Хөвсгөл нуурын эрэг дагуу ялангуяа Жанхай орчимд аялал жуулчлалын зориулалтаар газар олгох явдал замбараагаа алдсаныг бид өмнө нь мэдээлсэн. БОАЖЯ-наас Жанхайд аялал жуулчлалын зориулалтаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид газар өгчээ. Ингэхдээ малчдын өвөлжөө, хаваржаатай давхацуулан газар олгосон нь томоохон зөрчил, маргаан үүсэх үндэс болсон байна. БОАЖЯ газрын зөвшөөрөл олноор “үйлдвэрлэсэн”-ий балгаар нутгийн иргэд малын бэлчээргүй болж, хохирч байгаа тул Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ уг асуудлаар Хатгал тосгонд анх удаа ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулжээ.
Нийтийн сонсголын тухай хуульд ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн болон хуулийн этгээдийн хүсэлтээр нутгийн өөрөө удирдах байгууллага, ИТХ ерөнхий хяналтын сонсгол явуулахаар тусгажээ. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар газар олгохдоо сумын Засаг дарга болон, хамгаалалтын захиргааны саналыг үндэслэдэг нь замбараагүй байдал үүсэх гол шалтгаан болсныг иргэд энэ үеэр онцолсон байна.
Тиймээс Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт иргэн, аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар газар олгохдоо Хатгал тосгоны иргэд, сумын ИТХ-ын саналд үндэслэх ёстой гэсэн дүгнэлт гаргав. Ерөнхий хяналтын сонсголоос гаргасан эл саналыг нутгийн 800 иргэний гарын үсэг бүхий өргөдөлтэй хавсарган УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж, шийдвэрлүүлэх боллоо.
Бэлтгэсэн: М.Оч