ОХУ-д нэг ч удаа очиж үзээгүй монгол иргэн халамцуу үедээ хойд хөршийн газар нутагт хөл тавьжээ. Дорнод аймгийн Эрээнцав сум Оросын хилтэй ойрхон оршдог. Тус сумын харьяат залуу зэргэлдээх Чулуунхороот суман дахь айлд наргиж цэнгээд гэрийн зүг морджээ. Цаг шөнө дунд болсон байсан тул тэрбээр хээр төөрч явсаар ОХУ-ын газар нутагт нэвтэрчээ. Ингэхдээ хилийн хамгаалалт, инженерийн байгууламжийг төвөггүй даваад гарсан байна.
Улсын хил зөрчсөн дохио инженерийн байгууламжаас ирсэн тул Оросын хилчид шуурхай ажиллаж хил зөрчигчийг 20 минутын дотор саатуулжээ. Хилчид түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, орчуулагч томилж өгсөн хэмээн ОХУ-ын ФСБ-гийн Забайкалийн хязгаарыг хариуцсан Хилийн удирдах газар мэдээллээ. ОХУ, Монгол улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын улсын хилийг зөрчсөн монгол иргэнийг Монголын талд хүлээлгэн өгөх юм байна. Хил зөрчсөн хариуцлагаа тэрбээр Монгол улсын хуулийн дагуу хүлээх ажээ.
Дорнод аймгийн харьяат иргэн Оросын хилийг санасаргүй зөрчсөн хэрэг энэ оны наймдугаар сард мөн гарч байсан. Дорнод аймгийн Чулуунхороот сумын харьяат найз нөхөд нутгийнхаа Улз голын эрэгт наргиж, цэнгэжээ. Халамцсан улс хоорондоо түнжин хагарсан тул сум руугаа буцахдаа хамт явсан нэгэн эмэгтэйг Улз голын хөвөөнд орхиод одсон юм. Эмэгтэй сум руугаа хүрэх замыг хайж нэлээд явсан боловч харанхуйд төөрч Монголын хилийг даваад Оросын хилд нэвтэрсэн байна. Тэрбээр Оросын Соловьёвск тосгоны гэрэл, чийдэнг Чулуунхороот сумынх гэж андууран тэр зүг шөнөжин алхаад үүр цайхын алдад Оросын хилчдэд саатуулагдсан билээ.