Баруун аймгуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг уурын гамшигт үзэгдэл болж, зарим газарт салхи секундэд 40 метр хүрч ширүүссэн байна. Үүний улмаас есөн иргэн сураггүй болж, гурван хүн гэмтэн, дөрвөн аймгийн 52 сум цахилгаангүй болов. Мөн 1600 гаруй мал шуурганд уруудаж, 211 айлын гэр нурж, 27 барилгын дээвэр хуурч, хийсжээ.
Тодруулбал, хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын ес, 220 кВ-ын дөрөв, нийт 13 тулгуур багана унасан аж. Үүнээс болж Увсын 20, Ховдын 13, Баян-Өлгийн 13, Говь-Алтайн зургаан сум энэ сарын 25-ны 07.30 цагаас хойш цахилгаангүй байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн салбар нэгжийн инженер, техникийн ажилтнууд уг асуудлыг шийдэхээр газар дээр нь ажиллаж байгаа гэнэ. Өчигдөр 15.00 цагийн үед авсан мэдээллээр, сураггүй болсон есөн иргэнийг эсэн мэнд олж, 110 кВ-ын есөн тулгуураас наймыг нь босгож, Увс, Ховд аймаг хөлдөх аюулаас сэргийлсэн гэв.
Түүнчлэн аймаг, сумдын онцгой албаныхан ажлын хэсэг байгуулж, хохирол амссан айл өрх, иргэдэд тусламж үзүүлж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Улсын онцгой комиссыг шуурхай хуралдууллаа.
Цахилгаангүй болсон сумдын эмнэлэг, сургууль, цэцэрлэг хөлдөхөөс урьдчилан сэргийлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Цахилгааныг холбоход шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын маргаашийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх болов.