Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд нь боловсролын салбараар бизнес хийх нь олширсон. Тэгвэл өнөөдөр энэ талаар Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө хяналтгүйгээр нэмэгдүүлсэн байдал нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдлууд тогтоогджээ. Үүнд:
- - Их, дээд сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жилийн багц цагийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон шийдвэрүүд нь цаг хугацааны хувьд ялгаатай гарсан. Сургалтын төлбөрийн хэмжээ нь сургууль тус бүрийн онцлогоос шалтгаалан өөр өөр тогтоогдсон байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж үгсэн хуйвалдсан, хэт өндөр үнэ тогтоосон гэх үндэслэл тогтоогдоогүй.
- - Харин хяналт шалгалтад хамрагдсан сургуулиуд нь сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит, өртөг зардлыг тооцон, нарийвчилсан тооцоон дээр үндэслээгүй,
- - Мөн Монгол Улсын гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалаар баталсан “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын талбөрийг тодорхой аргачлал”-аар сургалтын төлбөрийг тогтоосон нь цаг үеийн шаардлагыг хангахгүй аргачлалыг баримталсан.
- - Оюутнуудад сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар хангалттай мэдээллээр хангадаггүй, гэнэтийн шийдвэрүүдийг гаргадаг.
Энэхүү тогтоогдсон нөхцөл байдлыг арилгах талаар ШӨХТГ-аас дараах шаардлагуудыг хангаж ажиллахыг үүрэг болжээ. Үүнд:
- - Сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит өртөг зардалд үндэслэн тогтоож байх,
- - Элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж, шинэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож байх,
- - Энэхүү тогтоосон сургалтын төлбөрийнхөө мэдээллүүдийг их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж байх,
Мөн ШӨХТГ-аас БСШУСЯ-нд “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох аргачлал”-ыг шинэчлэн баталж, бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авч, ажиллахыг үүрэг болгожээ.
Г.ТЭМҮҮЛЭН