Эхлээд Бээжин, дараа нь Лондонгийн олимпод гарамгай өрсөлдсөн багаасаа бид тийм хэмжээний амжилтыг хүлээсэн нь мэдээж, Риод. Хүлээх ч үндэслэлтэй байлаа. Төсөв байсан уу? Байхаар бахарах уу, хангалттай байсан. Бээжин, Лондонгийнхоос ч илүүг зарцуулсан. Амжилт гаргасан уу? Гаргахаар барах уу, тэвэр дүүрэн ургац хураасан. Өмнөх олимпуудын циклээс ч олон Дэлхийн медаль, Цомын түрүүнүүдтэй болсон. Үүний дүнд түүхэндээ байгаагүй олимпийн олон эрхийг өвөртөлсөн шүү дээ. Бодит байдал ийм байхад том үзүүлэлт харахаас өөр яах билээ. Түмнийхээ их итгэлийг манайхан зүтгэлээр хариулж хоёр медаль хүртсэн. Өмнөх хоёр наадмын дэргэд чамлалттай боловч медаль ч үгүй цаг үе, ширхэг хүрлээс хэтрээгүй он жилүүдийн дэргэд бол сайхан үзүүлэлт билээ. Тиймээс медальд хүрсэн хоёроороо бахархсан, дайчин зүтгэлийг нь бахдсан. Гэвч бахархахын зэрэгцээ доголон нулимсыг нүдэндээ, гомдсон сэтгэлийг зүрхэндээ Риогоос тээж үлдсэн, монголчууд.
Тэнд өрсөлдсөн тамирчид маань ээлжилж гараад авралгүй дийлдсэн, дараалж очоод л хуу хамуулсан. Энэ төрөл, тэр тамирчин гэлтгүй жигдхээн тааруу байлаа. Ийм зүйл болно чинээ зүүдэлж ч байгаагүй учир ард түмэн гомдож туньсан нь аргагүй. Их түүхээрээ бахархдаг, эрэмгий баатруудаараа бардамнадаг агуу үндэстэнд Монголын багийн тааруу амжилт том цохилт болон буусан юм. Хөлдөө хичнээн алддаг юм, нэг мэхэнд хичнээн ч ордог юм, бөхгүй газрын нөхөрт яахаараа ч ялагддаг юм, яасан ч тэвчээргүй юм гэх мэт баахан шүүмжлэл, бөөн гомдол Риогийн олимп болсон 16 шөнийн турш минут тутамд хөвөрч байлаа. Сошиал дахь монголчуудын асар өндөр идэвх Фэйсбүүк, Твиттерийн төв серверийг шатаах дөхсөн билээ. Үнэн явдлыг мэдэх гэсэн хөгжөөн дэмжигчдийн, бодит хариуг сонсохыг хүссэн иргэдийн бухимдал сошиалийн ертөнцөөс хальж гэртээ орж мэтгэлцэх, гадаа гарч маргалдах хэмжээнд өргөжсөнийг та санаж байгаа биз ээ.
Иргэдийн байнгын буруутгадаг гол субьект нь мэдээж тамирчид. Ялагдлын ял нь зөвхөн тамирчинд тохоогддог нь ганцаарчилсан төрлийн гол аюул юм даа. Тиймээс л чөлөөт, жүдо, бокс, буудлага гэсэн спортуудыг анхаарч ирсэн монголчууд бид Риод гаргасан алдааг гагцхүү тамирчдаасаа хайн баахан бухимдаж байв. Уг нь логикоороо бол тамирчны дээр дасгалжуулагч, дасгалжуулагчийн дээр холбоо, холбооны дээр төрийн институт байдаг биз дээ. Энэ утгаар бол олимпод бөөнөөрөө унжуу өрсөлдөж, хавтгайдаа хийморьгүй барилдсан шалтгааныг тамирчдаас эрэх бус үүрэг хүлээж буй дээрх нөхдөөс асуух учиртай юм. Харамсалтай нь асуултанд хариулах учиртай улс нь амжилт тааруу үед окопондоо нуугдчихдаг. Орох, орохдоо окопныхоо амыг дотроос нь цементлэж агаар ч оруулахгүй, салхи ч гаргахгүй бэхлэхийг нь яана.
