БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Та Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Үүнийгээ хэрхэн тайлбарлах вэ?
-"Улс төрч хүний хувьд нэн түрүүнд ёс зүйтэй байхыг шаарддаг. Өнөөдөр хэн нэгэн хүнтэй холбож, нэг нэгний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүүтэйгээр би улс төрчийнхөө хувьд ёс зүй дээр тулгуурласан шийдвэрээ гаргасан. Ямар нэгэн байдлаар үүнээсээ буцах шаардлага надад байхгүй. Тийм ч учраас хамгийн сүүлд өөрийн гарын үсгээ баталгаажуулаад кнопоо дарсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр юм. Харин ажлаа өгөх тухай асуудал дээр Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаад, ажлаа авахад ёс зүйн хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэдгээ өөрт нь хэлчихээд ирлээ.
-Засгийн газрын гишүүн танхимаа огцруулах асуудалд гарын үсэг зурсан асуудал өмнө нь гарч байсан уу?
-Өмнө нь ийм асуудал гарч байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Шадар сайдаар ажиллаж байхдаа өөрийн танхимын эсрэг гарын үсэг зурж л байсан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөө аж ахуйн сайдаасаа огцорлоо гэж л байсан. Энэ бол улс төрд байдаг професс. Харин би Засаг чинь үлдчихлээ шүү дээ. Намайг аваад үлдээч гэдэг үг хэлэхгүй.
-Та өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн үү?
-Би тэгэх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явна.
-Та хариуцсан салбараа бодсонгүй юу. Одоо бас л нэг сайд шинээр очно?
-Боловсролын салбарын шинэчлэлийн төлөө би нэг жилийн хугацаанд нойр хоолгүй ажилласан. Гаргасан шийдвэр, хийсэн ажил маань цаг хугацааны дараа зөв, буруу нь тодорхой харагдаад явна.
-Таныг дараагийн Засгийн газарт сайдаар үлдээнэ гэсэн учраас гарын үсэг зурсан гэсэн. Энэ үнэн юм уу?
-Ямар нэгэн тийм зүйл байхгүй.
-Намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байгаа. Та энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би энэ намд 30 жилийн өмнө буюу 1988 онд гишүүнээр элсэж байсан. Иймдээ ч улс төр зөв байгаасай гэсэндээ ийм шийдвэр гаргасан. Нам төлөвшиж байж, улс төр төлөвшдөг. Улс төрчдийн төлөвшлөөс парламентийн төлөвшил тогтдог. Тийм учраас УИХ-ын гишүүн болох хүмүүст насны босго тавиач, ажил мэргэжлийн хувьд туршлагатай байх, ёс зүйн хувьд төлөвшсөн байх шаардлага, цензурыг тавих ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байсан.
-Таныг сайдаасаа чөлөөлөгдвөл нөхөр, хүү, охины тань асуудал бас хөндөгдөөд байгаа. Тэдний албан тушаалыг хураах ёстой гэсэн яриа гараад буй.
-Намайг 2016 онд УИХ-ын гишүүн болж орж ирэхээс өмнө миний хүүхдүүд ажилласаар ирсэн. Миний бага хүү далайн мэргэжлээр төгссөн гуравхан хүний нэг. Ийм мэргэжил эзэмшсэн нь миний хүүгийн буруу юу. Тэгээд ч манай биш АН-ын Засгийн үед мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Сингапурт төлөөлөгчийн газар ажиллаж байсан.
Миний охин Хүмүүнлэгийн их сургууль Аялал жуулчлалын анги төгсөөд Англид мастер хийгээд намайг УИХ, Засгийн газрын гишүүн болохоос өмнө мэргэжилтнээс эхлээд ахлах мэргэжилтэн зэрэг бүх шатанд нь ажилласан.
Би харин хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрөө зайгаа тавьж өгөх ёстой.
Миний нөхрийн хувьд эрчим хүчний салбарынхан бүгд мэднэ. Эрчим хүчний бүхий л салбарт хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийн нэг. Миний нөхөр болсноороо тэр хүн мэргэжлээрээ ажиллах ёсгүй юу.