Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нийт нутгаар цас орсон. Дотоодын ургацын 80 орчим хувийг “үйлдвэрлэдэг” Сэлэнгэ, Төв, Булган аймгийг “сонгож”, цас дарсан нь бөөн асуудал “тарив”. “Цас хайлсан, ямар нэгэн асуудал, хүндрэл бэрхшээл алга. Сүйдтэй хохирол учраагүй. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахуйц буудай хураана. Одоо ч хурааж байна” хэмээн ХХААХҮЯ-наас мэдэгдэв.
Гэхдээ асуудал үүгээр дуусаагүй, өнөөдрөөс нийт нутгаар эрс хүйтэрнэ, ялангуяа тариалангийн бүс нутгаар цас орж, шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулсан байна. Түүнчлэн яг долоо хоногийн дараа дахиад л цас орох төлөвтэй гэнэ. Тариаланчид ургацаа хурааж чадах нь уу гэж санаа зовох ч “Тэнгэрийн муухай арилдаг. Аравдугаар сард налайх биз ээ” хэмээн горьдлого тээж сууна. Энэ бол зөвхөн тэдний асуудал бус, ирэх өвөл, хавар бид хэдэн төгрөгөөр талх худалдаж авахыг шийдэх хэрэг билээ. Асуудлын эргэн тойронд ямар үйл явдлууд өрнөж буйг хүргэе.
2018 онд улсын хэмжээнд 343 100 га талбайд буудай тариалсан. Үүнээс 450 300 тонн үр тариа хураан авах урьдчилсан баланс гарсан нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаад, 100 000 тонн тариа үлдэх хэмжээний дүн билээ. Харамсалтай нь, хамаг хүчээ шавхан хөдөлмөрлөж, арайхийн ургуулсан тариагаа хурааж эхлэх гэтэл тэнгэр “муухай” аашиллаа. Цасны “буянаар” дээрх тоо буурах нь тодорхой болов. Харин хэд болж багасах нь одоогоор тодорхойгүй.
Уг нь урьд жилүүдийн жишгээр аравдугаар сарын 5, удлаа гэхэд 10-нд айдгаа авдартаа хийчихсэн байдаг тариаланчид энэ удаа ажлаа хэзээ дуусгахаа ч мэдэхгүй байна. Есдүгээр сар шувтарч байхад манай улс нийт ургацынхаа дөнгөж 15.1 хувийг л хураасан, ойрын хугацаанд хоёр удаа их хэмжээний цас орох төлөв гарсан зэргээс нэлээд бүрхэг байгааг дүгнэж болох нь.
Улсын буудайн хэрэгцээний 60 хүртэлх хувийг Сэлэнгийн тариаланчид бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт цас хамгийн их дарсан газраар тус аймаг тодорлоо. Сэлэнгийнхэн нийт ургацынхаа дөнгөж 14.6 хувийг хураагаад байтал цагаан нөмрөг хучсанаас болсон тариа бөхийж, шууд хураах аргагүйд хүрчээ. Тус аймагт нөхцөл байдал ямар байгааг Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цандэлэгээс тодруулахад “Одоогоор нарийвчлан тооцох боломжгүй ч хорогдол гарах нь тодорхой. Цас их орсон газруудад ургацынхаа лав 20 хувийг алдах магадлалтай.
Би Сэлэнгийн Хүдэрт ажиллаж байна. Сүүлийн хэдэн өдөр дулаарч жаахан тариа авч амжлаа. 400-500 га талбайн ургацыг л хураасан болов уу. Гэтэл өглөөнөөс (өчигдөр) тэнгэр хуйсганаад эхэллээ. Энэ удаа гайгүй өнгөрдөг юм гэхэд ирэх сарын 3-наас их хэмжээний цас орох магадлалтай гэж цаг уурчид мэдээлжээ. Манай эндхийн ургацын замыг засаагүй нь бидэнд нэлээд хүндрэл учруулж буй. Зарим газарт тээврийн машин очиход хүндрэлтэй байгаа. Яам ерөөсөө арга хэмжээ авахгүй юм. Сайд нь ч утсаа авахгүй байна” гэв.
Одоогоор хураасан ургацын хэмжээ. Гол гурван аймаг болон улсын дүн Эх сурвалж: ХХААХҮЯ
Цасанд дарагдан налсан тариаг хураах гол арга нь комбайнд иш өргөгч төхөөрөмж нэмэлтээр суурилуулах аж. Тиймээс ХХААХҮЯ-ныхан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуйн нэгж, иргэдэд шатахуун, иш өргөгч, үтрэмийн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор амласан гэнэ. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэхгүй байгааг Л.Цандэлэг хэлсэн. Харин салбарын яам үгүйсгэж, уг ажлуудыг хэрэгжүүлж байгаагаа мэдээлэхийн зэрэгцээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх салбарт үр тариа хатаах тоног төхөөрөмж шинээр оруулж ирсэн, ургацаа аль болох богино хугацаанд хаягдал багатай хураах техникийн боломж бүрдүүлсэн гэв.
Тус аймгийн Хушаатын тариаланчид цасанд дарагдсан тариагаа сэврээж, хатаагаад, дөнгөж өчигдөр өглөө л хурааж эхэлсэн байна. Тэдний төлөөлөл “Өгөөж мандал уул” компанийн захирал Ч.Пэрэнлэй “Өнөө (өчигдөр) шөнөөс энэ сарын 29 хүртэл дахиад цас орно гэнэ. Гэхдээ өнгөрсөн удаагийнхаас арай бага хэмжээтэй гэж мэдээлэх шиг боллоо. Хоёр гуравхан хоногт хатахгүй. Их цас орвол бүр дууслаа л гэсэн үг. Хайлж, хатна гэх юмгүй, шууд хөлдөнө л дөө.
