Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу шалгалтыг явуулж байна.
Түүнчлэн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы 2018 оны арванэгдүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ хамгаалж байна гэж мэдэгдсэнийг албан ёсоор няцааж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр" гэсэн байна.