Ойрын өдрүүдэд цаг агаар эрс өөрчлөгдөж, байгалийн аюулт үзэгдэл болж болзошгүй талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, ирэх арванхоёрдугаар сараас эрс хүйтэрч, цасаар шуурах юм байна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "2018 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 01-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгуудаар, 01-нд Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр/секунд, зарим үед 34 метр хүртэл ширүүсч, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Үүний дараа 02-ны өдрөөс эрс хүйтэрч, баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр/секунд хүртэл ширүүсэж, хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурна.
Хүмүүс маргааш, нөгөөдөртөө шууд хүйтэрч эхэлнэ гэж буруу ойлгож магадгүй, 30, 01-нд харьцангуй дулаахан байна. Харин 02-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаасаа 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 градус, өдөртөө 26-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул гол, Хэрлэн онон, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүсийн нутгуудаар өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус болж хүйтрэх юм байна" гэлээ.