Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн.
Энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн албан бичигтээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан 7 үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж буйгаа дурджээ. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар тараасан үйлдэл олон нийтийн дургүйцлийг хүргэж байна, энэ бусармаг үйлдэлд Засгийн газрын зарим гишүүд нэр холбогдоод байгаа тухай мэдээлэл гарч байна. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнест хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл даалгавар өгч удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн танхимын гишүүддээ хариуцлага тооцохгүй, тэднийгээ хаацайлан хамгаалж байгаа нь “…шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэсэн Үндсэн хуулийн 41 дүгээр зүйл, “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж… Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” гэсэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж буйгаа дурджээ.
Мөн Үндсэн хуульд захирагдаж, төрийн хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсноо мэдэгдэж, гудамжны эмх замбараагүй жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулан монгол төрийн тогтвортой байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй хариуцлагагүй үйлдэл хийсэн, “Хотгор шанагын” лицензийг гадаадын компанид дамласан асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн мөнгийг төрсөн дүүгийнхээ компанид шилжүүлсэн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад Ерөнхий сайд эдгээр албан тушаалтнуудад ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцохгүй байгаа нь нийгэмд шударга ёсны үнэлэмжийг алдагдуулж, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна.
Түүнчлэн УИХ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, оффшорт нуун дарагдуулсан хөрөнгийг ил тод болгож, Монголд буцааж оруулах эрх зүйн орчныг бий болгосон хэдий ч Засгийн газраас энэ чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй байгаа, мөн өмнөх Засгийн газрын ажлын үр дүн, ОУВС-гаас олгож буй санхүүжилтийн ачаар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэргэж, өсөлттэй яваа хэдий ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилласан сүүлийн 1.4 жилд эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байна гэж үзэж буйгаа дурджээ.
Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргасан байна.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүд оролцлоо.
Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, манай Засгийн газрын ажилд сайн, муугийн аль алин нь бий, бүх юм сайн сайхан байгаа гэж хэлж чадахгүй, засаж сайжруулах, залруулж цэгцлэх юм ч бас бий. Зарим албан тушаалтныг огцруулах, хариуцлага тооцох асуудал тавьснаас болоод Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Би хувьдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал цагаа олж гарч ирлээ гэж бодож байна. Хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг шалгаж байгаа, цаашид олон зүйл тодорхой болно, хаана хаанаа сургамжтай зүйл болж байна. Намаа цэвэрлэх, бас төрөө цэвэрлэх цаг болжээ гэдгийг би ойлгож байна, энэ талаар хатуу байр суурь барьж ажиллах болно.
Ерөнхий сайдаар томилогдохдоо би сахилга хариуцлагыг чангатгах, шударга ёсыг тогтоох, эдийн засгийн өсөлтийг хангаж цаашид тогтворжуулахад голлон анхаарч ажиллана гэдгээ ард түмэндээ амалж байсан. Одоо ч тэр байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг онцоллоо.
Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь буюу 62.5 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо