бодлого манай БСШУСЯ-ныхан баримталдаг гэх. Үүнийгээ ягштал биелүүлж, жил бүр нэгдүгээр ангийнхны үндсэн хичээлүүдийн номыг шинээр хэвлэдэг юм байна. Энэ онд долоон хичээлийн сурах бичгийг шинэчилж, тараахад 600 сая төгрөг зарцуулжээ. Тиймээс өмнөх жилүүдийн номыг шинээр нь шахам хаясан байна. 2014 оноос эхлэлтэй цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх “их довтолгоонд” сурах бичгүүд ариун цэврийн цаасны үйлдвэрүүдэд шинээрээ тушаагдаж, сүүлдээ авах эзэн ч олдохоо больсон талаар “Өнөөдөр” сонин “Шинэчлэлийн шуурганд шинээрээ хаягдаж буй сурах бичгүүд” нийтлэлээрээ хөндсөн билээ. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг нь баалах гэсэнгүй. Гагцхүү төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь ариун цэврийн цаас “болгож” буй БСШУСЯ-ны дампуурсан тогтолцоог шүүмжлэхээс өөр арга алга.
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, агуулгыг сүүлийн 15 жилд гурван удаа шинэчилжээ. 2005 оноос 10-11, 11-12 жилийн тогтолцоонд шилжсэний дараа сургалтын хөтөлбөр, агуулгад нийцүүлэн 1-12 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиож, 2014 онд арай чамай дуусгасан байдаг. Тухайн онд 12 жилийн сургалтын хөтөлбөрөөр “явж” болохгүй юм байна гээд цөм хөтөлбөр боловсруулаад, батлуулчихсан. Үүний хүрээнд бүх ангийн номыг дахиад л шинээр зохиох шаардлага гарчээ. Сурах бичгийн бизнес эхэлсэн түүх ердөө л энэ. Томчуудын шуналын төлөөсөнд хүүхдүүд хохирч, дунд, ахлах ангийн 20 гаруй нэр, төрлийн сурах бичгийг одоо хүртэл зохиож, хэвлээгүй л байна.
1-5 дугаар ангийн номыг төрөөс 100 хувь даадаг. Тиймдээ ч шаардлагатай сурах бичгийг хүүхэд бүрийн тоогоор, хичээл тус бүрээр хэвлэдэг. Тодруулбал, нэгдүгээр ангийнхны бэлтгэл, монгол хэл, математик, хүн ба орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжим, иргэний боловсролын номыг тус бүр тухайн жилд элссэн сурагчдын тоогоор дунджаар 60-80 мянган хувь хэвлэдэг юм байна. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжиннямаас “Өмнөх жилүүдийнхээ номыг яагаад хэрэглэхгүй, хаядаг юм бэ. Төсвийн мөнгийг ингэж үрэн таран хийж болох уу” гэж асуухад “Сургуульд анх орж буй хүүхдүүдэд шинэ ном өгөх нь зүйтэй гэж үздэг. Нөгөөтээгүүр дасгал ажлын дэвтэр тусад нь гаргаж чаддаггүй болохоор хүүхдүүдийг номон дээр нь ажиллуулчихдаг. Тэгэхээр дараагийн жилд ашиглах боломжгүй гэсэн үг. Номон дээр нэг л тэмдэглэгээ хийсэн бол шууд хаяж байгаа. Гэхдээ энэ тогтолцоог арилгахын төлөө ажиллана” гэж хариулав.
Жил бүр улсын төсвийн 500, 600 сая төгрөгийг ингэж үрдэг байх нь. Бүхэл бүтэн сурах бичгийг дасгал ажлын дэвтэр болгон хувиргаж, жил бүр хаядаг гэсэн үг. Манай хүүхдийг нэгдүгээр ангид ордог жил багш нь номон дээр ажиллах дасгалыг балын харандаагаар хөнгөн бичүүлж, хавар нь ширхэг ч зураасгүй болтол баллуурдуулан хурааж авсан. Яагаад ингэж болохгүй гэж. Сургуулиудын багш нарт хүүхдүүдийг номон дээр дасгал хийлгэхгүй байх үүрэг өгөх нь яамныхны хурууны үзүүрээр хийх ажил биш үү. Төсөв мөнгө ч хэдэн зуун саяар хэмнэнэ. Бидний багад номоо ариг гамтай хэрэглэхийг багш нар үлгэрлэж, харандаагаар эрээчсэн бол арилгаад, хураалгадаг байв. Гэтэл одоогийн системээр хүүхдүүдийг ном, сурах бичгээ хайрлаж, дээдлэх бус “Норовын намтар” шиг хандах арга ухааныг багаас нь зааж байгаа хэрэг биш үү.