Угаасаа тэгж зугтдаг зантай юм. Амжилт гаргасан бол УИХ-ын гишүүдээсээ өгсүүлээд том, жижиггүй гүйлдэж ирэн сэтгүүлчдийн асуултад пээдгэр хариулж, камерны өмнө додигор зогсдог шүү дээ. Ингэж сагсалздаг зуршилтай юм. Харин хэцүү үед өөрсдөө гараад ярихгүй мөртлөө өрөөлийн хэлэх үгийг хянахдаа гаргуун. Асууя гээд сэтгүүлч дөхөхөөр дасгалжуулагчид нь тойроод зугтчихна, тодруулья гээд сурвалжлагч очихоор холбооны дарга нар нь дөлөөд бултчихна. Хачин зан шүү. Олимп нь газрын мухарт зохиогдож, тэмцээн нь гүн шөнөөр өрнөснөөс болж хагас мэдээлэлтэй яваа олон нийтдээ хугас ч болтугай тайлбарыг өгч олны булцалсан сэтгэлийг тайтгаруулчих зориг тэдэнд байдаггүй л байхгүй юу. Байгаа ч үгүй.
Гэтэл гадны улсууд өөр байх юм. Тэд ард түмэнтэйгээ амжилтаа хуваахын зэрэгцээ алдаагаа ч мөн хуваалцдаг аж. Төлөвлөсөн медалиа аваагүй алдаагаа ил хэлж, бэлтгэл төлөвлөлтийн дутагдлаа тод дурддаг юм байна. Найдвар болсон төрлөөрөө амжилт олоогүй бол бүр ч нээлттэй тайлагнадаг уламжлалтай ажгу. Бүх Японы Жүдогийн холбоо л гэхэд 2012 оны олимпоос алтан медаль ганцханыг авсан шалтгаанаа олон талын судалгаатайгаар олон нийтэд нухацтай тайлбарласан байдаг. Алдаагаа зассаны дүнд алтан медалиа Риод гурав болгож олшруулсан. Лондонд ширхэг ч медаль аваагүй эрэгтэй боксчиддоо америкчууд ихэд бухимдахад холбоо нь “Жижигхэн Монгол улс хоёр медаль хүртэж үндэсний спортоор маань илүү амжилт гаргасан нь бидэнд нэгийг бодогдууллаа” хэмээн өөрсдөдөө шүүмжлэлттэй хандаж байлаа.Үүний дүнд тэд Риод хоёр медаль хүртсэн.
Риогийн олимпод болохоор Оросын чөлөөт бөхчүүд тааруу барилдсаны дээр дотроо бөөн хэрүүлтэй байлаа. Тэгсэн нутагтаа буунгуутаа холбооны ерөнхийлөгч нь олимпийн дүнгээ хачин сайхан тайлагнав, хараагаад байсан тамирчдаасаа халаглаж байгаад уучлалт гуйв. Түүнтэй тос гартал тэврэлдэн эвлэрсэнээ ч бөхчүүд нь сонин, телевизээр маргааш нь мэдэгдлээ. Хэрэгтэй цагт нэгнээ уучилж чаддаг ухаантай улс ажээ. Ер нь тэгээд юм үзсэн нөхөд алдсан ч түүнийгээ зоригтой хүлээж, амжилтгүй ч тэрийгээ эмээлгүй тайлагначих тэнхээтэй байдаг юм байна. Асуудлыг баглаад дарах биш нээгээд ойлгуулах нь ухаалаг улсын гол арга барил ажээ.
