Улсын хэмжээнд өнгөрсөн хавар 390.4 мянган га талбайд улаан буудай тариалсан. Үүнээс 425.8 мянган тонн буудай хураан авах урьдчилсан баланс гарсан.
Өнгөрсөн зуны сүүлчээр нийт нутгаар хур тунадас их унасан нь тариаланчдын толгойны өвчин болсон. Буудайн болц удааширч, оройтож соёолсон, дээр нь намар эртийн цас нэрмээс болов. Гэх мэт шалтгаанаас “Энэ жил буудай ховор, чанар муу тул хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болох гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь” гэсэн яриа дэгдлээ.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас энэ талаар тодруулахад “Есдүгээр сарын сүүлчээр цас орж, хүйтэрсэн тул буудай чийгтэй бууж байна. Мөн тарианы хольцод ногоон буудайны эзлэх хувь багагүй нэмэгдэх хандлагатай. Үүнийг “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” зэрэг хатаалгатай элеватортой аж ахуйн нэгжүүд авч буй. Хүлээх цаг байхгүй учраас аж ахуйн нэгжүүд тариа ногоон, чийгтэй байсан ч хамаагүй бүгдийг нь хурааж байна. Хураасан ногоон буудайг үтрэм дээр хатаан, сэлгэсний дараа элеваторт оруулдаг” гэв. Нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг сурвалжлахаар улсын ургацын 60 орчим хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ аймгийг зорив.
Тус аймгийн Сайхан сумд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбар ажиллаж буй. Тариаланчдад үр, шатахуун, ургамал хамгааллын бодис зээлээр олгож, төлбөрт нь улаан буудай авдаг тус салбарт одоогоор 7000 тонн гаруй буудай буужээ. Буудай ачсан 4-5 машин гадаа нь дугаарласан байна. Сангийн мэргэжилтнүүд сорьц авч, шинжилсний дараа буудайг нь авах машин явуулдаг аж. Түүнчлэн буудайгаа тэднийд худалдах зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүд ч ирдэг бөгөөд олонх нь буудайн болц гүйцээгүй гэсэн шалтгаанаар гологдож байгаа гэнэ.
Лабораторийн эрхлэгч Б.Мөнгөншагай “Ургац хурааж эхлэхээс өмнөхөн цас орсноос буудай чийг авсан. Улсын стандартын дагуу III зэргийн буудай 15, II зэргийнх 14.5, I зэргийнх нь 14 хувийн чийгтэй байх ёстой. Гэтэл энэ жил ихэнх нь 18-20 хувийн чийгтэй байна. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалан ийм асуудал тулгамдсан тул тариаланчдаа дэмжих зорилгоор 18 хүртэлх хувийн чийгтэй буудай авах журам гаргасан. Гэвч тариаланчдын авчирсан буудайны чийг үүнээс даваад байна” гэлээ.
Мөн оройтож бороо орсонтой холбоотойгоор сүүлд ургасан, ногоон тариа их байгааг хэлсэн. Уг нь буудайн хольцны хоёроос ихгүй хувь нь ногоон тариа байвал стандартад нийцдэг аж. Гэтэл тушаахаар ирсэн буудайны хоёроос дээш хувь нь ногоон тариа байгаагаас хүлээж авах ажил удааширч буйг хэллээ. Зарим аж ахуйн нэгжийн буудайн 5-6 хувь нь ийм байгаа тул борлуулж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан энэ жил 12 тэрбум гаруй төгрөгийн өр цуглуулах ёстой. Өөрөөр хэлбэл, тариаланчдад өгсөн үр, шатахууныхаа төлбөрт энэ хэмжээний хөрөнгөөр үнэлэгдэх буудай авах ёстой юм байна. Гэтэл одоогоор дөнгөж гурав орчим тэрбум төгрөгийн буудай татан авчээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сайхан сум дахь салбарт Сэлэнгийн Баруунбүрэн, Орхон, Сант, Сайхан, Орхонтуул, Мандал, Баянгол, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сум харьяалагддаг. Сэлэнгэ аймгийн ихэнх тариаланч ногоон буудайтай, харин Дархан, Хонгор сумынхных харьцангуй чанартай байгаа аж. Булган аймгийнхан нийт ургацынхаа 80 гаруй хувийг хураасан аж. Тус сангийн Булган дахь салбарынхан 10 000 гаруй тонн буудай хүлээн авсан гэнэ.
Харин Дархан, Сэлэнгийн бүс нутаг 50 хувьдаа ч хүрээгүй байна. Сайхан сум дахь салбарынхан уг нь аравдугаар сарын дунд үед 20 мянган тонн буудай хүлээгээд авчихсан, сав дүүрэн байдаг байжээ. Харин ган болсны улмаас 2017 онд 4000, 2016 онд 8000 тонн буудай хүлээн авсан гэнэ. Энэ жилийн тухайд ургац хураалт удааширсан гол шалтгаан нь бороо оройтож, болц удааширсан гэдгийг хэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 36 аж ахуйн нэгж, таван иргэн 5000 тонн гаруй буудай тушаасан байсан. Үүнээс I зэргийнх 398 тонн, II зэргийнх 929 тонн байсан бол III зэргийн буудай хамгийн их буюу 3700 тонн гаруй буусан аж. Өчигдөр 7000 тонн болж нэмэгдсэн бөгөөд 70 орчим хувийг III зэргийн буудай эзэлж байгаа гэнэ.
