-Дэлхийн бөхчүүдийн эгнээнд багтсан танд баяр хүргэе.
-Нээрэн гэж үү. Ерөөсөө итгэж чаддаггүй ээ. Ингээд дэлхийн дэвжээнээс медаль авчихлаа гэж үү?
-Тийм ээ, та чадлаа.
-Ямар сайхан юм бэ. Зүүд биш байгаа даа. Намайг нэг чимхээч.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатар “Баку-2018” ДАШТ-ээс Монголын багийн хоёр дахь медаль хүртсэнийхээ дараа өөртөө итгэж ядан ийн өгүүлжээ. ОУХМ цолтой, 25 настай тэрбээр хагас шигшээд олимпын мөнгө (2016), ДАШТ хошой мөнгө (2013, 2017), хүрэл (2014, 2015) медальт, Европын гурван удаагийн аварга, Гүржийн жүдоч Варлам Липартелианид дийлдсэн.
Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх А.Вольфыг цэвэр ялсан юм. Ингэснээр Л.Отгонбаатар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 15 дахь жүдоч боллоо. Өнгөрсөн жилээс -100 кг-д барилдах болсон тэрбээр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын амжилтыг үргэлжлүүлж явааг нь тодотгоё. Учир нь эл жинд Н.Түвшинбаяр аварга олимпоос алт, мөнгөн медаль хүртэн, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.
Аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэнгийн хүү тэрбээр бөхийн удамтай. Аймгийн заан цолтой түүний төрсөн ах нь улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар юм. Л.Шинэбаатар 2016 онд улсын начин цол хүртсэн бол Л.Үйтүмэн төрийн наадамд хоёр удаа зодоглохдоо тус бүрт нь гурав давж, нэгд нь улсын арслан Х.Мөнхбаатарт, нөгөөд нь улсын аварга Д.Сумъяабазарт өвдөг шороодсон.
Улсын гарьд Б.Гончигдамба түүний хүргэн ах бол үеэлүүд нь аймгийн цолтой Ц.Нямдорж, Ц.Баасандорж нар билээ. Багадаа хөдөө өсөж, эмнэг хангал сурган, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн Л.Отгонбаатар Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлагад 2007 оноос хичээллэн, өдгөө ч амжилтын төлөө зүтгэж явна. Тэрбээр “MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан сүмогийн “Өглөөний хөх луу” тэмцээнд оролцож байхдаа багштайгаа танилцаж, шавь нь болсон түүхтэй. Тус тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа жүдогоор бус, сүмогоор гаргасан гэдэг.
Жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хослуулан хийдэг Л.Отгонбаатар 2013 онд наадмын сорилго барилдааны нэгийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулан, олны хараанд өртсөн. Тэр жилдээ Архангай аймгийнхаа наадамд зодоглон, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Оршихоор тав давж, начин цол хүртжээ. Мөн “Чингис хаан” грин пригээс хүрэл медаль хүртэн, жүдогоор ч юм дуулгахаа харуулав. Дараа жил нь амжилтын арвин “ургац” хураасан.
Өмнөговийн наадамд аймгийн заан П.Баярхүүд өвдөг шороодон үзүүрлэхдээ аймгийн заан болж, самбогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, “Чингис хаан” гран прид түрүүлжээ. Эх орныхоо дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхдээ шигшээд БНХАУ-ын Чэн Жухог үүрэх мэхээр ялсан барилдаан нь тус тэмцээний шилдгээр шалгарсан юм. Түүгээр ч үл барам “Инчон-2014” Азийн наадамд анх удаа зодоглохдоо хүрэл медаль хүртэн, олимп, дэлхийн аваргуудын залгамж халаа болохуйц хүчтэн бойжиж буйгаа мэдрүүлэв. Үүрэх дархан мэхтэй Л.Отгонбаатар “Чингис хаан” гран прид завсаргүй гурван удаа түрүүлсэн юм.
