“Улаан, цагаан, цагаан, цагаан, улаан” хэмээн эгнүүлэн тавьсан 1200 ширхэг сарнайг өнгөний дарааллаар нь алдалгүй хэлж буй ихэр монгол охидыг хараад дэлхий гайхаж, монголчууд омогшсон биз. Энэ бол ОХУ-ын “Россия 1” телевизээс бэлтгэн гаргадаг "Гайхалтай хүмүүс" нэвтрүүлэгт Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож буй агшин юм. Тэрхүү 1200 ширхэг сарнайг цээжлэхэд есөн минутын хугацаа өгсөн ч Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёрт ердөө таван минут хангалттай байсан. Энэ бол монгол залуус, хүүхдүүдийн оюун ухааны чадамж ямар түвшинд байгаагийн нэг баталгаа боллоо. Тэд хэдийнэ Гиннесийн номонд бичигдсэн бөгөөд Н.Энхшүр 30 минутанд 5,445 цифр цээжилж, Н.Мөнхшүр нэг цагт 37 багц буюу 1,924 хөзөр цээжилж дэлхийн рекорд тогтоосон.
Ой тогтоолтын чадварт босго тогтоогоод байгаа монгол залуусын цуваа үүгээр тасарсангүй. Бас нэгэн жишээ бол тун “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон Олон Улсын хэмжээний мастер С.Марал үзэгчид, шүүгчдийн бичсэн тоог торохгүй цээжлэн, дуржигнуулан уншсан юм.
Монголын тайзаар хязгаарлагдаагүй, оюуны чадамжаараа олон улсад шагшигдаж байгаа залуусын нэг бол дэлхийн казинод орох эрхгүй тоглогчдын жагсаалтад орсонЭ.Энхмөнх юм. Түүнийг казинод оруулахгүй байх шалтгаан нь Э.Энхмөнх 52 ширхэг буюу нэг багц хөзрийг 22 секундэд цээжлэх чадвартай юм. Тэрээр БНХАУ-ын хамгийн их үзэгчтэй шоу болох "Супер тархи" шоунд 2016 онд оролцож, ялалт байгуулж байсан билээ. Мөн 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, болж байсан тэрээр хэдийнэ олон улсад үнэлэгдсэн. Энэ мэт бахархам ой сайтай монгол залуусыг дурдаад барамгүй.
Монгол залуус оюуны чадамжаа өндөр түвшинд ашиглаж байгаагийн шалтгааныг соёл, уламжлалтайгаа холбон ойлгож болох юм. Нүүдэлчин уламжлалтай Монголчууд маань шастир номоо өвлүүлэхдээ амнаас ам дамжин, цээжнээс цээжинд өвлүүлж ирсэн. Бидэнд бичгийн дурсгал хадгалагдан үлдсэний зэрэгцээ амаар уламжлагдсан нь арвин их. Хэдэн мянган шад шүлгийг марталгүй цээжээрээ өгүүлдэг үлгэрч өвгөдийн маань суурь өгөгдөл бидэнд нөлөө үзүүлж байгаа гэдэгтэй маргахгүй биз. Гагцхүү бид энэхүү суурь өгөгдөл оюуны чадамжаа юунд ашиглах вэ гэдэг л гол асуудал юм. Бид байгаа зүйлээ зөв ашиглаж чадвал байгалийн баялгаа ухах бус тархиныхаа баялгийг ашиглах цаг тун удахгүй ирэх биз.