Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчид Нарангийн булгийн эхийг хамгаалах зорилготой “Малчдын булаг” төсөл санаачилж, түүнийг нь есөн малчин дэмжин, 2.1 сая төгрөгийн хандив өргөсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Зэрлэг амьтан, тэр дундаа бөхөн ундаалдаг уст цэгүүдийг хамгаалахад чиглэсэн эл санаачилгыг тус аймгийн Хөхморьт, Баян-Уул, Шарга, Төгрөг, Тонхил, Дарви сумын эко элч нар орон нутагтаа хэрэгжүүлэх болсныг малчид идэвхтэй дэмжиж байгаа гэнэ. “Төслийг найман суманд хэрэгжүүлж, долоон булгийн эхийг хашиж хамгаалах учир “Малчдын булаг” бус, “Хүүхэд, мал, малчин, булаг 1, 2,...7” гэж нэрлэх болсон” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан мэдээлэв.