БСШУСЯ цөм хөтөлбөрийн хүрээнд 1-12 дугаар ангийнхны сурах бичгийг зохиож, хэвлүүлэх явцад системийн томоохон алдаа гаргасан нь ганц энэ биш. Буруу зөрүү хэвлэсэн өчнөөн төрлийн, хэдэн сая сурах бичгийг өдгөө сургуулиуд хэрхэн, яаж зайлуулах учраа ч олохгүй сууна. Нэг сургууль жилд дунджаар 30-50 мянган ширхэг ном акталж буйг номын санч нар ярина лээ. Уг нь нийслэлийн Өмчийн харилцааны газар сургуулиудын акталсан номуудыг татан төвлөрүүлж, хоёрдогч түүхий эд худалдан авдаг үйлдвэр, хувь хүмүүст борлуулах замаар олсон мөнгөө улсын төсөвт тушаадаг санж. Тэгтэл тус газрын гурван ч агуулах сурах бичгээр дүүрч, багтааж хүчрэхээ болиод буй. Энэ оноос сургуулиудаас ном аваагүй, нярав нь агуулахаа цоожлоод, амарчихаж. Өдгөө агуулахад нь 80 орчим тонн ном овоолоостой байна. Энэ талаар БСШУСЯ-ныхан “Бид мэдэхгүй, акталсан хөрөнгийг Өмчийн харилцааны газар устгах ёстой” гэнэ. Харин НӨХГ-ынхан “Манайд агуулах сав алга. Сургуулиуд өөрсдөө шатаана уу, борлуулна уу, тэдний асуудал” гэх. Номын санч нар сурах бичгүүдийг сургуулийнхаа үндсэн хөрөнгөд бүртгэдэг тул хаяж, шатааж болдоггүй, хаана хадгалахаа ч мэдэхгүй сууна. Манай боловсролын систем шинэчлэгдлээ, шинэчлэгдлээ гээд нөгөө “баас хатсан ч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг завхралаа арилгаж чадахгүй байгаагийн бэлээхэн жишээ нь энэ.
Нийгэм, эдийн засгийн хөгжлийн давлагаа, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, тогтолцооны өөрчлөлт нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэхийг шаардаж байгаа нь үнэн. Хөтөлбөрөө дагаад сурах бичгүүдийг шинэчлэх нь цаг хугацааны л асуудал. Гэвч шинээр зохиосон номуудынхаа үг, үсгийн алдаа, агуулгыг сайтар нягтлалгүй, яаран хэвлүүлснээс болж өчнөөн олон нэр, төрлийн номыг жил бүр дахин засах болжээ. Ганцхан жишээ дурдахад, нэгдүгээр ангийн иргэний боловсролын хичээлийн номыг гурван янзаар хэвлэсэн байгааг та зургаас харж байна. 2011 оныхыг нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр 12 жилийн тогтолцоонд шилжихэд ашиглаж байв. Харин 2016 онд хэвлүүлсэн сурах бичгийг цөм хөтөлбөрийн хүрээнд шинээр зохиож, тараасан аж. Гэтэл үүнийг хэдийн ашиглахаа больжээ. Энэ хичээлийн жилээс 2011 онд ашиглаж байсан хуучин номоо дахин хэвлээд, тараачихаж. Үүний учрыг тодруулахаар тэдгээр гурван номыг авч БСШУСЯ-нд өнгөрсөн лхагва гарагт очсон юм. Бага боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд шинээр зохиосон гэх энэ номыг 2016 онд хэвлүүлэхдээ үг, үсгийн тоймгүй их алдаатай гаргаснаар хэрэг мандсан юм байна. Эцэстээ шүүхээр хэргийг хэлэлцэж, дахин зохиох шийдвэр гаргасан гэнэ. БСШУСЯ төсөв мөнгөгүй учраас 2011 онд буюу ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжихэд ашиглаж байсан номоо 2018 онд 70 000 хувь хэвлүүлж тараасан нь ийм учиртай аж. Өөрөөр хэлбэл, цөм хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдээгүй хоцорсон цор ганц ном нь нэгдүгээр ангийн иргэний боловсрол хичээлийнх. Шүүхийн хаалга “татсан” энэ сурах бичгийн тэргүүн нүүрт “Ёс суртахууны унших эх” гэсэн зүүлт бий. 2016 онд 62 000 хувь хэвлэсэн энэ номыг зохиогчийн багт С.