Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг хангалтгүй, эсвэл жил бүр өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг гэсэн шүүмжлэл сүүлийн үед тасрахаа больсон.
Энэ хичээлийн жилийн хоёр дахь улирал эхэлчихээд байхад төгсөх ангийн сурагчид ганц ч сурах бичиггүй хичээллэж байна.
Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны секторын эрхлэгч Д.Пунцагсүрэнгээс энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар тодрууллаа.
-Сурах бичгийг жил бүр шинэчилж байна гэсэн шүүмжлэл их байна. Шалтгаан нь юу вэ?
-2014 онд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын цөм хөтөлбөрийг шинэчилсэн. Үүний дагуу сурах бичгээ ч шинэчлэх шаардлага тулгарлаа. I-XII ангийн 120 гаруй сурах бичгийг нэг жилийн дотор шинэчлэн боловсруулж, сурагчдад өгнө гэж байхгүй.
Тиймээс 2014 оноос бага ангийн сурах бичгээс эхлээд сургалтын цөм хөтөлбөрийн дагуу шинэчлэн найруулсан. Өөрөөр хэлбэл, нэг жил нь бага ангийн сурагчдын сурах бичиг, дараа жил нь дунд ангийнх гэх мэтээр шат дараатайгаар шинэчлэхэд хугацаа нэлээд шаардаж байгаа.
Энэ нь иргэдэд жил бүр шинэчлэгдээд байгаа мэт харагдсан юм болов уу. Хүн ам өсөж буйтай холбоотойгоор жил бүр нэмж хэвлэх шаардлага тулгардаг. Ялангуяа бага ангийн сурагчдыг 100 хувь сурах бичгээр хангадаг. Тэд сурах бичгээ гамгүй эдэлдэгээс шалтгаалж жил бүр нэмж хэвлэхээс өөр аргагүй.
Үүнээс болж иргэд буруу ойлгодог бололтой. Мөн сурах бичгийн эдэлгээнээс хамааруулан жил бүр тодорхой хэмжээгээр нэмж хэвлэдэг. Жишээ нь 2014 онд хэрэглэж эхэлсэн бага ангийн сурах бичгийг энэ жил актлах ёстой болж таарч байгаа юм.
Үүнээс болж иргэд жил бүр сурах бичиг шинэчилж байна гэсэн буруу ойлголт нийгэмд үүсч байна.
-Энэ хичээлийн жилийн төгсөх ангийн сурагчид сурах бичиггүй хичээллэж байна. Тэд хэзээ номтой болох вэ?
-Дээр дурдсанчлан сурах бичгийг шат дараатайгаар шинэчилж байгаа. Энэ жилийн хувьд төгсөх буюу XII ангийн сурах бичгийг шинэчлэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлсэн. Гэтэл хэвлэх үйлдвэр болон зохиогчдын баг сонгон шалгаруулахад маргаан гарч, асуудал шүүхэд шилжсэн.
Улмаар наймдугаар сард шүүхээс сурах бичгийг шинэчлэх ажлыг зогсоох шийдвэр гарсан юм. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд хандаж, олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэснийг үндэслэн, ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Бас нэг тээг нь төсөв.
Тендерт шалгарсан хэвлэх үйлдвэрүүдэд очих ёстой хөрөнгө Сангийн яамнаас шилжихгүй удсанаас цаг алддаг. Энэ мэт шалтгаанаас болж төгсөх ангийн сурах бичгийн эхийг хэвлэлтэд шилжүүлээгүй.
Хэвлэх үйлдвэр сонгон шалгаруулахад жил бүр л иймэрхүү маргаан гардаг. Өнгөрсөн жил иймэрхүү шалтгаанаас болж нэгдүгээр сар хүргэж байж хэвлэсэн. Шүүхээс аль болох хурдан шийдвэр гаргана гэж найдаж байна.
-Сурах бичгийг боловсруулах ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Эх бэлтгэж дууссан. Одоо хэвлэх л үлдсэн. Цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ахлах ангийн сурагчид хичээлээ сонгон суралцдаг. Үүний хажуугаар заавал судлах ёстой найман хичээл бий. Тиймээс нийт найман сурах бичгийг шинэчлэн, сурагчдад хүргэх ёстой гэсэн үг.
-Сурах бичиггүй байгаа сурагчид хэрхэн хичээллэж байгаа вэ?
-Багш нарт сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж гаргаж өгсөн. Одоохондоо зөвхөн багш нарын хэрэглэх номыг нь гаргасан. Мөн хэвлэлтэд өгөх гэж буй шинэчилсэн сурах бичгийг цахим хуудсаараа дамжуулан эхний бүлгүүдийг нь хүргээд байна.
Ингэснээр тухайн сурах бичгийг хичээлдээ ашиглахаас гадна агуулга, арга зүйд санал өгүүлэх зорилготой. Гэхдээ зөвхөн багш нарт эхийг өгч, түүнийг сурагчдад түгээж буй учраас тэдний ачаалал ихсэж байгааг үгүйсгэхгүй.
-VI, VII ангийн сурагчид монгол хэл, бичгийн хичээлийн сурах бичиггүй байна гэсэн.
-Цөм хөтөлбөрийн хүрээнд сурах бичгийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. VI, VII ангийн сурагчдын монгол хэл, бичгийн хичээлийн сурах бичгийг шинэчлээгүй байсан юм.
Тус хичээлүүдтэй холбоотой шинэчилсэн журам гарсан шүү дээ. Тиймээс энэ жил шинэчилж байна. Тус ангийн сурагчдын үзэж, судлах хичээлийг цахимаар олгоод байна.