Энэ бүхнийг өгүүлсэний учир нь хэсэг холбоог, бүлэг даргыг муулахад чиглэгдээгүй юм. Тамирчинг өргөж, дасгалжуулагчийг дордуулья гэж ч зорьсонгүй. Зүгээр л “Монголын спортод шинэчлэл хэрэгтэй” гэсэн санааг илтгэхийг хичээв. Шинэчлэнэ гэдгийг хувьсгал хийх утгаар нь онцолсонгүй. “Хариуцлагажуулах замаар шинэчлэе” гэж байгаа юм. Монголын төр Монголынхоо спортыг хүний сайн дур, хүмүүсийн сайхан сэтгэлд 28 жил даатгаад орхисны “үрээр” тус салбар хариуцах эзэнгүй, тулах лидергүй болчихож. Байх ёстой эзэн, удирдах үүрэгтэй лидер нь ТӨР юм шүү дээ, уг нь. Мэдээж төр спортоо гаргуунд нь орхиогүйг хэлэх учиртай. Нэрээ нэжгээд сольсон агентлагаараа дамжуулж анхаарч л байгаа. Хүнд хэцүү 90-ээд онд чадлаараа л чирээд явсан.
Мөнгөтэй болсон 2000-аад онд шигшээ багуудыг тэрбумаар төсөвжүүлээд байгуулсан. Мөнгөний хэмжээг ч олимпоос олимпод нэмж ирлээ. Шигшээ багийг 10 гаруй төрлөөр байгуулж, 100 гаруй тамирчинг цалин, зардлаар хангалттай сайн хангаснаар монголчууд Бээжин, Лондоны олимпод мөрөөдлийн амжилтаа гаргасан түүхтэй. Үүний нөлөөгөөр спортоор хичээллэх хүүхэд залуусын тоо жилээс жилд хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Энэ бол шигшээ багийг тогтмол барьж, гадны тэмцээнд тогтмол оролцуулж ирсэнээс үүдэн гарсан хамгийн чухал ашиг юм. Бид сууриа ингэж сайхаан гэгч нь бэхжүүлж чадсаны бодит үзүүлэлт нь Риогийн олимпийн эрхийг түүхэндээ байгаагүй олноор нь авснаас харагдсан. Энэ бол сайн хэрэг, сайхан ч ажил байсан.
Тийм ээ, байсан. Байсан гэсний учир нь энэ бүтцийн маань бензин одоо шавхагдчихлаа. Өөд татдаг механизм нь ажиллахаа болиод уруу нь чирдэг дөнгө болчихож. Тодорхой хэлбэл, бүхэл бүтэн спортын салбарыг шигшээ баг хэмээх зуу гаруйхан тамирчин, штаб гэх хэдхэн дасгалжуулагчаар төлөөлүүлж, зөвхөн тэднийг л мөнгөөр тэтгэдэг тогтолцоо нь өнөөдөр хэрүүл маргаан үүсгэдэг гол шалтгаан, хувийн тоглолт хийдэг төв цэг болоод байна. Тэгээд ч ур чадвар нь халгиж, цалгисан тамирчин залуус хэдэн зуугаараа хэдэн арван төрөлд төрж байгаа энэ цаг мөчид “Шигшээ баг” гэдэг бүтэц дэндүү жулдаж, хэтэрхий болхи харагдах боллоо. Дээр нь төр засаг хэдхэн хүнд хэт анхааран, хэдэн холбоодоо зөнд нь хаяснаас болж спорт нь дотооддоо задарч, удирдлага нь дотроо задгай болчихлоо. Задарч, задгайрсан газар хариуцлага явж байх юм. Уруу утгаараа бол үүрэг хүлээлгээгүй, даалгавар оноогдоогүй газар хариуцлага яаж ч орших билээ. Энэ өнцгөөс харвал, төр өөрөө ажилдаа хариуцлагагүй хандаад байгаа юм. Медаль авч мандангуут нь спортоо тойрч гүйлддэг хэрнээ алдаа гаргаж уруудахад нь холбоод руу, тамирчид өөд чихчихдэг байж болно гэж үү?! Гэтэл тэр холбоодыг нь УИХ-ын гишүүд удирдаж байгаа. Удирдах зөвлөлд нь сайд, дарга нар нь суугаа шүү дээ.
