Монголын утга зохиолын түүхэнд тод мөрөө үлдээсэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хорвоогийн мөнх бусыг үзүүлээд удаагүй билээ. Тэрбээр есөн цагаан тэмээгээр ном тээж, нутагтаа очиж байна гэж зүүдэлснээсээ хойш түүнийгээ биелүүлэхийг хүсэх болсон тухайгаа дурсан нь бий. Зүгээр ч нэг ном тээж очих биш, орон нутагт нүүдлийн номын сан ажиллуулж, хүүхэд багачуудыг номд дуртай болгохыг мөрөөддөг байжээ. Гэсэн ч хүслээ гүйцээж чадалгүй бурхны орныг зорьсон юм. Түүний том хүү Э.Цагаан-Уул аавынхаа хүсэл, мөрөөдлийг биелүүлэх болжээ. Тэрбээр “Миний цуглуулсан хорвоо” ном тээсэн тэмээн жингийн цувааг ирэх сарын 6-нд Дорноговь аймгийн нутаг, Хамрын хийдээс хөдөлгөх бөгөөд 8-нд нь Улаанбадрах сумын төвд очих аж. Уг үйл ажиллагааны хүрээнд “Найргийн гал” түүдэг тойрсон, яруу найргийн уншлага, “Миний цуглуулсан хорвоо” үдшийн цэнгүүн, Ном хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