Олон хүний сэтгэл, зүтгэл, хүч, хөрөнгөөр Баянгол дүүргийн XX хороонд нэгэн цэцэрлэг үүдээ нээв. 100 хүүхдийн багтаамжтай ч дөрвөн бүлэгт 180 “алба хаагч”- тай хүмүүжин, ачааллаа дийлж ядан байсан нийслэлийн 47 дугаар цэцэрлэг өргөтгөлтэй болсон нь энэ.
“Морин сувд” ХХК өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд тус цэцэрлэгийн өргөтгөлийг эхлүүлж, хугацаанд нь ашиглалтад өгчээ. Хоёр тэрбум төгрөгөөр “боссон” гэнэ. Эрхлэгч М.Оюунбилэг шинэ, хуучин барилгыг холбох санаачилга гарган, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүсэлт тавьсны дагуу 15 метр урт гүүр хийлгэжээ.
Ингэснээр багш нар өвлийн хүйтэнд хоёр цэцэрлэгийн хооронд хоол, цай зөөх гэж гадагш гарахгүй, хүүхдүүд биеийн тамир, чийрэгжүүлэх танхимдаа саадгүй зорчих орчин бүрдсэн гээд онцлох зүйл олон аж.
Өнгөрсөн мягмар гарагт 47 дугаар цэцэрлэгт очиход гаднах зам, талбайгаа гоёж, “энгэсэгдэж”, хүүхдийн тоглоомын хэсгийг шинэчилсэн гээд будаг ханхалсан саруулхан орчин угтав.
Хүүхдүүдийг ийм гоё цэцэрлэгтэй болгоход БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн ЗДТГ-ынхан хөрөнгө мөнгийг нь шийджээ. Өргөтгөл ашиглалтад оруулснаар ачаалал хоёр дахин багасаж, нэг бүлэгт 35-45 хүүхэд хүмүүжиж байна. Өмнө нь нэг анги 75 “цэрэгтэй” байсан гэдгийг эрхлэгч нь дуулгасан юм.
Эцэг, эхчүүд ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн тохижуулан, цагаан хэрэглэл, гудас зэргийг сольж, гал тогооны шүүгээ хүртэл хийж өгсөн байна. Мөн цэцэрлэгийн багш, ажилтнууд санаачилж, 146 ам метр талбайг тоглоомын төв болгон тохижуулжээ. Ингэснээр хүүхдүүд хавар, зун нь гадаа, өвөл энэ төвдөө тоглоно гэсэн үг.