Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжив
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал,
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сайдыг огцруулах тухай асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжлээ.
УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзахаар шийдлээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ. Тэд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан ёс зүйгүй үйлдэл сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа учраас энэ асуудлыг хууль эрх зүйн үндэслэлээр шалгах хэрэгтэйг тэд санууллаа. Иймээс УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахыг бусад гишүүддээ уриаллаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв
2018 оны намрын ээлжит чуулганы хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулахаар УИХ-ын дарга 11 цаг 25 минутад мэдэгдэв. УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулж, хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхээс татгалзаж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хугацаатай шаардлага хүргүүлсэн болохыг УИХ-ын дарга танилцуулав.
УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “УИХ-аар тулгамдсан, цаг хугацаатай асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай. Уг асуудлыг энэ сардаа багтаан хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргахгүй бол алт олборлогчдын хувьд эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Засгийн газар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын даргын захирамж гарсан. Одоо хоёр дахь долоо хоногтоо хүлээгдэж байна.
Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэх ёстой. Орон нутагт өвөлжилт хүндэрч, мал тооллого эхэлсэн энэ үед Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүйн улмаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилж чадахгүй гурван долоо хонож байна. Түүнчлэн Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой. ЖДҮХС-ийн асуудалтай холбогдуулан түр хороо байгуулахаар УИХ-ын 9 гишүүн санал гаргасан. Байнгын хороо дэмжсэн, энэ асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага бий гэдгийг Та бүхэн ойлгож байгаа. Иймд Засгийн газрын гишүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүн сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна" гэлээ.
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандлаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт нар Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Монгол Улсын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа доголдож, төрийн ажил тасралтгүй байх зарчим алдагдахад хүрээд байна. Монгол Улсын хууль тогтоомжийг хангаж ажиллах ёстой Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд, түүний кабинетын давхар дээлтэй 15 гишүүн хоёр долоо хоног УИХ-ын чуулганыг хуралдуулсангүй. Иймд бид Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй боллоо” гэв.
Л.Энх-Амгалан: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлогдлоо.
Хуралдаан 10 цагт эхлэх товтой байсан ч хуралдааны ирц бүрдэхгүй багагүй хугацааг өнгөрөөсний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлсэн юм.
Тэрбээр “Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн шаардлага тавих тухай албан бичгийг надад ирүүлсэн. УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэдэг шаардлага өгсөн. Энэ шаардлага өчигдөр ч анх удаа ирж байгаа юм биш. Намайг УИХ-ын даргаасаа чөлөөлөгд гэдэг шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг мөн тавьж байсан.
Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж, энэ шаардлагыг ирүүлж байна. Эдгээр 38 гишүүний 34 нь манай намын гишүүд байгаа. Би гарын үсэг зурсан нөхдийгөө хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх, хэний даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа сайтар тунгааж үзсэн байхаа гэж бодож байна.
Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд, чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентын дотоодод болж байгаа үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна. Би хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ би өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байя гэдэг бодолтой байна. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганыг удирдаж, ирцээ бүрдүүлж, ажлаа явуулахыг хүсч байна" гэлээ.
Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдахаар болсон бөгөөд тэрбээр хуралдаандаа хүрэлцэн ирсэн болоод ирээгүй гишүүдийн нэрсийг тойрог тус бүрээр нь танилцуулан, ирээгүй гишүүдийг хуралдаандаа ирэхийг удаа дараа шаардсан ч 11.16 цаг хүртэл ирц бүрдсэнгүй. УИХ-ын33 гишүүн хуралдаандаа хүрэлцэн ирж, ирц 44 хувьтай байсан юм.
Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшилж байна. УИХ-ын Байнгын хорооны 14 удаагийн хуралдаан, Дэд хорооны хоёр удаагийн хуралдаан мөн ийм шалтгаанаар хойшилсон байна" гэв.
"Авъяаслаг Монголчууд" шоу дууслаа
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр болж өндөрлөлөө. Ард түмнээс хамгийн их санал авч, 100 сая төгрөгийн эзнээр илбэчин С.Билэгт тодорлоо.
Тус шоуны хоёрдугаар байранд Буриадаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулмаа, Паша нар орсон бол гуравдугаар байранд 116 бүжгийн хамтлаг, дөрөвдүгээр байранд Б.Дуулал, тавдугаар байранд Ub Comedy-ийн Н.Амаржин орсон. Харин зургаадугаар байранд Б.Жавхлантөгс, долдугаар байранд Ундармаа шүүгчийн алтан базер болох Г.Гантогтох, наймдугаар байранд Д.Бердибек, есдүгээр байранд Б.Батболд, 10 дугаар байранд Assasins бүжгийн хамтлаг тус тус шалгарчээ.