Унгар улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртэх манай гол найдвар Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, П.Өнөрбат, Г.Мандахнаран нар ялагдаж, монгол түмнээ гонсойсон бол үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга хонгилын үзүүрт гэрэл асаалаа. Дэлхийн оюутны аварга, И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Mongolia open” тэмцээний хоёр, УАШТ-ий гурван түрүүтэй тэрбээр “Будапешт-2018”-аас хүрэл медаль хүртэн, дэлхийн дэвжээнд төрийнхөө далбааг мандуулав.
Булган аймгийн Тэшиг сумын харьяат, 26 настай Т.Түвшинтулга эхний тойрогт Азийн АШТ-ий хошой хүрэл медальт У.Жолдосбековыг 8:6-гаар ялсан ч удаах даваанд 2017 оны дэлхийн дэд аварга, Европын АШТ-ий хошой алтан медальтай, ОХУ-ын бөх Г.Рашидовт 2:1-ээр дийлдсэн.
Улмаар орос эр шигшээд шалгарснаар манай бөхөд дагаж барилдах боломж гарав. Спортын хүрээнийхэн Бооёо гэдэг нэрээр нь андахгүй Т.Түвшинтулга дагах тойрогт Энэтхэгийн Сонга Гонганег 7:0, хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн Б.Ломтадзег 6:3-аар яллаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Дэлхийн цомын аваргад өрсөлдөхдөө түүнийг хөмөрч шидээд цэвэр дийлснийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2016 оны шилдэг барилдаанаар онцолсон юм.
Т.Түвшинтулга дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа өрсөлдөөд чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын 31 дэх тамирчин болов. 2014 онд дэлхийн шилдэг оюутан бөхөөр шалгарсан түүний анхны багш нь спортын мастер П.Чулуунбаатар бол өдгөө “Гацуурт олимп” клубт Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлагад бэлтгэл хийдэг.
Уржигдар манай дөрвөн бөх хүч сорьсноос 57 кг-д барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр эхний тойрогт Азийн наадам, Азийн АШТ-ий хүрэл медальт, Ираны Р.Амритад 6:1, 79 кг-д өрсөлдсөн дэлхийн дэд аварга П.Өнөрбат хэсгийн аваргын төлөөх барилдаанд энэ жил Европын аварга болсон, ОХУ-ын А.Гаджимагомедовт 6:0-ээр ялагдлаа. Сонины дугаар шилжих мөчид 65 кг-д Т.Тулга, 92 кг-д Л.Төртогтох нар дагах тойрогт зодоглож байв. Мөн эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор нар барилдаан эхэлсэн юм.
П.ЧУЛУУНБААТАР: ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХОД ДӨХӨЖ БАЙНА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЖААХАН ТООЛОО
Т.Түвшинтулгын анхны багш, ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагчдын хамт тамирчдаа сойж буй П.Чулуунбаатартай цахимаар холбогдон, баярынх нь сэтгэгдлээс хуваалцав.
-Барилдахынх нь өмнө шавьдаа юу захиж, зөвлөв?
-Тэмцээний өглөө “Харгүй сайхан барилдаарай. Дараа нь тэгсэн, ингэсэн бол гэж харамсахааргүй л өрсөлдөх чухал. Бодсон мэхээ зоригтой хийн, өөртөө итгэлтэй байгаарай” гэсэн. Зөвлөгөөг минь бүрэн биелүүллээ, Бооёо. Шавь нараас минь насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн анхны медальтан төрлөө, сайхан байна.
Хүссэн бөхийн ДАШТ-д амжилт гаргадаггүй. Шавь минь чөлөөт бөхөөр 13 жил хичээллэн, амжилтын төлөө хөдөлмөрлөөд дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа. Уг нь амжилтаа ахиулах боломж байсан ч хүрэл медалийг нь юу гэж чамлах вэ.
-Т.Түвшинтулгатай тухтай уулзсан уу?
-Бэлтгэл, жин хасах энэ тэр гээд тухтай уулзаж амжихгүй л явна. Медаль хүртсэнийх нь дараа уулзан, баяр хүргэсэн. Энэ мөчийг олон жил хүлээлээ. Хүрэл медалиа энгэртээ зүүх мөчид нь дасгалжуулагч болоход дөхөж байна гэж өөрийгөө жаахан тоолоо.
Биднийг үргэлж дэмждэг МЧБХ, БТСГ-ын удирдлага, ДАШТ-д Монголын багийг ахалж буй Ж.Түмэн-Аюуш, “Хүчит чулуун” компанийн захирал Б.Батзаяа, үе үеийн чөлөөт бөхийнхөндөө баярлаж буйгаа илэрхийлье.
-Хэдийгээр өдгөө Т.Түвшинтулга Ооска гавьяатын удирдлагад бэлтгэл хийдэг ч ямар ч тамирчны амжилтад анхных нь суурийг зөв тавих их чухал. Та хоёр хэрхэн багш, шавь болсон бэ?
-Түүнийг 13 настай байхад буюу 2005 оны арваннэгдүгээр сард Очирпүрэв ах надтай танилцуулж, миний шавь болгосон юм. Тухайн үед би “Алтайн барс” клубт дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Бооёо багадаа хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байж билээ, одоо ч хэвээрээ.
Зэмлэх, суран тэлээний амт үзүүлэх үе заримдаа гардаг байсан (инээв). Шавиа мундаг тамирчин болоосой, зөв хүн болж төлөвшөөсэй л гэсэндээ тэгдэг байсан л даа. Тэглээ гээд буруудаагүй ээ.
Тэрбээр “Өнөөдөр (өчигдөр) миний шавь, Азийн наадам, Азийн АШТ-ий хүрэл медальтай Э.Даваачимэг өрсөлдөнө. Бие халаалтыг нь хийлгэх цаг болчихож. Барилдахаас нь өмнө захиж, зөвлөх юм байна” хэмээгээд ярилцлагаа өндөрлөв.