Батсүх, Г.Цэвэлмаа, О.Пүрэв, У.Туяа нар багтсан. Ном зохиосныхоо хөлсөнд тэд хэвлэлийн хуудас тутамдаа 1.5 сая төгрөг авсан байх юм. Ерөнхийлөгчийн зарлигаар бага боловсролын сургалтын хөтөлбөрт багтсан иргэний боловсрол хичээлийн номыг “самарсан” эрхмүүдэд хэн, хэрхэн хариуцлага тооцсоныг мэдэх хүн олдсонгүй.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжинням “Сургалтын хуучин системээр бол багш бүгдийг зааж, сурагчид дагадаг байлаа. Харин цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Сурагч идэвхтэй ажиллаж, багш түүнийг нь удирдан чиглүүлнэ” гэсэн арга зүй баримтлах болсон. 1990 оноос хойш багш төвтэй сургалтаас шавь төвтэй тогтолцоонд шилжинэ гэж их ярьсан. Тийм амар хийх ажил биш гэдгийг бүгд харж байна. Сургалтын хөтөлбөр гэдэг нь зөвхөн агуулга ярихгүй. Арга зүй нь ямар байх вэ, хэрэглэгдэхүүнд юу ашиглах, үнэлгээний тогтолцоог яаж тооцох, сурах бичгийг шинэчлэх гээд цогц ойлголт байдаг. Одоохондоо үр дүн харагдахгүй байж мэднэ. Тодорхой хугацааны дараа хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ. Цөм хөтөлбөрийн хүрээнд сурах бичгүүдийг зохиогоод дууссан. Одоо эрүүл мэндийн хичээлийн номыг л шинэчлэх үлдсэн. 1-12 дугаар ангийн 140 орчим нэр, төрлийн сурах бичиг бий. Түүнээс гадна бага ангийн 25 төрлийн номыг казах, гурвыг тува хэл рүү орчуулж, хэвлүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 15 орчим, нийт 180 нэр, төрлийн сурах бичиг зохиосон гэсэн үг. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хангадаг. Энэ тоогоо алдахгүйн тулд жил бүр нөхөн хангалт хийдэг. Өөрөөр хэлбэл, урагдаж гэмтсэн, хэрэгцээгүй болсных нь тоогоор нөхөж хэвлэдэг гэсэн үг. Сурах бичиг олон гар дамждаг учраас амархан бохирдож, хуучирдаг. Тиймээс стандартын дагуу дөрвөн жил болоод актлах ёстой” гэж ярилаа.
Бага ангийн сурагчдын тооноос хамаараад жил бүр сурах бичгүүдийн 10-15 хувийг нөхөж, олгодог байна. 2018 онд бага ангийн сурах бичгийн 50 хувийг нөхөн хэвлэсэн гэнэ. Үүнд улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. БСШУСЯ-ны эрх бүхий нэгэн үүнийг үг, үсгийн алдаатай ном олон зохиогдсон, басхүү Монгол хэлний журамласан тайлбар толь гарсантай холбон тайлбарлав. Үүний “ачаар” 97 нэр, төрлийн сурах бичигт засвар хийж, дахин хэвлэжээ. Ийм олон номыг алдаатай зохиосон багийнхан, хяналт тавих үүрэгтэй яам, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, дарга
нар юу хийж суусан юм бол. 2018 онд 1-12 дугаар ангийн сурах бичгийг нөхөн хэвлэхэд дөрөв орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Их хэмжээний мөнгө зарцуулахад алдаатай зохиосон ном голлох “үүрэг хүлээснийг” салбарын мэргэжилтнүүд өгүүлсэн. Манай улсын боловсролын систем дэлхийн чиг хандлагаас хэдэн арван жилээр хоцорч яваа нь үнэн ч орчин үед үүнийг засаж, сайжруулах боломж бий. Гэтэл хариуцсан яам нь ийм том алдаа гаргачихаад номын зохиогчид руу хэргээ бухаж, шинэчлэл нэрээр хүүхдүүд, эцэг, эхчүүдийг хөлдөө чирч, улсын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа энэ урагшгүй ажил хэзээ дуусаж, цэгцрэхийг хэлэх эрх мэдэлтэн байсангүй.