Иймийн учир, 28 жил тархай бутархай, өлмөн зэлмэн явсан их спортоо бүхлээр нь харах цаг болсон, 28 жил арьс өнгөний үзэл дунд амьдарсан холбоодоо багцаар нь нэгтгэх мөч ирсэн. Тиймээс төр нь эзний үүргээ хүлээж спортоо зөв чиглүүлье, засаг нь лидерийн чанараа харуулж холбоодоо сайн удирдъя. Мэдээж, төрийн зүгээс спорт холбоодын үйл ажиллагаанд оролцож болохгүй. Энэ нь Олимпийн хартаар хаалттай. Оролцоод эрхээ хасуулж хаширсан өчнөөн улсын жишээ байна, Кувейт, Ирак гэх мэт. Тэгэхээр бусдын хараанд өртөхгүйгээр өөрсдөд ашигтайгаар шийдэх арга замыг л олох хэрэгтэй. Шпаргалк сөхөж үзвээс бэлэн арга, практик нь ч байна. Шинэ замаар хөгжих гол хөшүүрэг нь мөнгө байх юм. Төр спорт холбоодоо төсөвжүүлнэ, төсвөөр дамжуулж тэднийг хариуцлагажуулна. Холбоодоос амлалтыг нь авна, үр дүнгийн гэрээ байгуулна. Гэрээний биелэлтийг олимпийн дараа хянана. Үүргээ биелүүлээгүй спорт холбоодын удирдлага багаараа огцорлоо, шинэ бүрэлдэхүүн ирлээ. Энэ системийн модон каркасыг дүрслэх юм бол ердөө л энэ.
Ингэснээр төр их спортынхоо хөгжлийн хандлагыг гартаа барина, холбоодынхоо халуун чихийг ч хатуухан мушгиад сууж байна. Ялангуяа өчнөөн жилийн турш цухуйх нь байтугай үнэртээгүй ХАРИУЦЛАГА гээч зүйл Монголын спортод соёолох юм. Хариуцлага ноёрхсон газарт үр дүн гардаг л жамтай. Мөнгөөр дамжиж хариуцлага хүлээсэн холбоод мэдээж хамгийн сайн ажиллахыг хичээнэ, хамгийн шилдгүүдийг цуглуулахыг зорино, чадвартай тамирчдыг төрүүлэхээр зүтгэнэ.
Юун хувийн амбиц бодох, юун арын хаалга харах. Буруу замаар будаа тээвэл төсвөө тануулна, төслөө царцаалгана шүү дээ. Ийм практик дэлхийн спортод байна шүү. Тиймээс дээрх нөхцөлд мэргэжлийн боловсон хүчин бүрэлдэх, мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл спортын салбарт бүрдэх юм. Мэргэжлийн хүмүүс суурьшсан байхад спортын шинжлэх ухаан тэргүүнд тавигдах нь гарцаагүй, спортын анагаах ухаан тархинд дурдагдах нь баараггүй. Үүнийг зөв бодож төлөвлөөд, сайн тооцож боловсруулах юм бол манайд тохирох л хувилбар байгаа юм. Гол нь зөв нутагшуулах хэрэгтэй. Харамсалтай нь, энэ л бидний муухан хийдэг эд дээ, аль ч салбарт.
Гэхдээ нутагшуулаад, дээр нь баяжуулж чадсан бодит жишээ ардхан талд маань байна. Яг энэ чиглэлд ОХУ цөөнгүй жил ажиллаж сайн үр дүн гаргасан. Сочигийн өвлийн олимпийн супер үзүүлэлт нь гагцхүү үүнтэй холбоотой. Улс нь мөнгөөр дутаагаагүй, хөрөнгөөр гачигдуулаагүй. Үүний хариуд холбоодоосоо хариуцлага нэхэж, амжилт л шаардсан. Холбоод нь ч мэргэшсэн удирдлагатай болж, аппарат нь мэргэжлийн түвшинд ажилласнаар гадныханы төсөөлж ч байгаагүй, өөрсдөө мөрөөдөж ч үзээгүй төрлүүдээр олимпийн медаль түүсэн шүү дээ.
Бид ингэж яагаад болохгүй гэж? Мөрөөдөл биелдэг гэдэг дээ.