Өнгөрсөн долоо хоногт орсон цас хайлаад шалбааг болсон. Тариаланчид бага ч атугай ургац авах гэж эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна. Чийгтэй ч хамаагүй жаахан юм авъя гээд янз бүрийн л арга хэрэглэж буй. 2009 онд тариагаа цасанд даруулаад, манай тариаланчдын олонх нь иш өргөгчтэй болсон юм. Тэдгээрийг ашиглаж байна. Хамаг хөрөнгөө оруулчихсан болохоор арай ахиухан ургац авахаар зүтгэхээс аргагүй” гэв. Тэрбээр мөн гурил үйлдвэрлэгч компаниуд буудай авахгүй байгаа нь тариаланчдад хүндрэл учруулсныг онцолсон. “Үйлдвэрлэгчид байдлыг ажиглан, түр азнаж, үнээ хэрхэн тогтоохоо шийдэх юм байлгүй” хэмээсэн.
Ургацын хэмжээгээр улсад хоёрдугаарт жагсдаг Төв аймгийнхны хувьд одоогоор намрын ажлынхаа дөнгөж 1.2 хувийг л амжуулжээ. Хойд талын сумуудад нь цас их унасан аж. Зарим газарт цас одоо ч хайлаагүй, дээр нь өнөөдрөөс нэмээд орчихвол хэцүүднэ гэж болгоомжилсон хүмүүс байв. Мөн энэ жил тариа нэлээд өндөр ургаснаас гадна түрүү томтойг хэлсэн. Тиймээс цас бага унасан ч амархан налж, бөхийж байгаа гэнэ. Түүнчлэн наймдугаар сард орсон их борооноор хогийн ургамал түрж ургасан нь тариагаа шууд хураахад хүндрэл учруулсныг тэмдэглэлээ.
Улсад гуравдугаарт бичигддэг Булган аймагт харин хур тунадас харьцангуй бага унасан гэнэ. “Тэшиг зэрэг хойд талын сумаар бага зэргийн цас орсон. Гэхдээ ургац алдах хэмжээнд хүртлээ хүндрээгүй. Оронгуутаа хайлсан. Хур тунадас унасан газруудын буудай бөхийсөн. Зарим хэсэг нь хатаад, хураах боломж бүрдсэн. Иш өргөгч төхөөрөмж манай тариаланчдад хангалттай
учраас одоогоор асуудал алга. Уг нь аравдугаар сарын 5 гэхэд тариагаа хураачихсан байх ёстой ч цаг агаараас болж нэлээд оройтлоо. Энэ сарын 15 хүртэл ажил үргэлжлэх байх” гэж тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярив.
Газар тариалан бүхий гол гурван аймагт нөхцөл байдал ямар байгааг ийн тодрууллаа. Тэдгээрт тус бүр хэчнээн тонн буудай хураасан талаарх мэдээллийг улсын дүнгийн хамт инфографикт үзүүлэв.
Монголчууд ямар үнэтэй, хэр чанартай гурил идэх нь байгаль, цаг уураас байнга хараат байх уу, үүнийг шийдвэрлэх арга бий юү гэдгийг зарим мэргэжилтнээс лавласан юм. “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэж хэдий болтол тэнгэрийг буруутгах вэ. Үүнийг шийдэх арга бий. Уг нь байнга ярьдаг боловч шийдэж чаддаггүй асуудал. Хөрөнгө мөнгө их хэрэгтэй учраас бид зохицуулж чадахгүй” гэх мэтийн янз бүрийн санаа гарч байв. Тэдгээрийн дундаас Гавьяат агрономич Ж.Сүрэнхорлоогийн манай улс цаг уурын өөрчлөлттэй уялдуулан газар тариалангийнхаа салбарыг шинэчлэх, өөрчлөх, ялангуяа тариалалт, ургац хураалтын технологио эргэн харах шаардлага тулгарсныг илэрхийлсэн байр суурийг онцлов.
Тэрбээр “Төв аймгийнхан өнгөрсөн сард ургацынхаа урьдчилсан балансыг гаргахад би хамт явсан юм. Болц нэлээд оройтсон нь харагдсан. Аргагүй л дээ. 5-6 дугаар сард хуурай, долдугаар сараас хур тунадас элбэг унасан шүү дээ. Тиймээс болц түргэсгэх арга хэмжээ авах шаардлагатай гэж би уг нь холбогдох хүмүүст зөвлөсөн. Гэхдээ хэрэгжүүлсэнгүй. Буудайн болц 18-22 градуст гүйцдэг. Дулаан хангалттай биш бол болц оройтно. Тиймээс манайхан утаа май тавьж, түргэн болгох арга хэмжээ авдаг шүү дээ. Хамгийн гол нь тариаланчид заавал хяруу унахаар л утаа май тавьдаг гэсэн хэвшмэл ойлголттой болчихож. Буудайн болц оройтох шинжтэй бол хяруу унаагүй байсан ч арга хэмжээ авах ёстой юм. Химийн арга ашиглахад нэлээд өндөр зардалтай учраас монголчууд утаа тавьдаг” гэж хэлсэн.
Түүнчлэн ирэх жилээс газар тариалангийн технологио цаг ууртай зохицуулах зөвлөмжийг салбарын яамныхан боловсруулах, компаниуд зөвлөх мэргэжлийн хүн ажиллуулах хэрэгцээ бийг санууллаа. Энэ жилдээ ургацын, түүгээр дамжуулан, тариаланчдын, цаашлаад нийт монголчуудын тавиланг тэнгэр “атгаж” байна.
Бэлтгэсэн: М.Оч