УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд саналаа хэлж дууслаа. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнд хийж хэрэгжүүлсэн их зүйл бий. Олон жил хүлээгдэж байгаа нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, мөн эрчим хүч, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, хүнс гээд манай Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бий. Эхлэл нь тавигдсан ажлууд ч бас байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар бололцооны хэрээр ажиллаж байна.
Би Ерөнхий сайд болсноос хойш нийгэмд шударга ёс тогтоох, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг төрийн албаны бүх шатанд хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж тогтвортой хадгалах гэсэн гурван зүйлийг гол болгон ажиллаж байгаа. Энэ зарчмаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ хэлж байсан, цаашид ч энэ зарчмаа тууштай барьж ажиллана.
Мөн цаашид МАНАН-гийн дэглэмийн эсрэг хатуу байр суурь барьж ажиллах болно. Энэ хүрээнд зарим албан тушаалтанд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудал ч бий. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарах шаардлагатай нь тод харагдаж байна. Хуулийн байгууллагууд улстөрждөг, улс төрийн зэвсэг болж хувирсан байна. Уг нь хууль хяналт, шүүх, прокурорын байгууллага хамгийн шударга ажилладаг байх ёстой. Үүний төлөө хамтарч тэмцэх, мөн томоохон хэргүүдийн ард хамтдаа гарах хэрэгтэй байна. Одоо бид эх орноо бодох цаг болсон. Тиймээс нийгмийн шударга ёсны төлөө хамтдаа тэмцэхийг эрхэм гишүүд та бүхэнд уриалж байна.
Засгийн газар огцорсон ч, эс огцорсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө би тэмцэх болно, энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно гэлээ.