Удахгүй хоёр нас хүрэх гэж буй бяцхан охин минь “Пороро”-д нугасгүй. Дуу нь дуугарангуут “По-оо-оо” гээд л алгаа хавсраад үсэрч, дэвхэцнэ. Улсын цэцэрлэгт явах нас нь хүрээгүй тул өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хувийнхад өгсөн юм. Эхний хэдэн өдөр нэлээд уйллаа. Аргаа бараад багшаас нь “Танайх 1-2 настнуудынхаа ангид зурагт суурилуулж болохгүй юу. Бусад цэцэрлэг зурагттай байх юм. Ядаж “Пороро” хүүхэлдэйн киногоо үзээд үлдвэл уйлахгүй байх” гээд хэлээд тавьчихав. Гэтэл багш “Тэгж болохгүй шүү дээ. Бага насны хүүхдийг дэлгэцийн урд удаан “уях” нь буруу. Манайх “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн дагуу хичээллэдэг” гэж хэлээд намайг “муу” ээж болгосон. 14 хоногийн дараа охин минь ч цэцэрлэгтээ дассан.
Гэтэл саяхан үеэл дүүгээ улсын цэцэрлэгт өгч, авах болов. Өглөө очиход ангийнхан нь зурагтныхаа урд шавчихсан, зарим нь нүүрээ наах нь холгүй “Бэби ТВ” үзэж байлаа. Дүүгээ 2-3 удаа цэцэрлэгээс нь авахад өнөөх байдал давтагдаж, эрхгүй анхаарал татав.
Охины ангийн багшийн хэлснийг санаж “Гурван настнуудад хамаагүй юм болов уу” гэж өөртэйгөө ярьсаар, хэд хэдэн ангийн хаалга шагайтал бүгд шахуу зурагттай, хүүхдүүд “Пороро” үзэж байна. Улсын цэцэрлэгт хүүхэд нь явдаг найз, ойр дотно хүмүүсээсээ лавлатал, анги нь зурагттай гэнэ. Улсын цэцэрлэгийн нэг анги дунджаар 50-70 хүүхэдтэй. Ачаалалтай байдгийг нь ойлгож болох ч өглөө, үдэшгүй зурагт үзүүлж болдог, эсэхийг тодрууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын энэ оны есдүгээр сарын 5-ны А/608 дугаар тушаалаар үүнд хязгаар тогтоосон юм байна. Уг тушаалын 3.11-т “Бага насны хүүхдэд танин мэдэхүйн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, бичлэг үзүүлэх тохиолдолд зурагт, проектор ашиглах хугацаа таван минутаас хэтрэхгүй байна”, “Сургалтад техник хэрэгсэл ашиглахдаа эхний эгнээний хүүхэд дэлгэцээс 1.8-2, арын эгнээнийхэн 4-6 метр зайд, хажуу талын хүүхдийн харах өнцөг 20-25 градусаас хэтрэхгүй байна” гэжээ. Хэрэгжүүлэхэд нь цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавих ёстой байтал яагаад мөрдөхгүй байна вэ.
Бэлтгэсэн: О.Ундрах