Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Энэ үеэрээ "Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй нэр бүхий 27 гишүүн ард түмнээс уучлалт хүсэж байгаа. Бидэнд Монгол Улсын төлөө том эрх ашиг байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал гаргахад хүрлээ. Бидэнд Монгол Улсын гэх ганцхан том эрх ашиг байх ёстой. Тиймээс ч энэхүү Засгийн газрыг огцруулах хэд хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээрт, ЖДҮ-г хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашигласан. Энэ нь Монгол Улсын иргэн бүрт хуулийн өмнө тэгш эрхтэй байх нөхцөлийг зөрчсөн гэсэн үг. Энэ асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооц гэсэн саналыг хүргүүлсэн ч саналын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Гэтэл одоог хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа нь Ерөнхий сайд алдаа дутагдал гаргасныг хаацайлж байна гэж үзэхээр өөр аргагүйд хүрч байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ биелүүлж чадахгүй байна. Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсон тухайгаа өөрөө илэрхийлж, иргэдийг жагсаалд турхирах зэрэг буруу үйлдэл гаргасан.
Гуравдугаарт, Ерөнхий сайд гадаадын иргэнд лиценз дамлан зарсан, өөрийн төрсөн дүүдээ төсвийн хөрөнгө шилжүүлсэн сайд нарт хариуцлага тооцож чадахгүй байна. Харамсалтай нь үүнийг үл ойшоож, ёс зүйн хариуцлага тооцох чадваргүй болтлоо доройтсон гэж харж байгаа.
Мөн оффшор бүсэд хөрөнгө нуусан хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг эх оронд эгүүлэн авч ирэх чиглэлд Засгийн газар тодорхой алхам хийгээгүй. Түүнчлэн төрийн албан хаагч ажлын байран дээрээ амиа алдсан, гадаадын тагнуулын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг завдсан зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тодорхой алхам хийхгүй байгаа зэрэг нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байгаа юм. Хүн хулгайлах асуудлыг Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон гэдгийг удаа дараа мэдэгдээд байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байна. Энэ нь бидний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үл хүндэтгэсэн байдал гаргаж байгаа юм” гэлээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн
- Д.Хаянхярваа
- А.Ундраа
- Н.Амарзаяа
- Ц.Мөнх-Оргил
- Л.Энх-Амгалан
- Д.Оюунхорол
- М.Билэгт
- Г.Мөнхцэцэг
- Б.Дэлгэрсайхан
- Б.Саранчимэг
- Н.Оюундарь
- Ё.Баатарбилэг
- Г.Тэмүүлэн
- Ж.Бат-Эрдэнэ
- Б.Чойжилсүрэн
- Н.Номтойбаяр
- Ж.Мөнхбат
- Л.Мөнхбаатар
- Ц.Цогзолмаа
- Ж.Эрдэнэбат
- М.Энхболд
- Д.Тэрбишдагва
- Б.Ундармаа
- Д.Ганболд
- О.Содбилэг
- Ш.Раднаасэд
- С.Бямбацогт