“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг шинээр эмхэтгэн гаргасантай холбоотойгоор ном сурах бичгүүдийг хэрхэн залруулах талаар асуудал сөхөгдөж байна. ЕБС-ийн сурах бичгийг хэрхэн шинэлчилж байгаа талаар Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн дараах тайлбарыг өглөө.
-ЕБС-ийн сурагчдын сурах бичиг хэрхэн шинэчлэгдэж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-ЕБС-ийн I-XII ангид нийт 150 орчим сурах бичиг хэрэглэдэг. Үүнд үндэстний цөөнхөд болон тусгай хэрэгцээт боловсролд зориулсан сурах бичгүүд багтсан. Одоогоор ийм тооны сурах бичгийг нэг жилд багтааж шинэчлэх хүний нөөц болон санхүүгийн боломж хомс байгаа тул бид шат дараалсан байдлаар сурах бичгийг шинэчилж байна. Тодруулбал 2014 онд бага ангийн бүх сурах бичиг, 2015, 2016, 2017 онуудад дунд ангийн сурах бичиг, 2017, 2018 онуудад ахлах ангийн сурах бичгүүдийг шинэчилж байна. Энэ хичээлийн жилд 23 нэрийн сурах бичгийг шинээр зохиож, хэвлэснээр ЕБС-ийн сургалтад хэрэгжүүлэх цөм хөтөлбөрт нийцсэн бүх сурах бичиг бэлэн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл I-XII ангийн бүх сурах бичгийг шинэ сургалтын хөтөлбөрт нийцүүлж, шинэчлэхэд 4-5 жил зарцууллаа. Энэ нь жил бүр сурах бичгийг шинээр зохиож байгаа хэрэг биш, нөөц боломждоо тулгуурлан шат дараалсан байдлаар сурах бичгүүдийг шинэчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ онд бүх нийтээр мөрдөх “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарч, батлагдсан. Иймд бид нөхөн хангалтаар хэвлэгдэх I-V, VI, X, XI ангийн бүх сурах бичгийг уншиж, үг, өгүүлбэрийг уг тольд нийцүүлэн, залруулга хийсэн. Цаашид нөхөн хангалтаар хэвлэх бусад сурах бичигт эдгээр залруулгыг тусгах шаардлагатай байгаа.
-Зөв бичих дүрмийн алдаа том жижиггүй л гаргадаг боллоо. Монгол хэл, уран зохиолын хичээл ЕБС-ийн сурагчдад хэдэн цаг орж байна вэ?
-Уламжлалт зан заншил, түүх, соёлоо дээдлэх, эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэхэд эх хэлний хичээл чухал үүрэгтэй. Нөгөө талаар төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод бага боловсролыг эх хэлний чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе хэмээн тодорхойлсон. Иймд манай улсын ЕБС-ийн бага ангид монгол хэлний хичээлийг долоо хоногт долоон цаг судалж байна.
-Бусад улс оронд эх хэлнийхээ хичээлийг хэдэн цаг судалдаг юм бол?
-Гадаад улс орнууд ч бага ангид эх хэлний боловсролыг чухалчлан авч үздэг. Ихэнх улс орнуудад бага ангид эх хэлийг судлах цаг нь нийт цагийн 26 хувийг эзэлдэг бол манай улсад 29 хувь байна. Олон улсын сургалтын төлөвлөгөөнд эх хэл гэж нэг л хичээл бий. Харин манай улс дунд, ахлах ангидаа монгол хэл, уран зохиол, монгол бичиг гэж гурван хичээл судалж байгаагаараа онцлог. Дунд ангид монгол хэлний хичээлийг долоо хоногт 2-3 цаг, уран зохиолын хичээлийг долоо хоногт 2 цаг судалж байна.
-Монгол бичгийн хичээл хэддүгээр ангид орж байгаа вэ?
-Өмнө нь үндэсний бичгийг суурь боловсролын VI анги болон ахлах ангид судалдаггүй байсан. Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх, 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Тиймээс VI ба түүнээс дээш бүх ангид үндэсний бичгийг бие даасан хичээл болгож, долоо хоногт 2-3 цагаар судалж байна. Суурь боловсролд шинжлэх ухааны хичээлүүд нэмэгддэг тул эх хэлний хичээлийг судлах цаг нь нийт цагийн 18 хувийг эзэлж байна. Бусад улс орны хувьд энэ үзүүлэлт 16 хувь байгаа нь манай улс олон улсын жишигтэй ойролцоо байгааг харуулж байгаа юм. Ахлах ангид дээрх хичээлүүдийг тус бүрийг нь долоо хоногт нэг цагаар судалж байгаа бөгөөд тухайн сурагч эх хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судлахаар сонговол долоо хоногт 1-4 цаг нэмж судлах боломж нээлттэй байгаа.