Ерөнхий боловсролын сургууль, түүний ойр орчимд хүүхэд ямар нэг эрсдэлд өртөх тохиолдол сүүлийн жилүүдэд нэлээд гарах болсон. Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн 654 сургуульд эрсдэлийн үнэлгээ хийхэд тэдний 11.9-13.5 хувь нь их эрсдэлтэй, 71-75 хувь нь дунд зэрэг, 12-18 хувь нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Тиймээс БСШУС-ын сайдын зөвлөлийн хурлаар “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт”-ын төслийг хэлэлцэж, батлуулахаар Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-т саяхан хүргүүлсэн аж. Салбарын яамныхан өнгөрсөн зургаан сарын хугацаанд сургуулиудад эрсдэлийн үнэлгээ гурван удаа хийсэн бөгөөд ЭМЯ, МХЕГ, ОБЕГ, Барилгын хөгжлийн төв, СХЗГ, Боловсролын хүрээлэн, нийслэлийн Боловсролын газар, НҮБ-ын Хүүхдийн сангийнхны саналыг тусган уг төслийг боловсруулжээ.
Шинээр ийм тийм тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авч, орчноо сайжруул гэхээсээ илүүтэй одоогийн нөхцөлөө хэрхэн өөд нь татаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, стандартаа боловсруулсан гэдгийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн. Уг стандартыг баталснаар ерөнхий боловсролын сургуулиуд гадаад, дотоод орчны аюулгүй байдалдаа өөрсдөө, эсвэл хөндлөнгийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд баримтлах шалгуур, чиг баримжаатай болохын зэрэгцээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах төлөвлөгөө боловсруулахад дөхөм байх гэнэ. Манай улс өнөөг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандартгүй байсан бөгөөд 1997 онд анх ийм төсөл боловсруулсан ч эцэслэн батлаагүй өнгөрсөн байна.