Буудайн зэрэг чанараасаа хамаардаг. Чанар нь цаг агаарын онцлогоос шалтгаална. Өнгөрсөн жилүүдэд гантай, хур чийг бага байснаас буудайн цавуулаг 30 хувиас нэлээд давжээ. Харин хур ихтэй жил буудайн чанар муудаж, цавуулаг нь урсчихдаг гэнэ. Иймдээ ч энэ жилийн цавуулаг 18-30 хувьтай гэж лабораторийн эрхлэгч Б.Мөнгөншагай хэлсэн. Стандартаар 18-22.9 хувийн цавуулагтай нь IV, 23-25.9 хувийнх нь III, 26-28 хувийнх нь II зэрэгт тооцогддог. I зэргийн буудай 28-аас дээш хувийн цавуулагтай байх ёстой.
Сайхан сумын III багт тариалан эрхэлдэг, Хөдөлмөрийн баатар Ш.Мардаантай уулзахаар талбай дээр нь очив. Тэрбээр “Тариалалт хийнэ гэдэг хоёр жилийн хөдөлмөр байдаг. Энэ жил ахиухан ургац авах талбайгаа урьд жил нь уриншлах хэрэгтэй. Ингэснээр өмнөх жил орсон хур тунадасыг нөөцөлж, тухайн онд орох хур тунадастай нийлүүлэн байж таримал ургамлын чийгийн хэрэгцээг хангах хэрэгтэй. Мөн энэ жил бороо хур их орлоо, болц оройтлоо гэх хүн цөөнгүй байна. Зөв үедээ, зөв техникээр таривал ийм хүндрэл учрахгүй. Манай буудайн болц наймдугаар сарын 25 гэхэд гүйцчихсэн байсан.
Цаг уурынхан есдүгээр сарын 3-наас бороо орно гэж зарласан. Ангилан ялгаж байхад бороо орвол их хортой учраас тэнгэрийн байдлыг хэд хоног ажсанаар ургац хураах хугацаа бага зэрэг хойшилсон. Түүнээс болж оройтсон зүйл байхгүй. Одоо сүүлийнхээ талбайн ургацыг хурааж байна. Цавуулаг чанараа ч алдаагүй. Гэхдээ манайд буудайн цавуулаг шалгадаг нэг залхуу арга дэлгэрч. Хувийг нь тогтоодог багаж байх шиг байгаа юм. Тэр бол буудайн хуурай цавуулаг гэсэн үг л дээ.
Уг нь чийглэг цавуулгаар бодит чанар гарах ёстой. Биднийг сурч байхад хуурай цавуулаг нь чийгтэйгээс хоёр хувиар буурч гардаг гэдэг байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн шалгаж гаргасан 18 хувийн цавуулагтай буудай 20 хувийн чийгтэй цавуулагтай гэсэн үг. Тиймээс одоо шалгаж байгаа цавуулаг бодит чанараас илүү гарч буй” гэсэн юм.
Улсын стандартын дагуу 14 хувь байх ёстой ч 18 хувь даваад буй чийгтэй буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан тусгай төхөөрөмжөөр хатаадаг аж. Сайхан сум дахь салбарт нэг хатаах төхөөрөмж байсан бөгөөд энэ жил ОХУ-аас нэгийг авч суурилуулжээ. Уг төхөөрөмж нь нэг удаадаа 35 тонн буудай хатаах хүчин чадалтай бөгөөд ингэснээр хоёр цагийн дотор чийгшлийг нь хоёр хувиар бууруулдаг гэнэ.
18 хувийн чийгтэй буудайг хоёр удаа хатаасны дараа 14 хувийн чийгтэй болж стандартад нийцдэг аж. Ингэж хатаасан буудайн чанар алдагдахгүйг лабораторийн эрхлэгч хэлсэн. Харин ч технологийн дагуу, зөв хатаавал буудайн чанар улам сайжирдаг гэнэ. ОХУ-аас авсан шинэ төхөөрөмжийнхөө туршилт, тохируулгыг хийсэн бөгөөд ажиллахад бэлэн болжээ. Ажиллуулж эхэлбэл буудай хатаах үйл явц хоёр дахин хурдан болно гэдгийг тэд хэллээ.
Одоогоор 300 гаруй машин буудай хүлээж аваад буй тус салбарынхан зээлийнхээ төлбөрт I зэргийн буудайн нэг тонныг 600 мянган төгрөгөөр худалдан авдаг бөгөөд зэрэглэл буурах бүрт үнийг нь 20 000 төгрөгөөр хямдруулдаг. Худалдан авахдаа үүнээс арай багаар тооцдог. Энэ нь бусад хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас өндөр үнээр авч байгаа дүн гэдгийг тэд онцолсон.
Мөн улсын стандартад нийцээгүй буцаагдсан буудайг хувийн аж ахуйн нэгжүүд худалдан авч, техник технологийн хүчээр үйлдвэрлэлд нэвтрүүлдэг гэнэ. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сайхан сум дахь салбар тариаланчдаас авсан буудайг шигшиж, цэвэрлэн, хатаах дамжлагаар стандартад нийцүүлж, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлдэг аж.
Манай улс энэ сарын 15 гэхэд ургацаа хурааж дуусах ёстой. Гэтэл нийт ургацын 60 орчим хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ аймгийн тариаланчид иймэрхүү байдалтай байна. Тиймээс ХХААХҮЯ-наас гаргасан урьдчилсан баланс үлгэр болох бололтой.