Монголчууд байгаль хамгаалах баялаг уламжлалтай. Гол, горхи, булаг, шанд руу сүү цагаа, бохир зүйл хийхээс болгоомжилж, үр хүүхэд, хойч үедээa захиж, анхааруулж ирсэн ард түмэн дэлхийд олон биш. Энэ нь чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах ухаан гэдгийг байгаль хамгаалагч Ө.Мэнд хэллээ. “Байгаль хамгаалах далд ухаан”, “Цээр ёсон”, “Ус голоо шүтэхүй” зэрэг 10-аад ном бичсэн тэрбээр “Ус эзэнтэй, энергитэй, түүнтэй зүй бус харьцвал, буртаг зүйл оруулбал лус хилэгнэж, удамд нь гэм хүрнэ. Бие нь өвчин ороож, үр удам нь зовно гэхчлэн цээрлэдэг нь усны эх үүсвэр гол, горхи, булаг, шандаа ариун дагшнаар нь хамгаалж үлдэх гэсэн ухаан, нөгөөтээгүүр монголчуудын бий болгосон соёл” хэмээн онцолсон.
Ус, голтой холбоотой олон цээр бий. Тэдгээрийг байгаль хамгаалах уламжлалт ухаан, бичигдээгүй хууль болж, үеэс үед өвлөх суурийг Чингис хааны Их засаг хууль тавьсан гэж судлаачид үздэг аж. Ус, голтой холбоотой цээр ёсыг энэ хуульд маш хатуу тусгаж байжээ. Тухайлбал, 44 дүгээр зүйлд “Ус руу шээвээс цаазална. Хувцсаа голын усанд оруулбал, хуучран урагдахын өмнө угаавал хатуу шийтгэл ногдуулна” гэжээ. 1764 онд тогтоосон Халх журам хууль ч “Мэдсээр байж ус шоглож бохирдуулбал шүдлэн морь, хоёр үхрээр торгоно. Үзсэн гэрчид нэг үхэр өг”, “Хүний ухсан, зассан худгийг булаацалдан маргалдвал нэг хязаалан мориор шийтгэнэ. Өөрийн малыг усалж дуусаад, усаа харамлаваас нэг морь ав” гэсэн хатуу зүйл заалттай байж. Он цаг өнгөрөхийн хэрээр эдгээр хууль цааз чанга зүйл, заалттайгаа замхарч, тэр үеэс эхтэй хэдэн зуун цээр ёс, уламжлал улам бүр бүдгэрчээ. Одоо бид “Рашаан, булгаас ус утгахдаа бохир шанага, сав ашиглаж болохгүй. Сүү, цагаан идээ, цус нөж хийхийг хориглоно. Гол, горхины ойролцоо газарт бие засдаггүй. Ус руу нус, цэрээ хаяхыг, загас, жараахай хөнөөхийг, булгийн эх, чулуу хөндөхийг цээрлэнэ” зэрэг цөөн “хууль”-тай. Гэвч үүнийгээ тэр бүр мөрддөггүй.
Их засаг хуулийг энэ цаг үед авчирвал монголчууд алхам тутамдаа торгуулж, шийтгүүлэх байх. Хиртэй, хуучин хувцас байтугай тоос, шороонд дарагдсан машинаа голд тухлан зогсоож угаадаг. Зарим авто угаалгын газрынхан бохироо гол руу нийлүүлж, дураараа дургиж байна. Бусдын худаг булаацалдан, нэгээсээ ус харамлах явдал малчдын дунд, тэр дундаа говьд өдөр болгон шахам гарч буй. Бэлчээр, усаа булаацалдан, буу шийдэмдээ хүрсэн тохиолдол ч бий. Энэ бол байгаль, гол усаа хамгаалах монголчуудын уламжлалт ухаан өдрөөс өдөрт алдарч буйн илрэл.
Ганцхан жилийн дотор (2016 он) 770 гаруй булаг, шанд ширгэсэн тухай Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ. Гол буруутан нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэнэ. Гэвч үүнээс том дайсан нь бид билээ. Усны нөөцийн эх үүсвэр болсон гол, горхи, булаг, шандаа хамгаалахын тулд иргэдийн хандлагыг өөрчлөх нь юу юунаас ч чухал. Харин үүнд ашиглах гол “зэвсгүүд”-ийн нэг нь байгаль хамгаалах уламжлалт ухаан юм.