Тэрбээр 2015 онд аймгийнхаа наадамд дахин үзүүрлэж, цолоо баталсан төдийгүй дэлхийн дэвжээнд шуугиулсан. Казахстанд зохион байгуулсан ДАШТ-д зодоглохдоо олимпын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт И.Илиадисыг өвдөг шороодуулсан нь онцлохгүй байх аргагүй ялалт. Мөн багийн төрөлд хүч сорихдоо олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Э.Гонзалес, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, БНСУ-ын бөх Гвак Дон Хан нарыг ялж, Монголын хоёр дахь “Аюултай монгол” гэгдэх болсон юм. Тэр жил ДАШТ-ээс Монголын эрэгтэй жүдочид багийн төрөлд анхны медалиа хүртэхэд түүний дээрх ялалтууд их нөлөөлсөн нь мэдээж. Тухайн үед Монголын жүдо бөхийн холбооныхон “Цагаан хэл амны нэмэр. Чимээгүйхэн харж байгаад олимп, дэлхийн медальтан болгоодохъё” хэмээн Л.Отгонбаатарыг хэвлэлд ярилцлага өгөхийг эрс “хориглож” байв.
Гурван жилийн өмнө үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тэрбээр “Рио-2016” олимпод зодоглохдоо харамсалтайгаар медалиас мултарсан. Ийн тодотгосон нь учиртай. Тэрбээр хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, Кубын алдарт бөх Э.Гонзалесыг ялахдаа шагайгаа бэртээжээ. Хөл нь хавдаж, тэсэхийн аргагүй өвдсөн ч сайтар боон, өвчин намдаах тариагаар тариулан байж дараагийнхаа учраа болох Гүржийн бөх, олимп, дэлхийн дэд аварга В.Липартелианитай (өнөө жил ДАШТ-д ялагдсан) барилдсан ч дийлдсэн.
Улмаар дагах тойрогт Азербайжаны тамирчин Маммадали Мехдиевийг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртлөв. Ингээд Л.Отгонбаатар олимпын медальтай болохын төлөө БНХАУ-ын бөх Шин Жаотой барилдлаа. Хоёр бөхийн өрсөлдөөн эн тэнцүү эхэлж, түүний шагайны бэртэл барилдаанд нь нэг их нөлөөлөхөөргүй харагдаж байсан ч мөр нь бэртэх нь тэр. Айхтар хавдсан хөлөө яая гэж байхад өрөөсөн гараараа барилдахаас өөр аргагүй болж, байдал улам дордов. Л.Отгонбааар хэдийгээр шүд зуун хүч сорьсон ч санасан барилдаанаа гаргаж чадалгүй ялагдан, V байрт шалгарсан. Хэрвээ тэгж бэртээгүй байсан бол түүнийг олимпоос медаль хүртэх байсан гэж монгол түмэн өдгөө ч харамсаж явдаг.
Тэрбээр бэртэлдээ төдийгүй өрсөлдөгчдөө бууж өгөлгүй барилдахдаа шагай, мөрнийхөө гэмтлийг улам сэдрээж, хүндрүүлчихсэн юм билээ. Л.Отгонбаатар “Рио-2016”- гийн дараа Бразилд шөрмөс залгах хагалгаанд орж, эх орондоо хагас жил гаруй эмчлүүлсэн юм. Олимпын дараа жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй, бэртлээ илааршуулж, 2017 онд ДАШТ-д өрсөлдөхдөө гавьтай амжилт гаргаж чадаагүй. Харин энэ жил дэлхийн дэвжээнд дөрөв дэх удаагаа зодоглохдоо олимпод харамсалтайгаар V байрт шалгарсан дутуугаа гүйцээн, хүрэл медалийн эзэн боллоо. Олимпын медалиас атгаад алдсан харуусал, хүнд бэртлээс эргэн ирээд дэлхийн хүчтнүүдийн эгнээнд багтсан түүгээр бахархахгүй байхын аргагүй билээ.